Компани - Оюутолгой

Өмнөговь аймаг мах боловсруулах үйлдвэртэй боллоо

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-гийн хамтран санхүүжүүлсэн Мах боловсруулах үйлдвэр өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумд ашиглалтад орлоо. Үйлдвэрийн үйл ажиллагааг “Гүүд Рүүт Интертрэйдинг" компани эрхлэн явуулах аж. Тус компанийн нядалгааны цэг бүхий мах ангилан ялгах, боловсруулах, хадгалах үйлдвэрийг нийт дөрвөн тэрбум 775 сая төгрөгөөр байгуулсан бөгөөд “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-гаас 975 сая төгрөгийн санхүүжилтийг гаргажээ. Энэхүү үйлдвэр нь Өмнөговь аймагт эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд малыг төхөөрч, олон улсын чанарын стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болох юм байна.

Мах боловсруулах үйлдвэр нь өдөрт 100 бог, 20 бод мал нядлах хүчин чадалтай, 200 тонн багтаамжтай бүрэн тоноглогдсон гүн хөлдөөх агуулахтай, микробиологи болон химийн лабораторитой ажээ.

 

“Гүүд Рүүт Интертрэйдинг" компани Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газартай түүхийн эдийн чанарын шалгалт дээр хамтран ажиллаж байгаа бөгөөд менежментийн зөвлөх үйлчилгээний "Алтернатив Ренювэйбл Энержи" компанитай хамтран хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс тээвэрлэх явцад бий болох эрсдэлийг үнэлэх тогтолцоо болох “HАССР” стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Энэхүү мах боловсруулах үйлдвэр нь “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-ийн дэмжлэгтэйгээр Өмнөговь аймагт шинээр байгуулагдаж буй анхны үйлдвэр юм. “Оюу толгой” компани болон Өмнөговь аймгийн хоорондох Хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх гол байгууллага болох “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” нь 2015 оноос хойш Өмнөговь аймгийн хэмжээнд 45.8 тэрбум төгрөгөөр 163 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлсэн бөгөөд тэдгээр төсөл, хөтөлбөрүүдийн үр шимийг 390 мянга гаруй иргэн хүртэж, 391 ажлын байрыг бий болгосон байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/10

Ашигт малтмалын хуульд дархлаа хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine