Бодлого - Аж үйлдвэр

Монголд батарей үйлдвэрлэх боломж

Батарейн түүхий эдийн нөөцтэй Монгол Улс түүхий эдээ дөнгөж боловсруулах үйлдвэрүүдэд экспортлох төдийхөн байна. Тэр дундаа сүүлийн жилүүдэд тренд болж байгаа лити, ховор элементийн нөөцөө хэрхэн ашиглах талаар тодорхой бодлогогүй, нүүрс, зэс шигээ дөнгөж баяжмал экспортлох төдийгөөр эдийн засгийн үр өгөөжийг нь харж байгаа нь илэрхий. Нэгэнт түүхий эд нь байгаа бол Монголд батарейн үйлдвэр барих боломж байна гэсэн үг. Өдгөө 25 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа, цаашдаа улам бүр томрон өсөх шинэ зах зээлд Монгол Улс хөл тавих боломжтой юм. Энэ нь хийсвэр мөрөөдөл төдий биш болохыг үүсээд байгаа дотоод, гадаад нөхцлийг харгалзан тайлбарлая.

Солонгосын “Самсунг” группын эрчим хүчний чиглэлийн охин компани “Samsung SDI” энэ оны эхний хагаст батарейн борлуулалтаасаа хоёр тэрбум ам.долларын орлого олжээ. Үүний 1.54 тэрбумыг нь зөвхөн лити-ион батарейн борлуулалт бүрдүүлж байна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулбал таван хувь, 2017 оны мөн үеэс 84 хувь өссөн дүн. Ингэснээр тус компанийн цэвэр ашиг 135 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны хагас жилийнхээс 53 хувиар өсөв. Дэлхийн зах зээл дээр батарей үйлдвэрлэлээр тэргүүлэгчийн байр суурины төлөө уг компанитай өрсөлддөг “Панасоник”-ын лити-ион батарейн борлуулалт мөн эхний хагаст жилд зургаан хувиар өссөн байна. “Панасоник” нь технологи болон автомашин үйлдвэрлэлийн том тоглогч “Тесла”-д батарей нийлүүлдэг юм.

Батарейн хөгжлийг огцом өсгөж, жилийн 25 тэрбум ам.долларын зах зээл болтол нь тэлсэн хүчин зүйл бол цахилгаан машин. Шатахуун, цахилгаан хослуулан ажилладаг Hybrid хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл гарсан үеэс эрчим хүчийг батарейнд нөөцлөх технологи үсрэнгүй хөгжлийнхөө эринд эргэлтгүй орсон. Гэтэл hybrid үеэ өнгөрөөж, бүрэн цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгслийн эрин эхэлсэн тухай ярьж байна. Энэхүү хөгжлийг дагаад бизнесийн ертөнцөд батарейн үйлдвэрлэл тун ч ирээдүйтэй байх нь тодорхой. Тэгэхдээ, мөн шийдвэрлэвэл зохих бэрхшээлүүд ч байсаар.

Цахилгаан автомашины батарей буюу их чадлын батарей нь бидний цахилгаан төхөөрөмжүүдээ ажиллуулдаг батарейнуудаас маш их ялгаатай. Юун түрүүнд, жин хүчний харьцааг харгалзан өөрийн өгөгдсөн хүчин чадлын хэрээр удаан хугацааны турш эрчим хүч гаргаж байдаг. Тийм ч гэлээ дотоод шаталтын хөдөлгүүртэй харьцуулахад одоогийн ашиглагдаж буй батарейнууд нь нэг цэнэглэлтээр туулах чадвараар бага байсаар. Тухайлбал Nissan Leaf-ийн лити-ион батарей нь ердөө 150 милл зам туулах боломжтой.
Лити-ион батарей үйлдвэрлэлээр Хятад улс хошуучилж зах зээлийн 55 хувийг дангаараа эзэлж байна. Хосолмол хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэл нь бүрэн цахилгаан автомашины үйлдвэрлэл рүү шилжиж буй тул 2-3 жилийн дотор зах зээлийн эзлэх жин нь 65 хувьд хүрнэ гэгдэж буй. Хэрэв “Тесла”-гийн Gigafactory-г үл тооцвол АНУ-ын эзлэх хувь ердөө 10. Ирэх онд Хятад, Япон, АНУ болон Баруун Европ дахь хосолмол хөдөлгүүрт машины борлуулалт 11 сая, бүрэн цахилгаан хөдөлгүүрт машины борлуулалт 1.5 сая хүрснээр их чадлын батарейн зах зээл 25 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн урьдчилсан төлөв гараад байгаа.

Дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины эрин үеийг төгсгөж цахилгаан автомашинаар солиход шаардлагатай тоогоор батарейн үйлдвэрийг байгуулахад санхүү, логистик болон технологийн шийдэх ёстой асуудал олон бий. “Tesla Gigafactory” нь дээрх асуудалд шийдэл санал болгож буй төслүүдийн нэг. Невада дахь нь тус үйлдвэр нь таван тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд ойролцоогоор 45 га талбайтай байх юм. Үүний жилийн хүчин чадал нь 35 ГВт.цаг гэдэг нь бараг л дэлхийн одоогийн бүх суурилагдсан хүчин чадалтай тэнцэнэ.

Аливаа нэг үйлдвэр байгуулж, бизнес хийхэд гурван хүчин зүйл чухал байдгийн хоёр нь манай улсад бэлэн байна. Тэр бол түүхий эдийн нөөц, борлуулах зах зээл

Санхүүгийн хувьд нөхцөл байдал сайжирч, хөрөнгө оруулагчид анхаарлаа хандуулж эхлээд байна. Өнгөрсөн жил л гэхэд 10 гига үйлдвэрийн төлөвлөгөө албан болон албан бус байдлаар танилцуулагдсаны дотор Германы автомашин үйлдвэрлэгч “Даймлер” жилд 320 мянган нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр загварчлагдсан лити-ион батарейн үйлдвэрийн төсөлд 550 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болсон юм. Энэ мэт авто машин үйлдвэрлэгч томоохон компаниуд бүгд шахуу батарейн үйлдвэрлэлд санаа тавьж, их бага хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж эхлээд байна. Өртгийн хувьд ч таван жилийн өмнөхөөс хангалттай буурсан бөгөөд “Тесла”, “Панасоник”, “Самсунг” компани олноор үйлдвэрлэх өөрсдийн туршлагаасаа суралцан үйлдвэрлэлийн шугамуудыг нэгтгэж, бүрэн автоматжуулснаар өртөг буурсан.

Батарей үйлдвэрлэгчдэд тулгарч буй нэг бэрхшээл нь логистик, тээвэрлэлт болж байгаа тухай Ньюкастлын батарейн үйлдвэр “Hyperdrive Innovation”-ий Худалдаа хариуцсан захирал Stephen Irish нэгэн ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр “Тогтвортой, найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болгоё гэвэл оролцогч тал бүр маш их зүйлийг хийх хэрэгтэй. Батарейг хийсний дараа түүнийг хэрэгтэй газар нь хүргэх логистикийн ажил хэцүү болох магадлалтай. Ялангуяа худалдан авагч нь батарейн үйлдвэрээс хол байдаг бол” гэжээ. Тийм ч учраас Hyperdrive үйлдвэрлэлдээ “Ниссан”-тай хамтрахаар болсон байна.

Технологийн талаас цахилгаан машины туулах зай, хурдыг нэмэгдүүлж, үнийг бууруулахын тулд батарейн эрчим хүч нөөцлөх чадавхыг өсгөж шатахуунаар цэнэглэдэг машинуудтай зэрэгцүүлэх шаардлага байсаар байна.

Батарей үйлдвэрлэлийн өөр нэгэн чухал хэрэглэгч нь эрчим хүчний салбар юм. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эрчээ авч буй энэ үед эрчим хүчний хураагуур юу юунаас илүү чухал, ач холбогдолтой болж байна. Байгаль цаг уурын нөхцөлөөс хамаараад үйлдвэрлэж буй эрчим хүч нь тогтмол бус байдаг нар, салхины станцуудын нийлүүлэлтийг тогтмолжуулах боломжийг батарей үүсгэсэн. Монголд ч цахилгаан эрчим хүчний хэрэглээний бараг тавны нэгийг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг болсон, цаашдаа өсөх хандлагатай байгаа.
Өнөөдрийн байдлаар Эрчим хүчний зохицуулах хорооноос нийт 32 хуулийн этгээдэд нар, салхины эх үүсгүүр барих тусгай зөвшөөрөл олгожээ. Нийт хүчин чадал нь Монгол Улсад өнөөгийн суурилагдсан хүчин чадалтай тэнцүү буюу 1379.8 МВт. Энэ хэрээр хаягдал эрчим хүчийг багасгаж, үргүй зардлыг бууруулах шаардлага үүснэ. Бүр алсыг харвал “Азийн супер сүлжээ” санаачилгын хүрээнд хийсэн судалгаагаар Монголын говьд 100 ГВт сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр барих боломжтой гэсэн дүгнэлт хийжээ. Энэ нь зөвхөн эхний ээлжинд гэж буй өгөөд төсөл хэрэгжих 16 жилийн хугацаанд 9.2 тэрбум ам.долларын өгөөжийг Монгол Улс хүртэнэ гэсэн тооцоо бий.

Одоогоор эрчим хүчийг батарейнд нөөцлөх нь өндөр зардалтай тооцогдож буй боловч өртөг нь тогтвортой буурч байгаа юм. Зарим судалгааны байгууллагын үзэж буйгаар эрчим хүчний нөөцлүүрийн өртөг 2020 он гэхэд өнгөрсөн жилийнхээс 40 хувиар буурах аж. Мөн Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн хэлж буйгаар ирэх 15 жилийн хугацаанд эрчим хүчний нөөцлүүрийн өртөг 70 хувь буурна. Учир нь батарейн хүчин чадал нь хэдэн долоо хоног бүү хэл хэдэн сар хүрэлцэхүйц болсон. АНУ-ын Эрчим хүчний хэлтэс 500 КВт.цаг/кг чадал бүхий батарей гаргаж авах төслийг санхүүжүүлж буй бол Швейцарийн “Иннолит” компани 1000 КВт.цаг/кг батарей гаргах аргыг боловсруулж байна. Хэрэв тэд чадвал цахилгаан автомашинууд нэг цэнэглэлтээр 500-1000 км туулах чадвартай болно.

Европ, Хойд Америкт лити-ион батарейг эрчим хүч нөөцлөхөд өргөнөөр ашиглаж эхэлж байна. Энэ нь Европт дулааны цахилгаан станцуудыг унтраахад үүсэж буй дутагдлыг нөхөхөд их тус болж байгаа аж. “Хьюндей” компани өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Korea Zinc хэмээх металл хайлах үйлдвэрийн захиалгаар 45 сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлж дууссан. Солонгосын аж үйлдвэрийн Улсан хотод баригдсан уг байгууламж нь 150 МВт хүчин чадалтайгаараа дэлхийн хамгийн том батарейд тооцогдож байгаа юм. Монголын хувьд 250 МВт эрчим хүч нөөцлүүртэй болчихвол ОХУ-аас эрчим хүч импортлох шаардлагагүй болно.

Монгол Улсын Их хуралд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа. Уг хуулийн төсөл нь дээр дурдсан үндэслэлээр буюу нар, салхины эрчим хүчний найдвартай бус байдлын улмаас сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг нэмэгдүүлэхээс зайлсхийсэн бодлого агуулж буй. Нэмэлт өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг бууруулахаар тусгасан нь үүний илрэл. Ашиглалтад ороод удаагүй байгаа төслүүд нь зардлаа нөхөж амжаагүй байгаа энэ үед энэхүү алхам нь хөрөнгө оруулагчдыг үргээж, шинэ төслүүдийг нураах вий гэсэн болгоомжлол бизнесийнхэнд бий.

Монголын боломж

Hyperdrive, “Ниссан”-ы түншлэл энэ үйлдвэрлэлийн бизнес загвар өөрчлөгдөж байгаагийн илрэл юм. Цахилгаан машин үйлдвэрлэгчдийн хувьд өнөөдөр батарейгаа өөрсдөө үйлдвэрлэх үү, эсвэл ханган нийлүүлэгчдээс худалдан авах уу гэдэг сонголттой нүүр тулах болжээ. Үйлдвэрлэлээ тогтвортой хадгалахын тулд олборлогч тус бүртэй гэрээ байгуулах замаар кобальт, лити, зэс, никелийн нийлүүлэлтийг баталгаажуулж ирсэн. Харин саяхан “Ниссан” өөрийн Leaf загварын машинуудынхаа батарейг бүгдийг нь Их Британийн Ньюкастлын ойролцоох уг үйлдвэрээс авдаг болсон.

Аливаа нэг үйлдвэр байгуулж, бизнес хийхэд гурван хүчин зүйл чухал байдгийн хоёр нь манай улсад бэлэн байна. Тэр бол түүхий эдийн нөөц, борлуулах зах зээл. Харин үйл ажиллагаа тогтвортой явуулах бизнесийн орчинг бүрдүүлэх л дутуу.

Лити-ион батарейнд гурван гол орц байдаг нь эерэг, сөрөг электрод болон электролит. Ерөнхийдөө, сөрөг электрод нь карбон юм уу графит, эерэг электрод нь металлын оксид харин электролит нь органик уусгагч дахь литийн давснаас бүтнэ. Энэ гурван гол орцыг гурвууланг нь Монголоос олборлох боломжтой нь Монголд батарейн үйлдвэрлэл ирээдүйтэй байж болох боломжтойн нэг үндэс. Зэс, цайр олборлож, экспортолдог манайд литийн нөөц чамгүй бий. Өөрөөр хэлбэл батарей үйлдвэрлэлийн хамгийн гол түүхий эд нь бидэнд байна гэсэн үг.

Түүнээс чухал нь батарейн хэрэглэгч нь ч бидэнд ойрхон байна. Цахилгаан автомашины гол зах зээл Хятад, Зүүн хойд Азийн хөгжингүй улс орнууд болон цаашлаад Европын зах зээлд ойр, сайн харилцаатай байдаг нь худалдааны маргаанаас эхлээд геополитикийн үл ойлголцол, эрсдэл давамгайлж буй өнөө цаг үед бидэнд давуу тал юм. Эдгээр зах зээл нь цахилгаан автомашины гол хэрэглэгчид. Нэг талаас өсөн нэмэгдэж байгаа цахилгаан машины хэрэглээ, нөгөө талаас батарейн насжилт нь батарейн хэрэглээг улам бүр нэмэгдүүлэх нь дамжиггүй. Ихэнх үйлдвэр машиныхаа батарейг 100 мянган милл буюу ойролцоогоор найман жил ажиллана гэж хэлдэг. Тэгэхээр өдгөө хэрэглэгчдийн гарт очиж байгаа цахилгаан автомашины эздэд хэдэн жилийн дараа шинэ зай хэрэгтэй болно.

Баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгож байж л бид зэс, нүүрс дээр гаргасан алдаагаа давтахгүй, зайлсхийж чадна

Бидэнд батарей үйлдвэрлэх тухай “Панасоник” шиг 100 жилийн мэдлэг байхгүй ч тэр ноу-хаутай компанийг Монголд “урин” оруулж ирж болно. Америк, Япон, Солонгосын компаниуд энэ чиглэлд тэргүүлж байгаа. Энэ улсууд манай улстай хөрөнгө оруулалт, бизнесийн сайн харилцаатай байдаг ч Монголд хийсэн хөрөнгө оруулалт, худалдаа нь дэндүү чамлалттай. Жишээ нь Япон. Манай улсын хамгийн ойр түнш, донор орон. Гэхдээ тэд биднээс бүтээгдэхүүн авахаас илүүтэй зарах нь илүүг баримтууд харуулна. Өнгөрсөн оны байдлаар гэхэд Монгол Улс Япон руу 26.5 сая ам.долларын экспорт хийсэн бол оронд нь 561 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдаж авсан байх юм. Үүний 357 сая ам.доллар нь зөвхөн шинэ, хуучин авто машинд зарцуулагдсан мөнгө. Өмнөд Солонгостой хийж буй худалдаа ч өнгө ижил. Зарсан бүтээгдэхүүнээсээ 12 дахин их мөнгөөр буюу 262 сая ам.долларын бүтээгдэхүүн худалдаж авчээ. Энэ хоёр улс авто машин үйлдвэрлэл, технологийн чадавхиараа дэлхийд тэргүүлэгчид.

Боломжийг ашиглахуй

Монголд байгаа газрын ховор элемент, литийн хэд хэдэн орд хөрөнгө оруулалтаа хүлээн буй. Одоо л тэднийг ашиглахад тун тохиромжтой үе. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг тийш татах идэвхтэй үйлдлүүд дутагдаж байгаа бөгөөд энэ нь нүүрс, зэс, хоёр толгойгоо тойрсон хэрүүлээс хөндийрч чадахгүй байгаатай холбоотой юм.

Үүний тулд урьдаар тэднийг энд оршин тогтноход таатай хөрс суурийг нь бэлдэж өгөх хэрэгтэй. Стратегийн орд газрын жагсаалтыг шинэчлэх ажил Засгийн газрын түвшинд явж буй. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар стратегийн орд гэдгээс гадна “Стратегийн бүтээгдэхүүн” гэх ойлголтыг бий болгох тухай асуудлыг ажлын хэсгийн түвшинд нэлээд авч хэлэлцсэн аж. Тухайлбал, уран болон газрын ховор элементийг үүнд багтаах боломжтой. Хэрэв чингэвэл, стратегийн бүтээгдэхүүнийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдэд ямар давуу тал үүсэхийг, үзүүлэх татварын урамшуулалыг хуульчлан тусгаж өгч болно. Үндэстэн дамнасан хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхдог зүйл нь татварын таатай орчин болоод тогтвортой байдал. Улс орнуудын хооронд өрнөдөг хөрөнгө оруулалтын илүү таатай орчин бий болгох өрсөлдөөний үр дүнд зарим төрлийн татварыг тэглэх, оффшор бүс, худалдааны чөлөөт бүс гэх мэт ойлголтууд үүсэн гарсан билээ.

Одоо цаг бол хөрөнгө оруулалт татах хамгийн таатай цонх үе ч байж мэднэ. Монгол Улс газрын ховор элемент, батарей үйлдвэрлэгч, хэрэглэгч, дэлхийн хамгийн том зах зээл болох АНУ-тай стратегийн түншлэл тогтоолоо. Ингэснээр дэлхийн хамгийн том гурван зах зээлтэй стратегийн түншлэл тогтоосон улс болоод байгаагаас нэгтэй нь хөрш, нөгөөтэй нь Чөлөөт худалдааны гэрээтэй.

Энэ таатай цаг үеийг ашиглан ирээдүй гэгдэж байгаа салбарын үйлдвэрүүдтэй болж чадвал олон арван мянган ажлын байр, олон тэрбум ам.долларын экспортын орлого бий болно. Учир нь баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгож байж л бид зэс, нүүрс дээр гаргасан алдаагаа давтахгүй, зайлсхийж чадна. Нэгэнт түүхийгээр нь экспортлоод эхэлсний дараа боловсруулах үйлдвэр барья, нэмүү өртөг шингээе гэхээр олон ашиг сонирхлын зөрчилтэй нүүр тулдгийг бид биеэрээ туулж, туршлагажлаа. Харин газрын ховор элементээ “чулуу болгоё” гэвэл төр эхнээс нь зөв хөдөлж, хариуцсан ажлаа хийх л хэрэгтэй. УИХ-аар шаардлагатай хууль тогтоомжуудыг баталж, Ерөнхийлөгч гадаад зах зээлүүдтэй харилцаагаа лавшруулж, Засгийн газар Илон Маск, Тоёота зэрэг хөрөнгө оруулагчидтай уулзаж, улсаа сурталчлая. “Ниссан” англичуудтай хамтарсан шиг “Тоёота”, “Женерал Моторс”, “Самсунг” монголчуудтай хамтарч яагаад болохгүй гэж.



Сэтгэгдэлүүд
  • testing
  • [202.131.235.234]
  • 2019-09-09 15:46

bla bla

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine