Ярилцлага - Тогтвортой уул уурхай

ТSM санаачилга Монголын уул уурхайн замын зураг байх боломжтой

2019  |  October   |  023

Канадын уул уурхайн ассоциацийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Бен Чалмерстэй ярилцлаа. 

-Канад улс тогтвортой уул уурхайг өндөр түвшинд хөгжүүлж чадсан. Ингэж хөгжихөд мэдээж олон асуудалтай тулгарч байсан байх. Танай улсын тогтвортой уул уурхайн санаачилга ямар үр дүнд хүрээд байгаа вэ?

-Канадын уул уурхайн салбар арвин түүхтэй. Үндсэндээ уул уурхайдаа түшиглэж хөгжсөн орон шүү дээ. Бид 15 жилийн өмнө TSM стандартыг хэрэгжүүлж эхлэхэд уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт дөнгөж л 50 хувиа хангаж байлаа. Одоо уул уурхайн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, тавьж буй дийлэнх шаардлагыг хангадаг болчихсон. TSM буюу тогтвортой уул уурхай санаачилгын хүрээнд орон нутгийн иргэдтэй хамтрах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, эрчим хүч ашиглалт, хүлэмжийн хийг багасгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, хаягдлын далан болон усны менежментийг сайжруулах зэрэг салбар чиглэлийг хамруулдаг. 

Ер нь TSM хөтөлбөрийг Монгол болоод бусад улс орны уул уурхайн салбарыг хөгжүүлэх замын зураг болно гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниудын гүйцэтгэл нь ямар байна вэ гэдгийг дүгнэдэг ийм систем байгаа нь чухал шүү дээ. Нэг ёсондоо энэ стандартыг үнэ төлбөргүйгээр дэлхий даяар хэрэглэх боломжийг бид хангаж байгаа юм. Заавал шинэ зүйл зохиох биш бэлэн байгаа стандартыг ашиглаж, уул уурхайн салбарын тогтвортой байдлыг хангахад боломж олгож байгаа нь чухал шүү дээ.   

-ТSM cтандартыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө таван жилийн бэлтгэл ажил явагддаг гэсэн. Үүнийг тайлбарлаач? 

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүнг нь үзье гэвэл таван жилийн бэлтгэл хугацаа шаардагддаг. Харин бидний хувьд арай өөр. Бид энэ хөтөлбөрийнхөө суурийг 2004 онд тавьсан. 2006 оноос компаниуд ТSM cтандартын дагуу үйл ажиллагаагаа тайлагнаж эхэлсэн. Канадын уул уурхайн ассоциаци өөрийн гишүүнчлэлтэй компаниудад TSM стандартыг баримтлахыг шаардана гэж дүрмэндээ оруулсан. Энэ нь гол шаардлага болж байгаа юм. TSM-ийг хэрэгжүүлэхээсээ өмнө Сонирхогч талуудын зөвлөлдөх хороо гэдгийг байгуулсан байх хэрэгтэй. 

Хоёрдугаарт, TSM стандартыг Монгол Улсын нөхцөл байдалд нийцүүлж, баримтлах хувилбарыг нь бэлтгэн гаргаж, хэвлэн нийтэлсэн байх шаардлагатай. Гуравдугаарт, тухайн орны уул уурхайн ассоциаци нь салбарынхаа мэдээлэл датаг гаргах хэрэгтэй. Компаниуд одоо ямар нөхцөлд байна вэ гэдгээ тодорхойлж, дараа нь таван жилдээ багтаж үйл ажиллагаагаа  үнэлэх ёстой. Компанийн өөрийн үнэлгээ салбарынх нь гаргасан суурь мэдээлэлтэй уялдсан  байхаар урьдчилсан бэлтгэл ажил хангагдах ёстой юм.  

-ТSM cтандартын дагуу уул уурхайн компаниудад C-AAA хүртэлх үнэлгээ тавьдаг гэсэн. Компаниуд ингэж үнэлүүлэхийн ач тус юу вэ. Үүнийг дүрэм, журмын дарамт шахалт гэж ойлгодоггүй юм уу? 

-Хамгийн гол нь компаниуд тайлан гаргах, хөндлөнгийн аудитаар баталгаажуулах сонирхол нь өндөр байдаг. ТSM cтандартын үйл явц нэг их дарамт шахалт болохгүй. Жил бүр 29 асуултад хариулж, үнэлүүлнэ. Тухайн үнэлгээ нь үнэн бол гурван жил тутамд хөндлөнгийн аудит баталгаажуулдаг. Тэгэхээр тайлан гаргах огт хэрэггүй. 29 асуултын хариултаар л ажлыг нь дүгнэчихэж байгаа юм. Тиймээс компаниудын хувьд дарамт, шахалт бага. Цаг хугацаа, мөнгө санхүүгийн хувьд хэмнэлттэй гэж хэлж болно. Хамгийн том давуу тал нь компаниуд өөрсдийн үйл ажиллагаагаа сайн болгож чадаагүй байж болно. Тийм бол ТSM cтандартыг хэрэгжүүлснээр сул талаа олж мэдэх юм. 

Уул уурхайн компаниуд бүгд нэг хэлээр ярьж, нэг стандартаар явах боломж бүрдсэн

Хоёрдугаарт, томоохон компаниуд аль хэдийнэ нийгэм, байгаль орчны талаар томоохон системтэй болчихсон байдаг. Тэдний хувьд хөндлөнгийн cтандарттай үйл ажиллагаагаа харьцуулан үзэж, хэр найдвартай байна вэ гэдгээ мэдэж авах боломжтой болж байгаа юм.  

Монголын уул уурхайн салбарын­­хантай уулзаж, ярилцсан. “Оюу толгой” компани гэхэд өөрийн гэсэн томоохон стандартуудаа мөрддөг юм байна. Ингэхгүйгээр уул уурхайн бүх компани нэгдсэн нэг стандарттай болох боломж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл,  компани болгон өөр өөрийн стандандарт, дүрэм журамтай байх биш бүгд нэг хэлээр ярьж, нэг стандартаар явах боломж бүрдсэн. Энэ нь хамгийн том үр дүн гэж үзэж болно. 

-TSM стандартыг Канадын уул уурхайн компаниудын 80 орчим хувь хэрэгжүүлдэг гэсэн. Тус стандартыг анх 2004 онд нэвтрүүлэхэд нэлээд цаг хугацаа, бэлтгэл ажил шаардагдсан гэж та хэлж байсан. Одоо арав гаруй жилийн дараа томоохон үр дүнд хүрсэн байна шүү дээ? 

-Аль салбар вэ гэдгээсээ шалтгаална. Орон нутгийн харилцаа, хаягдлын далангийн менежмент чиглэлээр хэдэн жилийн өмнө компаниуд 50 хувийн босго давдаггүй байсан бол одоо бараг 80-90 хувь нь ААА гэдэг үнэлгээ рүү орсон байх жишээтэй. 

-Компаниудаас 29 асуулт асуудаг гэж байна. Хэрэв нэг асуултад нь бүдэрвэл ямар үнэлгээ рүү орох вэ? 

-29 асуулт асууна. Гэхдээ нэгдсэн дүн гэж гардаггүй юм. Усны чиглэлээр А, олон нийтийн чиглэлээр В гэдэг ч юм уу, тус тусдаа дүн нь гарна. Яагаад гэвэл компанийн нэг талаараа сайн явж байгаа үйл ажиллагааг тааруухан дүн хойш нь татахгүй гэдэг зарчим үйлчилж байгаа юм л даа. Нэгдсэн нэг дүн гэж байхгүй. Үүгээрээ онцлогтой. 

-Канадын уул уурхайн компаниуд орон нутгийн иргэд, шашин, судлаачид зэрэг олон талын төлөөлөл оролцуулсан Сонирхогч талуудын зөвлөх хороо гэдгийг байгуулдаг гэсэн. Энэ хороо нь ямар үүрэг гүйцэтгэдэг вэ. Зөвлөх хороог байгуулснаар ямар үр дүнд хүрдэг вэ? 

-Нэг үгээр хэлбэл, энэ хороо биднийг шударга байлгаж өгдөг. Дэлгэрүүлбэл, стандартуудаа боловсруулж, өөрчлөх сайжруулах тохиолдолд зөвлөх хороо хяналт тавьж, зөвлөгөө өгдөг. Биднийг шударга ажиллаж байна уу, салбарынхандаа хэрхэн үр өгөөжөө өгч байна вэ гэдгийг дүгнэдэг. Нэг ёсондоо бидэнд зөвлөгөө өгч, үйл ажиллагааг чиглүүлж өгдөг нь хамгийн гол үр дүн юм. Мөн зөвлөх хороо олон талын оролцоотой учраас шинээр ямар салбарыг хамруулах вэ гэдгийг чиглүүлж өгдөг. Биологийн олон янз байдлын менежмент гэдэг салбар өмнө нь байгаагүй. Энэ хорооноос тус салбарыг оруулаач ээ гэж санал өгсөн. 

Компаниуд жил тутам өөрийгөө үнэлчихээд гурван жил тутамд үнэн байна уу гэдгээ хөндлөнгийн баталгаажуулалт хийлгэдэг гэж би дээр хэлсэн. Энэ нь их чухал үүрэгтэй байдаг. Зөвлөх хороо жил болгон хоёр компанийг сонгож аваад өөрсдөдөө өгсөн оноо нь зөв байна уу гэдэг дээр дэлгэрэнгүй баталгаажуулалт хийдэг. Уул уурхайтай холбоотой асуудлаар үндэсний хэмжээний яриа хэлэлцээр хийх орон зайг зөвлөх хороо бий болгодог. 

-Танай ТSM cтандартыг одоогоор долоон орон авч хэрэгжүүлсэн гэсэн. Ер нь бусад улс оронд энэ стандартыг хэрэгжүүлэхэд ямар нэгэн эрсдэл, хүндрэл гарсан уу. Хөрсөнд нь хэрхэн бууж байгаа вэ? 

-Ер нь сүүлийн 3-4 жилд л эдгээр орон авч ашигласан. Тэгэхээр нөгөө бэлтгэл шат буюу туршилтаар хэрэгжих хугацаа нь дуусаагүй байгаа гэсэн үг. Финландын таван жилийн бэлтгэх  хугацаа дуусах дөхөж байгаа. Ирэх жилээс компаниудынхаа үнэлгээг TSM стандартын дагуу хийж дуусаад дараа нь гурван жил тутамд хөндлөнгийн баталгаажуулалтад хамрагдаад явна. 

Иргэдтэй бодит үр дүнтэй харилцааг бий болгох нь нийгмийн лицензийг бий болгож байгаа хэрэг

Уул уурхайн салбарт түгээмэл байдаг хүндрэл бэрхшээл манай хэрэгжүүлж байгаа стандартад ч бас гардаг. Нэг ёсондоо TSM стандартаар явах нь бодитой, үр дүнтэй, хэрэгцээтэй юм шүү гэдгийг олон улс оронд таниулах хэрэгтэй болж байгаа юм. Канадад манай стандартыг ойлгохгүй байсан үе бий. Салбартаа үр дүнтэй, хэрэгцээтэй зүйл хийж байгаа юм шүү гэдэг нь бэлхнээ харагдаж байвал нөгөө хүндрэл бэрхшээлүүд аяндаа багасаад явчихдаг. 

Сонирхогч талуудын зөвлөх хороог байгуулах, үүсгэн бий болгохтой холбоотой асуудал гардаг. Өөрөөр хэлбэл, зөвлөх хороо энэ бүтэц дээрээ зөв сууж өгсөн байх хэрэгтэй. Зөвлөх хороо нь салбарын нэр хүндийг муутгах биш сайжруулах, зөвлөгөө өгдөг бүтэц болоход олон замыг туулдаг. Энэ нь бас сорилт юм. Олон нийтэд нээлттэй үйл ажиллагаагаа зарлах, бүр уурхайн түвшнөөр нь нарийвчилж, гүйцэтгэл нь ямар байгааг гаргаж ирэх, түүндээ үнэлгээ өгөх гэдэг зүйлүүд уул уурхайн салбарынханд тулгамдаж байгаа болохоор бага зэргийн сорилттой тулгарч байгаа. 

-Хэрэв Монголд хэрэгжүүлье гэвэл боломж бий юу. Монгол Улсын уул уурхайн компаниуд болон хууль, эрх зүйн орчин танай стандартыг хүлээж авах чадамжтай болов уу. Та юу гэж харж  байна вэ. 

-Монголын уул уурхайн салбарынханы хариуцлагатай байх талаар ярьсан ярианаас нь дүгнэхэд TSM системийг хүлээж авахад бэлэн юм болов уу гэж харагдлаа. 

-Нийгмийн лиценз авах гэдэг зүйл сүүлийн үед хүчтэй яригдаж байгаа. Уугуул иргэд, компани хоорондын үл ойлголцлыг арилгах, компанийн тогтвортой ажиллах механизм нь юу гэж харж байна вэ?

-TSM-ийн хамрах хүрээнд нутгийн иргэдийн оролцоо, уугуул иргэдийн харилцааны протокол гэж байдаг. Үүний шаардлагыг хангахын тулд компаниуд уугуул иргэдтэйгээ хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн байдаг. Бид энэ протоколыг шинэчилж байгаа. Нэр нь ч өөрчлөгдөх байх. Тэр нь “Уугуул болон нутгийн иргэдтэй харилцах харилцаа” гэдэг нэртэй болж байгаа. Бид юу ойлгож мэдэж байна вэ гэвэл нийгмийн лиценз гэдэг зүйлийн хамгийн том зүйл нь нутгийн иргэдтэйгээ харилцах, харилцаа холбоотой байх явдал юм гэж ойлгоод байгаа. Тэдэнтэй бодит үр дүнтэй харилцааг бий болгох нь нийгмийн лицензийг бий болгож байгаа хэрэг. 

TSM-ийн хүрээнд  компани ямар хэлбэрээр нутгийн иргэдтэй харилцахыг хүсэж байна вэ гэдгээ олж тодорхойлж, түүнийх нь дагуу ажиллах гэдэг зүйл рүү түлхүү анхаарал хандуулсан байдаг юм. Нийгмийн лиценз авах томоохон хэсэг нь энэ болдог гэж ойлгож болно. 

-Өнөөдөр дэлхийн уул уурхайн олон улсын трэнд хаашаа чиглэж байгаа вэ. Тогтвортой уул уурхай гэдэгт олон зүйл хамаарах байх. Монгол Улсад  хариуцлагатай уул уурхайн асуудлыг их ярьдаг. Ер нь хариуцлагатай уул уурхайн стандартын өнөөгийн байдлыг та тодорхойлохгүй юу? 

-Энэ бол зүгээр үгнүүд. Цаана байгаа үйл ажиллагаа нь чухал. Уул уурхай тогтвортой байна гэдэг нь асуултын тэмдэг хэвээр үлдэж байгаа. Уул уурхай бол шууд л ухаж байдаг. 

Тэгэхээр тэр уурхайгаас авсан үр шимийг нутгийн иргэд хүртэж, уурхай хаагдсаны дараа амьжиргаагаа залгуулах боломжтой байх гэдэг санаа байгаа юм. Тогтвортой байдалд хүрэх замаа л тодорхойлоод байгаа шүү дээ. Гэтэл цаад зорилго нь улам төгс рүүгээ л явж байдаг. Хариуцлагатай, тогтвортой гэдэг нь хоёулаа л нэг хүрээнд багтана. Хариуцлагатай, тогтвортой гэдэг санаа нь нутгийн иргэдийн харилцаан дээр суурилж ирсэн. Өмнө нь иргэдтэй харилцах нь тогтвортой байхын илэрхийлэл гэдэг байсан бол одоо хөрөнгө оруулагч талаасаа заавал үүнийг шаарддаг болсон. 

-Канад улс уул уурхайн салбар усны менежментээ хэрхэн шийдвэрлэсэн бэ. Байгаль орчин, хууль эрх зүйн орчинтой холбоотойгоор усны асуудлыг шийдэж чадалгүй байсаар хоёр жилийн өмнөөс ханцуй шамлан орсон гэж байсан. Үр дүнд хүрч чадсан уу? 

-Энэ бол шинээр сүүлд оруулсан протокол. Дараа жил усны гүйцэтгэлийг тайлагнаж эхлэх юм. Компаниуд мэдээж үйл ажиллагаагаа сайжруулаад явж байгаа байх. Одоо үүнийг дүгнэж хэлж чадахгүй байна. Гэхдээ протокол эхлэхээс өмнө маш чанга хатуу, нарийн зохион байгуулалттай байсан. Маш олон зүйл бий. 

-Канадын уул уурхайн компаниуд ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хэрхэн анхаардаг вэ. Хүлэмжийн хийн ялгарал, эрчим хүч хэмнэх тал дээр ямар стандарт барьдаг вэ? 

-Манай аюулгүй ажиллагааны протокол таван үзүүлэлттэй. Үүнд, компаниуд заавал өөрсдийн зорилтоо тодорхойлох шаардлагатай байдаг. Тухайн жилдээ аваар осол гарвал А гэсэн ангилалд орохгүй.  

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine