Бодлого

Оюу толгойн ТУЗ-ийн сонгон шалгаруулалтыг 14 хоногийн дараа зарлана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д  Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөх талаар хэлэлцлээ. Ерөнхий сайдын 2019 оны арванхоёдугаар сарын 18-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөн, нээлттэй сонгон шалгаруулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Тодрруулбал, Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх эрх ашиг, эрхэм зорилгод тулгуурласан шийдвэр гаргах туршлага, мэдлэг, ойлголттой байх үндсэн шаардлага, нийтлэг болон тусгай шаардлага хангасан, санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, чадвартай хүнийг “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д оруулна гэдэг дээр санал нэгдсэн байна. 2010 оны тавдугаар сараас хойш “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талаас долоон удаа, нийт 13 хүнийг томилж, чөлөөлжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 

-“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д  Монголын талыг төлөөлөх гишүүдэд нэлээн өндөр шаардлага тавьж байгаа юм байна. Тэгэхээр өмнөх гишүүд нь энэ шаардлагын гадна үлдэнэ гэсэн үг үү? 

-Оюутолгойн үр өгөөжийн нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах УИХ-ын тогтоол гарсан. Үүн дээр нэлээдгүй олон ажил төлөвлөгдөөд явж байна. Бидний дүгнэснээр өнгөрсөн хугацаанд  Оюутолгойн дахь манай ТУЗ бусад компанийн ТУЗ-тэй харьцуулахад мэргэжлийн ур чадвар хангалттай биш байна гэж дүгнэхээс өөр аргагүй байна. Хэн нэгэн хүний эрх ашиг бус улс орны эрх ашиг учраас хаацайлж болохгүй. Тиймээс шалгуурыг нь адилхан болгож байна.

Мэдээж гүний уурхайд ажиллаж байсан мэргэжил, туршлагатайгаас гадна том төсөл удирдаж байсан хүн байвал сайн. Хоёрдугаарт, олон улсын банк санхүүгийн мэргэжилтэй  байх хэрэгтэй. Мөн олон улсын мэргэжлийн эрх зүйч байх шаардлагатай. Ингэж байж ТУЗ-ийн гишүүн маань Монголын талын үүргийг бидний хүсч байгаа төвшинд гүйцэтгэнэ гэж үзсэн. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, сайдуудын саналыг авч баталлаа. Шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон шалгаруулалт зарлана. ТУЗ-ийн гишүүнийг тодорхой үүрэг өгөөд нэг жилийн хугацаатай томилж, ажлыг нь жил бүр дүгнэж явахаар шийдвэрлэсэн. Цаашдаа ажлын хэсэг гарсан. Үүн дээр олон зүйл яригдаж байгаа. 

-Одоо ажиллаж байгаа гурван гишүүнийг солино гэсэн үг үү?

-Дээрх шалгуурт нийцсэн гишүүд Оюутолгойн ТУЗ-д Засгийн газрыг төлөөлнө гэсэн үг. Нэг ёсондоо шалгалт авна гэсэн үг.  Жишээлбэл, англи хэлтэй гэж анкетандаа бичсэн байдаг. Тэгвэл англиар чөлөөтэй харилцах, TOEFL-ийн хэмжээний англи хэлтэй байх шаардлагатай. Одоогийн ТУЗ-ийн гишүүнээс шалгалт авна. Дэлхийн том корпорацийн дүрмээр ажиллах ёстой. Монголын талаас авах ногдол ашгийг хэрхэн авах вэ гэдэг дээр арга зам илэрхийлж байгаа. Үүн дээр хэлцэл хийхээс гарцгүй болж байна. Ингэхийн тулд санхүүгийн удирдлагын менежментийн зардал, татвар дээр өсөлт хийгдсэн үү, үгүй юу гэдэг дээр нарийн асуудлууд орно. 

-Оюутолгойн ТУЗ-ийн сонгон шалгаруулалтыг хэзээ зарлахаар төлөвлөж байгаа вэ? 

-Ажлын хэсэг Засгийн газарт саналаа танилцуулсныг хуралдаанаар дэмжсэн. Сайдуудын өгсөн саналуудыг нэгтгэж, нягтлахад тодорхой хугацаа орно. Дээрээс нь нягтлах техникийн ажлууд байгаа. Миний бодлоор 14 хоногийн хугацаа орох болов уу. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, хаалттай зарлах уу гэдэг зарчмын шийдвэрийг гаргах хэрэгтэй болж байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/01

Зохиомол хямрал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine