Зах зээл

Зэсийн үнэ сэргэх хандлагатай байна

Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ сүүлийн 21 хоногт таван хувийн өсөлт үзүүллээ. Мөн фьючерс ханш өнгөрсөн 22-ны өдөр тонн тутамдаа 6295 ам.доллар хүрч сүүлийн долоон сарын дээд түвшинд хүрээд байна. Захиалга болон худалдах үнийн саналыг харахад цаашид ч үнэ өсөх магадлалтай байна. 

Энэ нь Вашингтон, Бээжингийн хооронд худалдаан маргаан зөөлөрч, Хятадын импорт арваннэгдүгээр сард өссөнтэй холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. 

Дэлхийн зэсийн эрэлт жилийн 23 сая тонн орчим бөгөөд үүний тэн хагасыг хамгийн том хэрэглэгч болох Хятад улс эзэлдэг. Хятадын импорт болон хэрэглээ сэргэх шинж тэмдэгүүд ажиглагдаж байгаагийн дээр АНУ-тай худалдаагаа эрчимжүүлэхээр болсон нь эрэлтийг өдөөж мэдэхээр байна. 

Зэсийн ханш нь зунаас хойш 6000 ам.доллар орчимд тогтож ирсэн бөгөөд АНУ, Хятадын худалдааны асуудлаас ихээхэн хамааралтай болоод байгаа. Энэ жилийн дээд үнэ дөрөвдүгээр сард 6608 ам.доллар хүрсэн ч энэ нь өнгөрсөн жилийн зургадугаар сартай буюу дээд үнэ болох 7348 ам.доллартай харьцуулахад маш доогуур байгаа юм. Хятадын эдийн засгийн удаашрал нь Зүүн Өмнөд Азид автомашины сэлбэг зэрэг зэс ордог бүтээгдэхүүний эрэлтийг сулруулах байдлаар бүс нутагтаа нөлөө үзүүлж байгаа юм. 

Мөн зэсийн хүдрийн нийлүүлэлт талаас бэрхшээлтэй тулгараад буй. Хүдрийн гол нийлүүлэгч Чилид өрнөж буй үндэсний хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн нь далайн тээвэрт нөлөөлсөн, Перуд зам хаагдсаны улмаас нийлүүлэлт доголдсон зэрэг нь шалтгаалж байна.

Гэхдээ үнийн өсөлт удаан үргэлжилнэ гэж хэлэхэд эрт байна. Зэсийн ханш нь Хятадын эдийн засгийн өсөлттэй ихээхэн хамааралтай байдаг. Тухайлбал, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараа тонн зэсийн үнэ хурдацтай унаж 3000 ам.доллар хүрэхгүй болоод байсан үед Хятадын эдийн засаг хурдацтай өсөлт үзүүлж эрэлт нь нэмэгдсэнээр 2011 онд улаан металлын ханш 10,190 ам.доллар хүрч байсан юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine