Зах зээл

Цахилгаан автомашин Хятадын таваарын эрэлтийг дэмжинэ

Шинэ эриний авто машин зэсийн ханшийг чөлөөт уналтаас аварна. Зэсийн зах зээлийн дэлхийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-д цахилгаан авто машины үйлдвэрлэл төвлөрч, шар металлын хэрэгцээ нэмэгдсэнээр тус улсын авто салбарын зэсийн эрэлт 180 мянган тонноор нэмэгдэж, нэг сая тонныг давах төлөвтэйг Citi групп судалгаандаа дурдсан байна. Хэдийгээр урд хөршийн макро эдийн засаг удааширч, дотоод шаталтын хөдөлгүүртэй авто машины борлуулалт саарснаар зарим түүхий эдийн эрэлт буурч байгаа ч шинэ үеийн төмөр хүлэг зэсийн зах зээлийг дэмжих шинэ хэрэглэгч болохоор байна. Сүүлийн 20 жилийн турш тасралтгүй өссөн урд хөршийн автомашины зах зээлийн өсөлт өнгөрсөн оноос буурч буй ч цахилгаан автомашины үзүүлэлт өссөн хэвээр байгаа юм.

Жилийн өмнө 125 хувиар дээшилж байсан дэлхийн цахилгаан автомашины хамгийн том зах зээлийн борлуулалт энэ оноос саарч буй ч тогтвортой өсөлтөө хадгалсаар буй. Өмнөд хөршийн Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогоосоо ухарч, автомашин үйлдвэрлэгчдийг зах зээлийн цэвэр өрсөлдөөн рүү түлхсэн нь ийн борлуулалтад нөлөөлөв.

БНХАУ-ын Засгийн газар сүүлийн 10 гаруй жил цахилгаан автомашины зах зээлийг татаасаар тэжээж, тусгайлан бойжуулсан. Авто үйлдвэрлэлийн шинэ эрин гэгдэж буй энэ зах зээлийг тэргүүлж, хэрэглээ нь үржихийн хүрдээр өсөж буй, ирээдүйтэй энэ салбарыг түшиглэн дэлхийн хэмжээний тоглогчдыг төрүүлэхийн тулд БНХАУ-ын төр цөөнгүй жил дотоодын хэрэглээг дэмжиж, үйлдвэрлэгчдээ санхүүжилтээр угжсан билээ. Нөгөө талаас, цахилгаан автомашины хэрэглээг дэмжих нь тус улсын томоохон хотуудын “толгойны өвчин” болох агаарын бохирдлыг багасгаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах Хятад улсын манлайлалтай нийцсэн учир өмнөд хөрш нэг сумаар хоёр туулай буудахаар зорьсон нь энэ.

2017 он хүртэлх сүүлийн найман жилд бүс нутгийн болон тус улсын Засгийн газар нийт 60 орчим тэрбум юанийн дэмжлэг, урамшууллыг цахилгаан автомашины салбарт олгожээ. Тухайлбал, нэг цахилгаан автомашинд 70 мянган юань буюу 10.1 мянган ам.долларын татаас олгосон нь үйлдвэрлэгчдэд үнээ бууруулж, борлуулалт өсгөх боломж олгожээ.

Төрийн бодлого нь зах зээлд хүч сорих дотоодын тоглогчдыг дуудсанаар урд хөршийн зах зээлд цахилгаан автомашины 500 гаруй компани бий болоод байна. Ялангуяа, энэ салбарт гарааны компаниуд олноор мэндэлж, урд хөршийн дотоодын өрсөлдөөнийг улам ширүүсгэсэн.

Гэвч төрийн дэмжлэг зах зээлийг өдөөсөн ч дотоодын үйлдвэрлэгчдийн үнээ өсгөх боломжийг хязгаарлаж, инновац, чанараас илүү хямд үнэ рүү хошуурах хандлага ажиглагдсан байна. Хэдийгээр өмнөд хөршийн цахилгаан автомашин үйлдвэрлэгчид дотоодод борлуулалтаараа цахиур хагалж буй ч экспортын зах зээлд тэргүүлэгчдийн эгнээнд бичигдээгүй хэвээр. Жилд 1.2 сая ширхэг цахилгаан автомашин худалдан авдаг энэ улс өнгөрсөн онд АНУ-д 10 мянган ширхэгийг борлуулжээ. Барууны зах зээлд төдийлөн танигдаагүй урд хөршийн брэндүүдэд АНУ, Европын орнуудын чанар, аюулгүй байдлын босго өндрөөс гадна худалдааны саад тотгор ч тулгарч байгаа гэж шинжээчид тайлбарлаж байгаа юм.

АНУ-ын улстөрчдийн уриалга, сануулгыг үл тоон түүхий эд, борлуулалтын зах зээлтэйгээ ойр байршлыг барууны компаниуд сонгож, БНХАУ-д үйлдвэр байгуулж байна

Гэтэл Хятадын үйлдвэрлэгчдэд дотоодын зах зээлээр тогтохгүй дэлхийн хэмжээний тоглогч болох амбиц бий. Учир нь уламжлалт автомашины худалдааг хязгаарлах бодлого Европт эрчээ авч эхэлсэн. Норвеги улсад шинэ тээврийн хэрэгслийн борлуулалтын тэн хагасыг утаа үүсгэдэггүй автомашин бүрдүүлсэн бол ирэх 20 жилд Герман, Шотланд, Франц, Их Британи хатуу түлшээр ажилладаг автомашины борлуулалтад үе шаттай хязгаарлалт хийхээ мэдэгдээд байгаа юм.

Олон орныг хамарсан эрэлтийн энэ өсөлтөөс өмнө дотоодын инновацын өрсөлдөөнийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ бизнесийн зарчим, зах зээлийн шалгарлаар ажиллах боломж олгохын тулд урд хөршийн Засгийн газар татаасын бодлогоо үе шаттай зогсоох аж. Энэ нь урд хөршийн зах зээлд “байгалийн” шалгарлыг бий болгож, цөөн тооны аварга компанийг төрүүлэхээс гадна барууны стандарт руу түлхэнэ гэж салбарынхан үзэж байна.

АНУ ба бусад

Хятадын компаниуд ийн өрсөлдөх чадвараа ахиулах шаардлагатай тулгараад буй бол барууны үйлдвэрлэгчид худалдааны дайнаас үүдэн тарифын болон түүхий эдийн ханган нийлүүлэлтийн асуудалтай нүүр тулж байна.

АНУ-д үйлдвэрлэсэн автомашинуудыг Хятадын зах зээлд борлуулахад 40 хувийн тариф ногдохоор байна. Мөн АНУ-ын газрын ховор элементийн 80 хувийг хангадаг Хятад улс худалдааны дайны хариу цохилт болгож, Америкийг чиглэх түүхий эдийн нийлүүлэлтээ хязгаарлаж магадгүй. Энэ нь газрын ховор элементийн амин чухал хэрэглээтэй гар утаснаас эхлээд цахилгаан автомашины үйлдвэрлэлийг хязгаарлахад нөлөөлж таарна.

Тиймээс АНУ-ын улстөрчдийн уриалга, сануулгыг үл тоон түүхий эд, борлуулалтын зах зээлтэйгээ ойр байршлыг барууны компаниуд сонгож, БНХАУ-д үйлдвэр байгуулж байна. “Тесла” компани Шанхайд “Гигафактор 3” үйлдвэрээ байгуулж, энэ оны эцэст Хятадад үйлдвэрлэсэн эхний автомашинаа хэрэглэгчдэд хүргэнэ. Жилд хагас сая цахилгаан автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр тус компанийн хамгийн хямд загвар болох Model S3-ийн үйлдвэрлэлд түлхүү чиглэх аж. Ингэснээр дэлхийн цахилгаан автомашины зангилаа болж буй БНХАУ-д үйлдвэрлэлээ байгуулж буй нь нэмүү өртгийн сүлжээний зардлыг бууруулж, Хятад төдийгүй Азийн зах зээлд зориулсан автомашин үйлдвэрлэхэд түлхэц болох аж. Үүний хариуд “Тесла” компани жилд Шанхайн засаг захиргаанд 323 сая ам.долларын татвар төлөхөөр тохирчээ. Үүнээс гадна “Тесла” дунд хугацаанд Энэтхэгийн зах зээлийг онилж байгаа аж. Учир нь Энэтхэгийн томоохон хотууд агаарын бохирдолтой нүүр тулж эхэлсэн нь цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлж байгаа юм.

“Тесла”-гаас гадна “Женерал Моторс” компани Хятад дахь үйлдвэрлэлээ тэлж байгаа. Урд хөршийн зах зээлд хамгийн өндөр борлуулалтаа хийдэг тус компани 2023 он гэхэд Хятадын зах зээлд зориулсан цахилгаан автомашины 20 загвар танилцуулахаа мэдэгдсэн. Ингэснээр нийлүүлэлтийн сүлжээг бууруулж, импортын тарифаас зайлсхийхийн тулд борлуулалт хийдэг зах зээлдээ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээр зорьж байгаа нь энэ. Үүнээс гадна “Волксваген” зэрэг барууны үйлдвэрлэгчид Хятад руу нүүж буй бол Японы “Тоёота”, БНСУ-ын “Хьюндэй Мотор” компани түүхий эдийн нийлүүлэлт болон зах зээлийн байршлыг харгалзан Индонезид үйлдвэрлэлээ өргөжүүлэх гэж байна.

Ази дахь төвлөрөл

Ийнхүү цахилгаан автомашины үйлдвэрлэл Хятадад төвлөрч, Азид түгэн дэлгэрэхээр байна. 2018 онд дэлхий даяар 2.1 сая цахилгаан автомашин борлуулсны тэн хагасаас илүүг БНХАУ-ын зах зээл дангаараа шингээжээ. Харин АНУ дахь борлуулалт үүнээс гурав дахин бага байгаа юм. Зөвхөн борлуулалтын энэ зөрүү дэлхийн компаниуд яагаад Хятад руу хошуурч буйн нэг шалтгаан. Өөрөөр хэлбэл, мөнгө даган үйлдвэрлэл нүүж байна.

Хятадаас гадна Энэтхэг, Индонез, Тайланд зэрэг зах зээлийг нийлүүлбэл Ази цахилгаан автомашины бүс нутаг болох нь тодорхой. Өдгөө нийт цахилгаан машины талаас илүүг худалдан авч буй БНХАУ эдийн засгийн өсөлтийн удаашралтай нүүр тулсан ч ирэх арван жилд дэлхийн шинээр үйлдвэрлэгдэж буй төмөр хүлгийн тэн хагасыг худалдан авсаар байх төлөв бий. Харин үйлдвэрлэлийн манлайллыг БНХАУ атгахаар байна.

Хоёрдугаарт, цахилгаан автомашины хамгийн гол эд анги батарейн үйлдвэрлэл урд хөршид хөгжиж, Хятад цахилгаан тээврийн хэрэгслийн батарейн талаас илүүг үйлдвэрлэж байгаа. Шинжээчдийн тооцоогоор 2021 онд гэхэд Хятад энэ бүтээгдэхүүний зах зээлийн 70 хувийг атгах төлөвтэй байна. Түүхий эдийн нөөц, зах зээлийн багтаамж зэрэг суурь шалтгааны улмаас цахилгаан автомашины үйлдвэрлэл Хятадад төвлөрч байна. Өөрөөр хэлбэл, цахилгаан автомашины хэрэглээ ч, үйлдвэрлэл ч тэр БНХАУ цаашлаад Зүүн өмнөд Азид цахилгаан автомашины үйлдвэрлэл төвлөрч энэ хэрээр шинэ төрлийн үйлдвэрлэл дагасан эрэлт, хэрэглээ нэмэгдэхээр байгаа.

Энэ хэрээр БНХАУ болон бүс нутагт газрын ховор элементээс гадна зэс, хөнгөн цагаан, коксжих нүүрс, цайр зэрэг түүхий эдийн эрэлтийг дэмжих төлөвтэй. Тухайлбал, цахилгаан автомашины үйлдвэрлэл дэлхийн нийт цэвэршүүлсэн зэсийн 1.5 хувийг хэрэглэж байгаа бол энэ дүн ирэх таван жилд гурван хувиас дээш хүрэхээр байгааг CRU группийн шинжээчид танилцуулжээ. Учир нь цахилгаан автомашин нь уламжлалт төмөр хүлгээс гурав дахин их буюу ойролцоогоор 80 килограмм зэс хэрэглэдэг. Ингэснээр автомашины зах зээлийн зэсийн хэрэглээ 3-5 сая тонноор өснө. Цахилгаан автомашин дагасан зэсийн эрэлт хамгийн түрүүнд Хятадад ажиглагдана хэмээн Citi групп тооцсон. Энэ нь шууд болон дам байдлаар Монгол Улсын ашигт малтмалын салбарт нөлөөлөхөөр байна.

Шинжээчдийн тооцоогоор авто үйлдвэрлэлийн шинэ эрин нь ирэх арван жилд ашигт малтмалаар баян Чили, Австралийн уул уурхайн салбарын ДНБ-д эзлэх хувийг хоёр дахин нэмэгдүүлэхээр байна. Тэгвэл зэс, газрын ховор элементийн нөөцөөр баялаг Конго, Замби улсын ДНБ-д эзлэх уул уурхайн салбарын жин гурав дахин өснө. Ингэснээр эдгээр улсын ашигт малтмалын салбар эдийн засгийнхаа дөчөөс дээш хувийг бүрдүүлэх гэнэ. Үйлдвэрлэлийн түүхий эдийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын эрэлт саарч байгаа ч үүнийг нөхөх шинэ хэрэглээ урд хөршийн ирээдүйн авто үйлдвэрлэл бий болсноор Хятадыг даган хөгждөг улсуудын эдийн засгийг дэмжих нь.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine