Бодлого

Хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэлээ. Учир нь ашигт малтмалын салбарт бий болсон замбараагүй байдлыг цэгцлэх үүднээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан 40 хүнтэй Ажлын хэсэг 100 гаруй хоног ажиллан 2889 тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх аж.

Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр сүүлийн гурван жилд уул уурхайн 700 гаруй тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Ингэснээр 3500 орчим байсан тусгай зөвшөөрлийн тоо 2889 болж буурчээ. Үүний 1225 нь хайгуулынх, 1664  нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байдаг.  Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Тусгай зөвшөөрөлүүдийг стандартын дагуу ашигласан эсэхийг Засгийн газар шалгасан. Шалгалтаар зарим аж ахуй нэгжүүд зөрчилтэй байгаа нь тогтоогдсон. Тэдгээрт зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өгсөн. Хэрэв тэр хугацаанд зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрлийг нь шууд цуцлах арга хэмжээ авна. Бид зөвшөөрөл өгөөд л байснаас хяналт тавьж чадсангүй. Орон нутгийн удирдлагууд хууль бус үйл ажиллагааг нь өөгшүүлсэн, хуйвалдсан, олз ашгаа хуваадаг байсан нь шалгалтаар илэрч байна. Тиймээс бүх тусгай зөвшөөрлүүдийн мэдээллийн нэгдсэн санг бий болгохоор боллоо” гэв. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг яаралтай оруулж ирэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт үүрэг болгожээ. 

Хоёр жилийн өмнө ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгодог байв. Харин 2017 онд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл буюу “Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа”-тай холбоотой хэсгийг бүхэлд нь хүчингүй болгосоноос хойш өргөдлөөр хайгуулын зөвшөөрөл олгохоо больсон. Харин одоо сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байгаа юм. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 2016 оноос тогтмол буурсаар иржээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine