Түүхий эд

Нүүрсний экспортоос 2.95 тэрбум ам.доллар олов

Монгол Улс энэ оны эхний 11 сарын байдлаар нийт долоон тэрбум гаруй ам.долларын экспорт хийснээс зургаан тэрбум орчмыг нь эрдэс бүтээгдэхүүний экспортоос олжээ. 

Экспорт оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 574.8 сая америк доллараар өсөхөд чулуун нүүрсний экспорт 326.8 сая америк доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 199.8 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Харин 2019 оны арваннэгдүгээр сард экспорт 526.9 сая ам.долларт, импорт 519.3 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 55.7 сая ам.доллараар буурч, импорт 53.5 сая ам.доллараар өсжээ.

2019 оны эхний 11 сард гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 362.6 сая америк доллараар нэмэгджээ. Харин арваннэгдүгээр сарын гадаад худалдааны тэнцэл 7.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 109.2 сая ам.доллараар буурсан байна.

Чулуун нүүрсний экспорт оны эхний 11 сарын гүйцэтгэлээр хоёр тэрбум 948 сая ам.доллар хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 316 сая ам.доллараар өссөн дүн юм. Нийт нүүрсний экспорт 34.9 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 сая тонноор өсөв. Өнгөрсөн 2018 онд нүүрсний нийт экспортын орлого 2.8 тэрбум ам.доллар, хэмжээ 36.3 сая тонн байсан. Он дуусахад нэг сар дутуу байхад нүүрсний экспортын орлого өнгөрсөн бүтэн жилийнхээс 150 сая ам.доллараар даваад байна.

Харин Сангийн яам энэ онд 42 сая тонн нүүрс экспортолно хэмээн төсөвлөсөн бөгөөд экспортын хэмжээ түүнд хүрэхгүй байх өндөр магадлалтай байна. Учир нь Хятадын нүүрсний импортдоо хязгаарлалт хийж эхэлсэн бөгөөд 10, 11 дүгээр сард импорт нь огцом буураад байгаа билээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine