Эдийн засаг - Төсөв-2020

Нүүрсэнд “хайр” зарласан Сангийн яам

2019  |  October   |  023

УИХ ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. Сангийн яамнаас өргөн барьсан төсвийн хувьд өмнөх хоёр жилтэй харьцуулахад хэтэрхий өөдрөг хэмээн эдийн засагчид дүгнэж байгаа юм. Сонгуулийн жил гэдэг талаас нь харвал байдаг л төсөв хэмээн улстөрчид мэлзэж сууна. Нэгдсэн төсвийн нийт орлого 12.9 их наяд төгрөг гэдэг урьд өмнө байгаагүй өндөр орлого юм. Сангийн яамны тайлбарлаж буйгаар эдийн засгийн өсөлт зургаан хувь, татвар, гаалийн шинэчлэл хийгдсэнээр бизнесийн идэвхжил сэргэнэ хэмээн үзэж байна.

Харин төсвийн энэ өндөр орлогыг бүрдүүлэхэд уламжлал ёсоор уул уурхайн салбар ачааны хүндийг үүрэхээр байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад уул уурхайн салбарт оногдох ачаа улам л нэмэгдсэн гэдгийг тодорхой тоон үзүүлэлтүүд илтгэнэ. Ирэх онд уул уурхайн салбар улсын төсөвт гурван их наяд 195 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлнэ хэмээн Сангийн яам төсвийн төсөлд тусгажээ. Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 6.5 хувиар өндөр дүн. Харин дөрвөн жилийн өмнөхөөс бараг 4.3 дахин их гэсэн үг. 

Ирэх онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх компанийнн төлөх орлогын албан татварын 1/3-ийг нь нүүрсний компаниуд төлнө

2016 оны төсвийн гүйцэтгэлээр уул уурхайн салбарын орлого дөнгөж 747 тэрбум төгрөг болж байсан бол хойтон жил нь хоёр дахин өсөж байв. Энэ оны гүйцэтгэлээр хоёр жилийн өмнөхөөс мөн л хоёр дахин өсөхөөр байна, уул уурхайн салбарын орлого. Урьд өмнө нь гурван их наяд төгрөг давсан орлого уул уурхайн салбараас орж байгаагүй. Энэ жилийн хувьд нүүрсний салбар төсөөлж байснаас хавьгүй сайн байгаа нь төсвийн орлого төлөвлөгөөндөө хүрэхэд гол нөлөөг үзүүлж байна. Гэхдээ эхний гурван улирлын байдлаар уул уурхайн салбарын орлого 1.9 их наяд төгрөг байгаа нь төлөвлөгөөний дөнгөж 64 хувийг бүрдүүлж байна.

Уул уурхайн салбараас орох орлогыг ашигт малтмалын төрөл бүрээр нь ангилж харвал зэс, нүүрс хоёр 2.65 их наяд төгрөг буюу нийт орлогын 83 хувийг бүрдүүлэх нь. Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад зэсийн орлого 140 тэрбум төгрөгөөр буурч байгаа нь онцлог. Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн зэсийн агуулга буурч буй нь зэсийн баяжмалын экспорт агшихад нөлөөлөхөөс гадна дэлхийн зах зээл дээрх үнэ доошлох хандлагатай байгаагаас ийн зэсийн орлогыг бууруулж тооцоолжээ. Харин алтны орлого хоёр дахин нэмэгдэх бөгөөд алтнаас авах АМНАТ гурав дахин өсөж 126 тэрбум төгрөг болно хэмээн тооцоолжээ. 

Ирэх оны төсвийн төслийг задалж харвал уул уурхайн салбарт үүсэж болзошгүй гурван эрсдэлийн үр дүнг Сангийн яам эерэгээр тооцоолсон гэж хэлж болохоор байна. Энэ бол нүүрсний экспорт, Оюутолгой төслийн бүтээн байгуулалт буюу гадаадын хөрөнгө оруулалт, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гурав юм.

Нүүрсний экспортын тухайд Сангийн яам дахин 42 сая тонн нүүрс экспортолж, 1.5 их наяд төгрөгийн татварын орлого олно хэмээн тооцоолжээ. Энэ жил 42 сая тонныг экспортлохоор тооцсон ч эхний гурван улирлын байдлаар 66 хувьтай байна. Он дуустал Хятад улс нүүрсний импортоо хумихгүй, компаниуд энэ хурдаараа экспортолно гэж тооцоход нүүрсний экспорт 38 сая тонн орчимд хүрэх болов уу. Азаар ч гэх юм уу, нүүрсний зах зээлийн үнэ жилийн өмнө таамаглаж байсанчлан буураагүй нь нүүрсний орлого тасалдахгүй байхад нөлөөлж байна. Эхний есөн сарын байдлаар нүүрсний экспортын жигнэсэн дундаж үнэ тонн нь 84.8 ам.доллар байгаа нь энэ жилийн төсөвт тусгасан үнээс 10 орчим ам.доллараар өндөр үнэ. Биет хэмжээ төлөвлөсөнд хүрэхгүй ч үнийн зөрүүгээр орлогын төлөвлөгөөг биелүүлэх боломжтой гэсэн үг. Харин ирэх онд жигнэсэн дундаж үнийг 74.7 ам.доллараар тооцсон бөгөөд нүүрснээс орох орлогыг энэ оны гүйцэтгэлээс 183 тэрбум төгрөгөөр өндөр буюу нэг их наяд 494 тэрбум төгрөг байхаар төсөвлөжээ. 

Төсвийн орлого нүүрснээс хамааралтай гэдгийг илтгэх дараагийн үзүүлэлт нь ААНОАТ юм. Төсвийн орлогын хамгийн гол эх үүсвэрийн нэг ААНОАТ-аар төсөвт төвлөрөх орлогын тооцооллыг графикаас харж болно.  Ирэх онд бараг анх удаа шахуу уул уурхайн компаниудын төлөх орлогын албан татвар уул уурхайн бус салбарын компаниудын төлөх татвараас илүү гарахаар байна. ААНОАТ-аас ирэх онд нийт нэг их наяд 850 тэрбум төгрөгийг олохоор тооцоолсон. Үүний нэг их наяд буюу 54 хувь нь уул уурхайн компаниудын төлөх татвар. Тэр дотроо 670 тэрбум төгрөг нь нүүрсний компаниудын төлөх татвар байна. Өөрөөр хэлбэл ирэх онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниудын төлөх орлогын албан татварын 1/3-ийг нь нүүрсний компаниуд дангаараа төлнө гэсэн үг. Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 300 тэрбум төгрөг буюу бараг хоёр дахин өндөр ААНОАТ-ыг нүүрсний компаниудаас авна хэмээн Сангийн яам төсөвлөсөн байна. 

Сангийн яам боломжгүйг нь мэдсээр байж 42 сая тонн нүүрс экспортолно гэж дахин дахин төсөвлөж байгааг таахад бэрх. Өөрсдийнх нь тайлбараар бол “гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлж дуусгаснаар боомтын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэн ирэх онд 42 сая тонн нүүрс экспортолж, 1.5 их наяд төгрөгийн орлого нүүрснээс төсөвт төвлөрүүлэхээр тооцлоо” гэсэн байгаа. Гэхдээ үүний цаана төсвийн зайлшгүй биелүүлэх шаардлагад нийцүүлэхийн тулд нүүрсний экспортыг 42 сая тонн гэж тавьдаг ч байж магадгүй юм. Хэрэв 42 сая тоннд хүрэхгүй бол тэр хэрээр орлого буурч, төсвийн алдагдал нэмэгдэх болно. Ирэх оны төсвийн алдагдал 2 их наяд 74 тэрбум төгрөг байхаар байгаа нь “Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 2020 онд тухайн жилийн ДНБ-ий 5.1 хувиас илүүгүй байх” гэсэн шаардлагыг яг мөргөсөн. Хэрэв нүүрсний орлого тодорхой хэмжээгээр буурахад л уг шаардлагыг хангахгүй болж таарна. 38 сая тонн нүүрс экспортолж, үнэ буурахгүй байлаа гэж тооцоход 300 орчим сая ам.доллар буюу 800 тэрбум төгрөгөөр төсвийн орлого тасалдах юм. Ингэвэл төсвийн алдагдал 2.9 их наяд төгрөг болж, ДНБ-ий 5.1 хувиас давчихна. Тиймээс ч нүүрсний орлогыг байж болох хамгийн дээд цэгт нь тавьсан гэдэг нь ойлгомжтой. 

Хоёр дахь том эрсдэл бол Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад түшиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт юм. 2018 оны гүйцэтгэлээр Монгол Улсад орж ирсэн ГШХО 2.17 тэрбум ам.доллар болсноос 1.3 тэрбум нь буюу 60 хувь нь Оюутолгойн хөрөнгө оруулалт байна. Үүнээс гүний уурхайн бүтээн байгуулалтад 1.21 тэрбум ам.доллар нь хамаарч байна. Харин энэ онд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт 1.1 тэрбум орчим ам.доллар байхаар байна. 

Сангийн яам Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт, ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилт хоёрт найдаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт тогтвортой байна хэмээн үзэж байгаа бололтой. Угтаа бол Оюутолгой төслийн ирээдүй хэрхэх нь одоо ч тодорхой­гүй хэвээр байгаагаас гадна ОУВС-ийн хөтөлбөр ч зогсонги байдалд байгаа нь нууц биш. Дээрх хоёроос өөр байдлаар ГШХО-ыг татах, дэмжих чиглэлийн ямар ч бодлого хэрэгжүүлэхгүй байгаа нь бас үнэн. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, хувийг өмчийг төрд хураан авч байгаа үйлдэл, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоо таг зогсоосон, Оюутолгой төслийн гэрээнүүдийг шалгаж, цуцлах талаар ярьж байгаа зэрэг шийдвэрүүд Монголыг зорих хөрөнгө оруулагчдын өмнө улаан гэрэл асаасан гэдгийг Сангийн яам, Засгийн газар мэдрэх­гүй, мэдэхгүй байгаа бололтой.  Тийм ч болохоор ГШХО нэмэгдэж байна, цаашид ч нэмэгдэнэ, эдийн засаг өсөж, бизнес идэвхжинэ хэмээн төсвөө тооцоолж байгаа болов уу. Ирэх оны төсөв хэтэр­хий өөдрөг төсөв байна хэмээн эдийн засагчид шүүмжилж байгаа­гийн үндсэн шалтгаан ч энэ юм. 

Ирэх оны төсөвт тусгагдсан гурав дахь онцлог бол ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг бууруулж тооцжээ. Тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 36 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэсэн нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн бага дүн юм. 2020 онд Засгийн газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх болов уу гэдэг асуултад урьдчилсан байдлаар Сангийн яам хариулж байгаа нь энэ. 

2020 оны эдийн засгийн нөхцөл байдал, улсын төсвийн гол найдвар нь уул уурхайн салбар гэдгийг дээрх тоонууд батална. Энэ онд нүүрс, зэс, алт гээд гол түүхий эдийн зах зээл, ханш харьцангуй тогтвортой, манай улсад ашигтай байлаа гэхэд болно. Энэ байдал ирэх онд үргэлжлэх эсэх нь харин эргэлзээтэй юм. Тэр хэрээр төсөв, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөх эрсдэл өндөр байна. 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/01

Зохиомол хямрал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine