Бодлого

Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж

Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөнд оролцогчид Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн төрийн бодлого, хууль тогтоомжид нийцүүлэн, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, үйлдвэрлэлийн үр өгөөж, бүтээгдэхүүний чанар, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулахад мэргэжлийн холбоод нэгдсэн зохион байгуулалттайгаар төрийн байгууллагатай хамтран ажиллах, улмаар төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод хариуцуулан гүйцэтгүүлэх зорилгоор Эрдэс баялгийн чиглэлийн мэргэжлийн 25 холбоод нэгдэж Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийг байгуулан ажилласан нь салбарын яам, агентлаг, олон нийтийн түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлж бэхжүүлэхэд чухал алхам болсныг тэмдэглээд, дараах зөвлөмжийг гаргаж хэрэгжүүлэхийг уриалж байна.

Салбарын төрийн захиргааны байгууллагууд; 

- Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодыг геологийн болон уул уурхайн гэж төрөлжүүлэн нэгтгэх асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлэх,

- Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод хариуцуулах замаар төрийн ажлын ачааллыг багасгах алхам хийх,

- Мэргэжлийн холбоодтой хамтарч салбарын шаардлагатай хууль, дурэм, журам, стандартыг боловсруулах ажлыг эрчимжүүлэх,

- Эрдэс баялгийн салбарын нэгдсэн стратеги, бодлогын судалгааны ажлыг мэргэжлийн холбоод,э шинжилгээний байгууллага төлөөллийг оролцуулан зохион байгуулах,

- Мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, зэрэг дэв олгох эрхийг геологийн болон уул уурхайн холбоодод нь хариуцуулах эрх зүйн баримт бичгийг гаргаж, өмнөх шийдвэрийг нягтлан үзэж, сайжруулах арга хэмжээ авах,

- Олборлох, боловсруулах үйлдвэр хүлээн авах улсын комисс ажиллахын өмнө мэргэжлийн холбоодоос шинжээчийн баг гарч ажиллан дүгнэлт гаргасны үндсэн дээр улсын комисс ажиллаж байх, комисст мэргэжлийн холбоодын төлөөллийг түлхүү оруулж хэвшүүлэх, комиссийн ажиллах журмыг нэмэлт өөрчлөлт оруулан сайжруулах,

- Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс шинжээчийг мэргэжлийн холбоодтой хамтран томилдог зарчимд шилжих талаар журамд нэмэлт өөрчлөлт оруулах, - Уурхай, үйлдвэрүүдийн техник, технологийн үйл ажиллагаанд үзлэг хийж түвшинг тогтоох, аудит хийх журмыг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах,

- Салбарын чиглэлээр олон улсын чанартай үзэсгэлэн, яармаг, хурал, зөвлөгөөнд мэргэжлийн холбоодыг түлхүү оролцуулахад анхаарах,

- Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн Төлөөлөн удирдах зөвлөлд мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулахад анхаарах,

Мэргэжлийн холбоод; 

- Мэргэжлийн холбоод мэргэжлийн чиглэлээрээ нэгдсэн зохион байгуулалтанд орж ажиллах, зохион байгуулалтын арга хэмжээ авах,

- Салбарын багц дүрэм, стандартуудыг өөрийн орны онцлогт тохируулан боловсруулж батлуулах ажлыг төрийн захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр эхлүүлэх,

- Эрдэс баялгийн салбарын стратеги, бодлогын баримт бичгийг боловсруулах, түүний урьдчилсан судалгаа шинжилгээний ажлыг олон улсын аргачлалын дагуу гүйцэтгэх,

- Үйлдвэрлэлд техник, технологи, инноваци, менежмент, шинэчлэл стандартыг салбарын онцлогт тохируулан нутагшуулахад мэргэжлийн зөвлөмжөөр хангаж, хамтран ажиллах,

- Салбарын бүтээгдэхүүний өөрийн өртөг, зардлын тооцоо боловсруулах,

- Гадаад улс орны болон олон улсын мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагааг өргөжүүлэх,

- Шинээр баригдах болон ажиллаж буй уурхай, үйлдвэрүүдэд зураг төслийн компаниудтай хамтран зохиогчийн хяналт тавих, барилга байгууламжийн ажлын явцад техникийн аудит, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд технологийн аудит хийх үйл ажиллагааг хариуцан эхлүүлэх,

- Олборлох, боловсруулах үйлдвэрийн зураг төслийн норм, стандартыг боловсруулж,хэрэгжүүлэх,

- Уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг чанарын өндөр түвшинд гаргах бодлого, зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, дэмжих,

- Нийтэд эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг зөвөөр тайлбарлан таниулах, сурталчлах ажлыг төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх,

- Зөвлөмжийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээг төрийн захиргааны байгууллагууд болон мэргэжлийн холбоод хамтран хэрэгжүүлж, хагас жил тутам дүгнэж ажиллах,

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/01

Зохиомол хямрал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine