Үйл явдал - Төсөв

Уул уурхайн салбарын орлого 378 тэрбум төгрөгөөр дутав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр бол салбарын 2019 оны жилийн эцсийн статистик мэдээллийг олон нийтэд танилцууллаа.

Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 590.7 тэрбум төгрөг буюу 25.4 хувиар өссөн байна.Үүний 79 хувийг буюу 2.3 их наяд төгрөгийг нүүрс, зэсийн татвар салбарын хураамжаар төвлөрүүлжээ. Нүүрсний салбарын Улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 300 тэрбум төгрөгөөр өсөж 1.2 их наяд, зэсийнх 218 тэрбум төгрөгөөр өсөж 1.1 их наяд төгрөгт тус тус хүрсэн байна. Мөн газрын тосны салбараас 232.3 тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт төвлөрсөн нь өмнөх онтой харьцуулахад хоёр хувиар өссөн дүн бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрт 36.9 тэрбум төгрөг хуримтлагдсан аж. 

Зэсийн үнэ төсөвт тусгагдсан 6272 ам.доллараас бага байлаа 

Уул уурхайн салбарын 2019 оны орлого 2018 оны гүйцэтгэлээс өсөлттэй байгаа ч 2019 оны Улсын төсөвт төсөвлөснөөс бага байна. Сангийн яам 2019 оны төсвийг төлөвлөхдөө уул уурхайн салбараас нийт 3 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлнэ, нэгдсэн төсвийн орлогын 27.1 хувийг бүрдүүлнэ хэмээн үзсэн. Харин төсвийн гүйцэтгэл 2 их наяд 621.6 тэрбум төгрөг буюу 87.4 хувьтай гарсан байна. Нэгдсэн төсвийн орлогын 22 хувийг бүрдүүлж байна.

Хамгийн их орлогыг нүүрснээс төвлөрүүлэхээр тооцоолсон. Нийт 42 сая тонн нүүрс экспортолж, нэг их наяд 311 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлнэ, боломжтой хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байсан. Харин гүйцэтгэлээр 36.6 сая тонн нүүрс экспортолж нэг их наяд 211 тэрбум төгрөг болж, нүүрсний экспортын хэмжээ, татварын орлого аль аль нь төлөвлөсөндөө хүрсэнгүй.

Зэсийн экспортын тухайд төлөвлөсний дагуу 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолсон ч татварын орлого 204 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн байна. Энэ нь зэсийн үнэ төсөвт тусгагдсан 6272 ам.доллараас бага байсантай холбоотой юм.

Харин алтны салбарын татварын орлого 41 хувиар өссөн нь АМНАТ-ийг 2.5 хувиас 5 хувь болгож нэмсэнтэй холбоотой юм. Хэдий Монголбанкинд тушаасан алтны хэмжээ өмнөх оныхоосоо 30 хувиар буурч, 15.2 тонн болсон ч экспортолсон алтны хэмжээ 5.7 тонноос нэмэгдэж 9.1 тонн болжээ.

Газрын тосны салбарын орлогоор 335.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон ч 232.3 тэрбум төгрөг төвлөрч, 100 тэрбум төгрөгөөр тасалджээ. 2019 онд 6.5 сая баррель газрын тос экспортолсон бөгөөд төсөвт тусгаснаас 1.6 сая баррелиар буюу 20 хувиар бага байна.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine