Бодлого - Ил тод байдал

Тогтвортой ажиллах эсэх нь компаниудаас л хамаарна

2019  |  October   |  023

Монголын уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудыг жагсаавал улс төрийн нөлөө, хууль эрхзүйн тогтворгүй орчин гэх мэтээр уртаас урт дараалал үүсэх нь ойлгомжтой. Уул уурхайн салбарын тулгамдсан асуудлууд нь ихэвчлэн төр, төрийн байгууллагуудад хамааралтай мэтээр ярьдаг, ойлгодог. 

Сүүлийн жилүүдэд орон нутгийн иргэд, удирдлага уул уурхайн компа­­ниудыг дэмжихгүй байх нь түгээмэл болсон. Энэ нь төрийн байгууллага гэхээсээ компаниудаас өөрсдөөс нь илүү хамаарч байгаа гэж хэлж болно. Монголын компаниуд тогтвортой үйл ажилла­гаа явуулахыг хүсдэг ч түүний төлөө хийж, хэрэгжүүлж буй санал санаачилга даанч алга. Ганц хоёр том компанийг эс тооцвол шүү дээ. 

“Тогтвортой уул уурхайн санаачилга” нь гүйцэтгэлийг бодит түвшинд сайжруулдаг

Тэгвэл бидний жишээ аваад ярих дуртай Австрали, Канад зэрэг орон уул уурхайд чиглэсэн нэгдсэн бодлого, стандарттай байдаг. Төрийн хатуу хяналтан дор үйл ажиллагаа явуулах гэхээсээ илүүтэй компаниуд өөрсдөө хариуцлагатай байж, тодорхой чиглэлээр дүрэм, стандартыг даган мөрдөж, түүнийгээ хөндлөнгийн аудитаар тогтмол үнэлүүлэх нь компанидаа илүү ашигтай, үйл ажиллагаанд нь маш чухал нэмэртэй байдаг. Энэ нь улстөрчдийг популизм хийх, үйл ажиллагаанд нь саад учруулах зэрэг эрсдэлээс тодорхой хэмжээгээр хамгаалдаг ажээ. 

Өнгөрсөн есдүгээр сарын 24, 25-нд Канадын Уул уурхайн ассоциацийн Тэргүүн дэд ерөнхий­лөгч Бен Чалмерс “Тогтвортой уул уурхай” /Towards Sustainable Mining/ санаачилгынхаа талаар Монголын уул уурхайн компаниудад дэлгэрэнгүй танил­цуулсан юм. Тус арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци болон Канадын СЕСМИМ төслийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулав.  “Тогтвортой уул уурхай” /Towards Sustainable Mining/ санаачилга нь 

2004 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдгөө Канадын уул уурхайн салбарын гол хөтөлбөр болжээ. Тус санаачилга нь  уул уурхайн компаниудад нийгэм, олон нийтийн эрдэс баялаг, металл, эрчим хүчний хэрэгцээг нийгэмд тустай, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай үйл ажиллагаа явуулах замаар хангахад тусалдаг байна. Уг санаачилга өргөжсөөр өнөөдөр олон улсын хэмжээнд хариуцлагатай уул уурхайн гол стандартын нэг болж чаджээ. 

ТSM хөтөлбөрт Канадын уул уурхайн компаниудын  70-80 орчим хувь нэгдсэн байдаг аж. Тус  санаачилгын хүрээнд найман чиглэлээр протокол гаргажээ. Үүнд, Эрчим хүчийг ашиглах, хүлэмжийн хийн менежмент, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, Усны болон хаягдлын менежмент, Олон нийт, уугуул иргэдийн оролцоог хангах, Онцгой байдлын үеийн менежмент, Биологийн олон янз байдлыг хамгаалах менежмент зэрэг чиглэлийг хамруулдаг байна. Канадын уул уурхайн ассоциацийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Бен Чалмэрс “15 жилийн өмнө TSM стандартыг эхлүүлэхэд уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт хангалттай байгаагүй. Одоо ихэнх үзүүлэлт шаардлага хангадаг болчихсон. Ер нь TSM хөтөлбөрийг Монгол болоод бусад улсын уул уурхайн салбарын хөгжлийн замын зураг болно гэж бодож байна. Уул уурхайн компаниудын гүйцэтгэл ямар байна вэ гэдгийг дүгнэдэг систем байна гэдэг өөрөө чухал” гэв. 

TSM хөтөлбөрийг өдгөө Бразил, Индонез, Аргентин, Финлянд, Ботсвана, Филиппин зэрэг долоон улс хэрэгжүүлж байна. Эдгээр улс уул уурхайн салбарын голлох олборлогчдын нэг. 

Манай улсын хувьд олон нийтийн дунд уул уурхайн салбарын нэр хүнд тааруу, компани-төр-орон нутгийн иргэд хооронд үл ойлголцол байсаар байгаа энэ үед дээрх санаачилгыг авч хэрэгжүүлэх нь маш том давуу талыг бий болгоно гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байлаа. СЕСМИМ төслийн Ахлах зөвлөх Г.Сурахбаяр “Бид аливаа зүйлийг үргэлж дутуу ойлгож хэрэгжүүлдэг байлаа. Нийгмийн хариуцлагатай компани гэдэг ойлголт гарч ирэхэд өнчин хүүхдэд хувцас өгдөг юм байна ойлгосон. Байгаль орчинд ээлтэй гэхээр мод тариад хэлсэн. Гэтэл өнөөдөр нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван концепц дээр асуудал яригдаж байна. Канадын TSM стандартыг “За” гэж хэлээд сэтгэлийн хөөрлөөр авчихаж болохгүй л дээ. Бэлтгэл ажлаа сайтар хангаад энэ системийг авч ашиглабал уул уурхайн салбар эрүүл болно” хэмээж байв. 

Хэрэв Монгол Улс сонирхоод хэрэгжүүлэхээр болбол таван жилийн бэлтгэл шаардлагатай гэнэ. Ингэхийн тулд сонирхогч талуудын зөвлөлдөх хороо гэдгийг байгуулж, гурван жил тутамд хөндлөнгийн аудит хийлгэж, олон нийтэд үйл ажиллагаагаа нээлттэй зарлах ёстой байдаг аж. Мөн 29 асуултад үнэн зөв хариулахад хангалттай гэнэ. Нэг ёсондоо нэг их дарамт шахалт болохгүйгээр компаниуд тайлангаа гаргаж, ажлаа дүгнэх боломжтой болдог байна. Хоёрдугаарт, TSM стандартыг Монгол Улсын нөхцөл байдалд нийцүүлж, баримтлах хувилбарыг нь бэлтгэн гаргаж, хэвлэн нийтэлсэн байх шаардлагатай. Гуравдугаарт, тухайн орны уул уурхайн ассоциаци нь салбарынхаа мэдээлэл датаг байнга тогтмол гаргах хэрэгтэй. Компаниуд одоо ямар нөхцөлд байна вэ гэдгээ тодорхойлж, дараа нь таван жилдээ багтаж үйл ажиллагаагаа  үнэлэх ёстой аж. Цаашлаад компанийн өөрийн үнэлгээ салбарынх нь суурь мэдээлэлтэй уялдсан  байхаар урьдчилсан бэлтгэл ажил хангагдах ёстой юм байна. Энэ оны зургаду­гаар сард Монгол Улсын уул уурхайн салбарын зарим томоохон компани “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдсэн. Харин Канадын “Тогтвортой уул уурхайн санаачилга” нь  зөвхөн дотоод төдийгүй хөндлөнгийн үнэлгээ хийж, гүйцэтгэлийг бодит түвшинд сайжруулдгаараа онцлогтой ажээ.

Уул уурхайн салбарт хариуц­лагатай, тогтвортой үйл ажиллагаа явуулна гэдэг аль ч улс орны компаниудад асуултын тэмдэг хэвээр байна. Тогтвортой ажиллана гэдэг уурхайн судалгаанаас эхлээд олборлолт, хаалт хүртэл тодорхой дүрэм журмын дагуу байхаас гадна үр өгөөжийг оролцогч талуудад хүртээмжтэй байлгахаас ихээхэн хамаардаг байна. Тиймээс ч дэлхийн томоохон компаниуд нийгэмтэйгээ хуваалцах, нийгэмдээ үр өгөөжтэй байх тал дээр ихээхэн анхаарал хандуулдаг болоод байна. Монголын компаниудад ч энэ хамаатай. Зөвхөн үр өгөөжөөр хязгаарлагдахгүй үйл ажиллагаа нь ч нээлттэй, ил тод, олон нийт хянах боломжтой байж, орон нутгийн иргэд, удирдлагатай итгэлцэл бүхий харилцаатай байх нь урт хугацаанд тогтвортой ажиллах суурь нь болдог байна. Тиймээс ч Канадын “Тогтвортой уул уурхайн санаачилга” нь Монголын компаниуд хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай хөтөлбөр ч байж болох юм. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine