Бодлого

Роялти тойрсон маргаанд Сангийн яам, УИХ буруутай

2019  |  October   |  023

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосноор Монгол Улс уул уурхайн салбарын голлох орлого ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө авч чадахгүйд хүрэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнийг “Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ. Та нарын өнөөдрийн шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны татвар үгүй болж төсвийн орлого жилд 1.3 их наяд төгрөгөөр буурахад хүрч байна. Товчхондоо Ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Таван толгой, Цайрт минерал зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болж байна. Ашигт малтмал уурхайн эздийн ӨМЧ боллоо, ард түмнийх биш, энэ бол тоглоом биш шүү.” хэмээн жиргэснээр бүтэн зургаан сарын турш олны анзаараагүй явсан хуулийн заалт анхаарлын төвд орсон юм. Ч.Хүрэлбаатар сайд болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хийсэн мэдэгдлүүд нь уг асуудлыг нухацтай авч үзэж, шийдвэрлэхээсээ илүүтэй илт улс төржилт болгон хувиргаж байна. 

Угтаа бол энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хуулийн цоорхой олноор бий болж, салбарын хууль эрх зүйн орчинг байнга өөрчилж байгаагийн сөрөг үр дагавар бодитоор илэрч байгаагийн тод жишээ юм. Уул уурхайн салбарын мэргэжилтэн, судлаачид ч УИХ, Засгийн газар хуулийн өөрчлөлтөд хайнга хандаж байгааг шүүмжилж байна. Эхнээсээ хуулийн өөрчлөлтийг хийхдээ салбарын оролцогч бүрийн саналыг сонсож тусгаагүйгээс эхлээд Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргаад байхад Засгийн газар, УИХ хуулиа засаж, залруулаагүй нь ийм үр дагаварт хүргэж байна. 

АМНАТ-тэй холбоотой хуулийн өөрчлөлт хэзээнээс эхэлсэн, Үндсэн хуулийн цэц ямар үндэслэлээр цуцалсан талаар тодорхой мэдээллийг хүргэж байна. 

2019 оны гуравдугаар сарын 26.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой маргаан нь өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд УИХ-ын баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас эхлэлтэй юм. Учир нь уг хуулийн өөрчлөлтөөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэн төлөх талаар бодлогын том өөрчлөлт орсон. Урьд нь зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч уурхайн эдэлбэр газраас борлуулахаар ачуулсан бүтээгдэхүүндээ АМНАТ төлдөг байсныг өөрчилж “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” хэмээснээр ашигт малтмалтай холбоотой бизнес эрхэлж буй бүгд АМНАТ төлөхөөр болсон хэрэг. 

Сангийн яам уг хуулийн өөрчлөлтийг төр байгалийн баялгаас татвараа бүрэн авч байгаа зохицуулалт хэмээн тайлбарлаж буй. 

АМНАТ-ийг төсөвт бүрэн төвлөрүүлэх, татварын суурийг өргөжүүлэх зорилгоор...

Энэхүү хуулийн өөрчлөлтийг 2018 оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-д өргөн барьсан байна. Үндсэн зорилго нь алтны АМНАТ-ийг 2.5 хувь болгосон заалтыг хэвээр үргэлжлүүлэх байв. Хуулийн төслийн үзэл баримтлалд тусгаснаар “Тусгай зөвшөөрөл эзэмшигчид, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхгүй, холбогдох байгууллагуудад тайлан, мэдээ өгөхгүй байх нөхцөл бүрдүүлж байна”, “Иймд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хувь хүн, бичил уурхай, баяжуулах үйлдвэр, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг АМНАТ төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монголбанкинд тушааж буй алтны хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, улмаар АМНАТ-ийг төсөвт бүрэн төвлөрүүлэх, татварын суурийг өргөжүүлэх зорилгоор...” хэмээн тайлбарласан байна. Засгийн газрын авсан жишээ нь жоншны салбар. 2012-2016 онд нийт 381 сая ам.долларын 1.6 сая тонн жонш экспортолсноос 11.1 тэрбум төгрөгийн АМНАТ улс, орон нутгийн төсөвт төвлөрчээ. Угтаа бол 34.6 тэрбум төгрөгийн төлбөр байхаар байсан нь хуулийн цоорхойгоос болж бүрэн төлөгдөөгүй хэмээн үзсэн байна.

2019 оны зургадугаар сарын 28.

Иргэн С.Баярмаа Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж, Ашигт малтмалын тухай хуульд орсон дээрх өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн байна. Түүний Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлд “Байгалийн баялгийг олборлосон аж ахуйн нэгжээс АМНАТ аваад, түүнийг нь боловсруулсан, ашигласан аж ахуй нэгжээс мөн ашигт малтмал ашигласны төлбөр авч худалдахаар ачуулсан этгээд дахин нэмж ашигт малтмал ашигласны төлбөр төлөхөөр болж байгаа нь нэг бүтээгдэхүүнээс гурван хэлбэрээр төлбөр авч мөн НӨАТ гээд нийт дөрвөн төрлийн татварыг авч байна. Үүнээс үзэхэд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан аж ахуйн нэгжүүд нь нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөд зогсохгүй ашигласан, худалдахаар ачуулсан гэсэн гурван төрлийн төлбөрийг төлөх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь хэт шударга бус байна” хэмээн дурджээ. 

Үндсэн хуулийн цэц зургадугаар сарын 28-нд дунд суудлын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, иргэн С.Баярмаагийн мэдээлэл бодитой хэмээн дүгнэжээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд “Монгол Улсын Их Хурлаас баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын 1.2-д “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын зорилго нь ... ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чанарыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд оршино.” гэж... , Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт “Олборлосон, баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр нийлүүлнэ.” гэсэн байна. 

Түүнчлэн, дээрх шийдвэрүүдээс гадна Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч болон холбогдох эрх бүхий этгээдээс баталсан 30 орчим шийдвэрт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэр-лэх дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаарх зохицуулалтыг тусгасан байдаг” хэмээн тодотгожээ. 

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн тодорхой заалтууд нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн үзжээ. 

Тиймээс 03 дугаартай дүгнэлт гаргаж Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн тодорхой заалтуудыг 2019 оны арваннэгдүгээр сарын нэгнээс түр түдгэлзүүлж, 15 хоногийн дотор хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсан байна. 

2019 оны долдугаар сарын 16.

УИХ долдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй хэмээн 70 дугаар тогтоолыг баталсан байдаг. 

2016 оны аравдугаар сарын 30. 

Хуулийн дагуу УИХ Үндсэн хуулийн цэцийн 03 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй учир Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар дахин хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргасан. 10 дугаар сарын 30-нд болсон уг хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн тодорхой заалтуудыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ.  

Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэх ойлголт 1994 оны хуульд анх тусгагдсан байдаг. АМНАТ нь “Байгалийн баялаг ард түмний өмч байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлдэг гол “хэрэгсэл” гэж эрх зүйчид болон салбарынхан үздэг юм. Анх хуульчлагдсанаасаа хойш АМНАТ-ийг тусгай зөвшөөрөлтэйгөөр олборлож буй хуулийн этгээдийн борлуулалтын орлогод ногдуулж ирсэн. Харин орлогыг зөвхөн улсын төсөвт эсвэл улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх эсэх асуудлаар хэдэн удаа өөрчлөлт хийгдэж байжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард АМТХуульд орсон өөрчлөлтөөр АМНАТ-ийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж уурхайн эдэлбэрээс олборлож борлуулсан бүтээгдэхүүнээс авдаг байсныг болиулсан нь ийнхүү маргааны үндсийг тавиад байна. Гэхдээ энэхүү маргаан уул уурхайн компаниуд АМНАТ төлөх, төлөхгүй тухай биш гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм. Ч.Хүрэлбаатар сайдын хэлсэнчлэн компаниуд АМНАТ төлөхөө больж, байгалийн баялаг ард түмний мэдлээс гарсан хэрэг бүр ч биш. АМНАТ хүчингүй болсон ч Гашуунсухайт боомтоор нүүрс, зэсийн экспорт гардгаараа гарч, компаниуд АМНАТ-өө төлнө хэмээн мэдэгдэж байна. 

Харин АМНАТ-ийг зөвхөн байгалиас олборлож гаргасан бүтээгдэхүүнээс авдаг хэвээр байх уу, эсвэл олборлосон бүтээгдэ­хүүнийг худалдан авч экспортолж байгаа худалдааны компаниудаас авдаг болох уу, бүр олборлосон түүхий эдийг баяжуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлд­вэрлэж байгаа үйлдвэрлэгчээс авдаг болох уу гэдэг нь төрийн буюу УИХ-ын бодлогын шийдвэр юм. Тус шийдвэр нь уул уурхайн салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж харин болохгүй. Уул уурхайн салбарынхан ч ийм л байр суурьтай байна. 

Засгийн газар АМНАТ-ийг сэргээх хуулийн төсөл боловсруулсан ч Сангийн яам болон УУХҮЯ бодлогын хувьд санал нийлэхгүй байгаа аж. Нөхцөл байдлаас харахад УИХ, Засгийн газар ойрын хугацаанд уул уурхайн салбарын татварын бодлогыг нэг мөр олон салаа утгагүй, тогтвортой байлгах өөрчлөлтийг хийх шаардлагатай болж байна. Ашиглалтын лицензтэй компани нь баяжуулах боловс­руулах үйлдвэр барих ёстой юу, худалдааны, тээврийн компаниуд ямар татвар төлбөл зохих гээд сүүлийн жилүүдэд бий болсон үзэгдлүүдийг зохицуулж тодорхой болгох шаардлагатай байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine