Компани

Сонгуулиас өмнө "Эрдэнэс Тавантолгой Майнинг" компанийн IPO-г хийнэ

"Эрдэнэс Тавантолгой Майнинг" компанийн хувьцааны 30 хувийг олон улсын зах зээлд гаргах УИХ, Засгийн газрын шийдвэрүүд гараад байгаа. IPO гаргах явц ямар байгаа талаар өнөөдөр болсон Ил тод, хариуцлагатай уул уурхай хэвлэлийн хурлын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.  Тэрбээр Тавантолгойн бүлэг ордын Зүүн Цанхийн ордын 30 хувийг түшиглэн олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох ажил амжилттай үргэлжилж байгааг онцлов. “IPO босгох ажлыг хариуцаж ажиллах олон улсын банк санхүүгийн байгууллагууд тодорсон бөгөөд бүх асуудал олон улсын хууль дүрмийн дагуу үргэлжилж байгаа. Энэ оны хоёрдугаар сард багтаан проспектусаа дуусгаж, хөрөнгийн биржүүдэд өгөхөөр ажиллаж байна. Биржийн шалгалт 2-3 сар болдог. Тиймээс ирэх сонгуулиас өмнө “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн IPO-г гаргах боломжтой” хэмээн мэдээллээ. 

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани цаашид БНХАУ-тай жилд 30 сая тонн нүүрс борлуулах тохиролцоо хийсэн аж. Удахгүй Хятадын талтай гэрээ хэлэлцээрээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү гэрээ нь IPO босгоход чухал нөлөө үзүүлнэ хэмээн УУХҮЯ үзэж байна. 

Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг хуваарилах эсэхийг судалж байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд нэг их наяд төгрөгийн ашигтай ажилласан учраас ногдол ашиг олгож болох эсэх тооцооллыг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Маргааш тус компанийн ТУЗ хуралдаж уг асуудлыг хэлэлцэнэ. Ирэх сарын 15-ны дотор тодорхой шийдвэр гаргана” хэмээн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар онцоллоо. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine