Түүхий эд

Нүүрсний экспортыг зогсоох саналыг Засгийн газарт танилцуулна

Коронавирусийн аюултай холбоотойгоор өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Гашуунсухайт бомттой хиллэдэг, манай улсаас 120 км зайтай орших БНХАУ-ын Халиут гацаанд Коронавирусийн халдварын хоёр тохиолдол гарсан нь өнгөрсөн бямба гарагийн орой лабораторийн шинжилгээгээр батлагдсаныг өнөөдөр ЭМЯ-наас мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор хилийн боомтуудыг хаах саналыг Өмнөговь аймгийн удирдлагууд гаргасан.

Тиймээс Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын хоёрныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг хаах саналыг холбогдох байгууллагад тавихаар боллоо. Шивээхүрэн боомтоор экспорт хийдэг Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “Өсөх зоос”, “Саусгоби Сэндс”, “МАК” компани өнгөрсөн нэгдүгээр сарын 30-наас экспортоо бүрэн зогсоогоод байгааг бид мэдээлсэн. Түүнчлэн Гашуунсухайт боомтоор нүүрсээ экспортолдог “Энержи Ресурс” компани экспортоо зогсоож байгаагаа мэдээлээд байгаа юм. Харин Гашуунсухайт боомтоор экспорт хийдэг "Оюутолгой" компанийн зэсийн баяжмалын экспортыг зогсоохгүй байхаар болжээ. Хилийн боомт хаах шийдвэрийг Засгийн газар эцэслэн гаргах юм. 

Түүнчлэн Улсын онцгой комисс Цагаан сарыг энэ жил цуцлах талаар холбогдох байгууллагад санал гаргахаар боллоо. Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Цагаан сарын хөдөлгөөнийг хорьж чадаагүйтэй холбоотойгоор Хятадад коронавирусийн дэгдэлт нэмэгдсэн. Бид энэ сургамжаас суралцах ёстой. Тиймээс Цагаан сарыг энэ жил цуцлах талаар холбогдох байгууллагад санал гаргаж байна. Энэ саналыг ҮАБЗ-д танилцуулна. Эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах болов уу” гэв.

 

 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/01

Зохиомол хямрал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine