Зах зээл

Корона вирусын тархалт таваарын зах зээлд муугаар нөлөөлж байна

Хятадын Цагаан сарын амралт дууссанаар зэсийн үнэ бага зэрэг сэргээд байна. Гэвч өнгөрсөн хоёр долоо хоногт зэс маш гүнзгий уналт үзүүлсэн нь нийлүүлэгчдийн сэтгэлийг ихээхэн түгшээж байна. 

Зэсийн ханш хоёр долоо хоногт 731 ам.доллараар унав 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр олон улсын геополитикийн асуудлууд нааштайгаар эргэж, нийлүүлэлт талаас олон давагдашгүй хүчин зүйлтэй тулгарснаар зэсийн ханш өсөж, тренд үргэлжилнэ гэсэн хүлээлттэй байсан. Гэвч Хятадын Цагаан сарын амралт, Корона вирусын тархалт давхацсан энэ хугацаанд 11.6 хувийн уналт харууллаа. Нэгдүгээр сарын 17-ны өдрийн арилжаагаар Лондонгийн Металлын Бирж дээр тонн зэсийн үнэ 6300 ам.доллар байсан бол нэгдүгээр сарын 31-ний өдөр 5569 ам.доллар болж 731 ам.доллараар суларсан байна. 

АНУ-БНХАУ-ын худалдааны хэлэлцээрийн нэгдүгээр шат амжилттай болсон, хамгийн том нийлүүлэгч Чилид үймээн намжаагүй, Австралид байгалийн гамшиг тохиолдсон гээд эрэлт өсөж, нийлүүлэлт тасалдсан энэ үед үнэ өсөхгүй байгааг Корона вирусын нөлөө гэж харж байгаагаа эдийн засагч Ч.Отгочулуу илэрхийлсэн юм. Түүний харж буйгаар Хятадын аж үйлдвэрийн бүсүүдэд Корона вирусын тархалтаас сэргийлэх арга хэмжээ авч буйтай болон Цагаан сарын амралтыг уртасгасан зэрэг нь үйлдвэрүүдийн гарцыг буурахад нөлөөлж буй аж. 

Зөвхөн зэс ч бус бусад металл болон түүхий эдийн арилжаанд үнийн уналт ажиглагдсан юм. Тухайлбал,  хөнгөн цагаан, цайр, никелийн ханш мөн 10-12 хувиар унасан байна. Түүнчлэн Брент газрын тосны фьючерс ханш сүүлийн нэг сард 20 хувь гаруйгаар буурч, хоёр жилийн хамгийн доод түвшинд хүрээд байна. 

Харин энэ долоо хоногийн арилжаа эхэлснээс хойш зэсийн ханш Лондонгийн Металлын Бирж дээр 1.4 хувийн өсөлт үзүүлж, өчигдрийн арилжаагаар 5650 ам.долларт хүрээд байна. 

 

Лондонгийн Металлын Бирж дээрх зэсийн ханш

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine