Эдийн засаг

Гадаад өрийн хугацааг сунгаж, хөрвүүлэх нь цорын ганц зам

Монгол Улсын гадаад валютын нөөц аравдугаар сарын байдлаар 4.2 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь валютын төлбөрт барааны импортын найман сарын төлбөр. Гэтэл манай улс нийт 30 орчим тэрбум ам.долларын гадаад өр, төлбөртэйгөөс ирэх дөрвөн жилд 14 тэрбум ам.долларыг төлөх хуваарьтай. Тодруулбал, 2021-2024 онд “Мазаалай”, “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” бондын өрийг төлнө. Эдгээр бондын нийлбэр 2.9 тэрбум ам.доллар болох юм. Түүнчлэн Хөгжлийн банк 500 сая ам.доллартой тэнцэх иений буюу “Самурай” бонд гаргасан. Уг бондыг 2023 онд эргүүлэн төлнө. Монголбанкны Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хүрээнд авч ашигласан 1.8 орчим тэрбум ам.долларын гадаад өрийн эргэн төлөлт хүлээгдэж буй. Ингээд нэмэхээр 5.3 орчим тэрбум болж байна. Үлдсэн 4.7 орчим тэрбум ам.доллар нь арилжааны банкууд болон Засгийн газрын баталгаа гаргаж олгосон Хөгжлийн банкны 500 сая ам.долларын өр юм. Энэ өрийг дараа жилийн тавдугаар сард төлөх ёстой. Гэтэл эдгээр өрийг санхүүжүүлэхэд Монгол Улсын гадаад валютын нөөц хаанаа ч хүрэхгүй байгаа нь гол эрсдэл болоод байна.

Олон улсын судалгааны байгууллагууд өрийг хөрвүүлэх хэлцлээ эртхэн хийгээч ээ гэдэг зөвлөгөөг өгч байгаа

Тэгвэл өнөөдөр гадаад валютын нөөцийн хүрэлцээ болон эдийн засгийн гадаад эрсдэлийн талаар арилжааны банкууд, эдийн засгийн судалгааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүллээ. Тэд “Гадаад валютын нөөц хүрэлцээ”, “Эдийн засгийн эрсдэл”, “Монгол Улсын макро эдийн засгийн эмзэг байдал, түүнийг бууруулах нь” зэрэг  илтгэлүүд тавьж, хэлэлцүүллээ. Манай улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч байгаа ч дунд хугацаанд томоохон сорилтууд тулгарсан хэвээр байна. Гадаад зах зээлийн тогтворгүй байдал, гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед эрсдэлийг даван туулах бэлтгэлийг хангах үүднээс олон ажлыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх учиртай. Үүний нэг нь валютын нөөцийг цаашид нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.

Монгол Улс 2012 онд эдийн засгаа төрөлжүүлэх зорилгоор гадаад зах зээл дээр бонд гаргасан. Харамсалтай нь оруулж ирсэн бондоо ач холбогдол багатай, муу төсөлд зарцуулснаас болж  өнөөдөр өрийн дарамтад орчихоод байна. Хэрвээ түүнийгээ богино хугацаанд үр ашгаа өгөх төсөл, хөтөлбөрүүдэд оруулсан бол өнөөдөр экспортын орлого илүү хурдтай явж байх байлаа. Энд маш том бодлогын алдаа гарсан. Тэгвэл нөгөө талаараа өр үүсгэх бодлого чухал гэдгийг судлаачид онцолж байв. Эдийн засагч Н.Энхбаяр “Хэзээ өр үүсгэх вэ гэдгээ дунд болон урт хугацаандаа бодож байх ёстой. Бусад улс оронд өрийн бүхэл бүтэн төлөвлөгөө явж байдаг. Одоо л бид үүнийг суралцаж эхэлж байна. УИХ-аас өнгөрсөн намар Өрийн дунд хугацааны стратегийг шинэчилж баталлаа. Энэ хуулиар өрийн хугацааг сунгаж, хөрвүүлж болно. Энэ арга хэрэгслүүдээ аль алийг нь хэрэглэх хэрэгтэй. Хэрэв Монгол Улсын эдийн засгийн цаашдын төлөв сайн байгаад томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт тодорхой байвал хөрөнгө оруулагчид өрийг хөрвүүлэх сонирхолтой болно. Тэд заавал өрөө эргүүлж авна гэхгүй шүү дээ. Тиймээс ийм хэлцэл хийх нь чухал. Олон улсын судалгааны байгууллагууд өрийг хөрвүүлэх хэлцлээ эртхэн хийгээч ээ гэдэг зөвлөгөөг өгч байгаа. Тиймээс хугацаа алдалгүй ийм төрлийн хэлцэлүүдээ хийх нь чухал. Хөрөнгө оруулагчиддаа зөв ойлголт төрүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм.

Дэлхийн эдийн засгийн өсөлт сүүлийн 20 жил саарч байна. Энэ нь бүтээмжтэй холбоотой. Энэ саарч байгаа өсөлтийг дэмжих бодлогын орон зай нь төсөв, мөнгөний бодлого дээр хумигдмал байна. Хөгжсөн орнуудын хувьд эрсдэл нь хөрөнгийн зах дээрээ байгаа бол хөгжиж байгаа орнуудад өр болон хөрөнгийн гадагшлах урсгал дээр байгаа гэнэ. Харин манайх шиг эдийн засаг нь жижиг бөгөөд нээлттэй улс гадаад шокийг шууд хүлээж авдаг. Хариу нөлөө үзүүлэх чадамжгүй. Гадаад орчинд болж байгаа үйл явдал манай эдийн засгийн идэхвжлийн дор хаяж 50 хувьд нь нөлөөлдөг гэсэн тооцоо байдаг талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл илтгэлдээ дурьдлаа. Цаашид олон улсын зах зээлд болж буй шокууд биелэлээ олсон тохиолдолд манай худалдааны сувгаар дамжаад дотоодын эдийн засагт орж ирлээ гэхэд үүний эсрэг ямар дархлаа байна вэ гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид ирэлхийллээ. Энэ дархлаа нь валют болон санхүүгийн нөөц байх нь гарцаагүй гэв.  

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/10

Ашигт малтмалын хуульд дархлаа хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine