Үйл явдал

Хятадын импортын хоригтой холбоотой жолоочдын асуудал хүндэрчээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн нөхцөл байдал хүндэрч, уртын тээвэр зогсоход хүрчээ. Учир нь энэ сарын 10-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын "Чалко" компани тээврийн хөлсөө тонн тутамдаа 65 юаниар бууруулснаас болж уртын тээврийн компаниуд тээврийн хөлс, тарифийн уналтаас санхүүгийн хямралд орсон тухай “Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн нөхцөл байдал” зөвлөлдөх уулзалтын үеэр жолооч, тээвэрчид хэллээ. Одоогийн байдлаар Цагаан хад гаалийн бүсэд олон тооны машин гаалийн хашаа болон хилийн очерт гацсан байдалтай байгаа бөгөөд жолоочид машиндаа 10-14 хонож, 2-3 км урагшилж байгаа гэнэ.  

2500 машины зогсоол энэ ондоо багтаад ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байна

Хилийн таталт байхгүй, зам түгжирсэн тохиолдолд гаалийн зүгээс нүүрс ачих зөвшөөрлийн бичиг олгохоо түр зогсоож, дараалалд түгжирсэн машинуудыг хуваарийн дагуу хил рүү гаргах хэрэгтэй. Хятадын тал “нөөц хангагдсан нүүрс авах шаардлагагүй” гэж хатуу мэдэгдэж байгаа бол тээврийг түр зогсоох, жолооч нарт машин тээврийн хэрэгслээ парклах чиглэл өгөх хэрэгтэй талаар тээврийн компаниудын төлөөлөл хэлж байв. Тэд мөн жолооч нарт тохиолддог осол гэмтэл, нийгмийн асуудал хүнд хэвээр байгааг онцолж байлаа. Тээвэрт оролцдог төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн даван туулах талаар хэлэлцэж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Хятадын талаас чухам ямар шалтгаанаар нүүрс тээврийн үнэ буурсан талаар лавлаж асуухаар болсон байна. Хурлын үеэр зарим оролцогчдоос үүсээд байгаа нөхцөл байдлын талаар санал бодлыг нь сонслоо. 

Л.Нямбаяр: Гашуунсухайтын боомтоор 18.5 сая тонн нүүрс гаргаад байна

“Эрдэнэс Монгол” компанийн Дэд бүтэц, ложистикийн газрын захирал Л.Нямбаяр: Тээвэрлэлт зогсоогүй. Харьцангуй багассан. Хятад жилийн сүүлийн хоёр сар тохируулга хийдэг. Өнөөдрийн байдлаар 200-400 орчим машин хилээр гарч байна. Уурхайгаас Цагаан хад хүртэлх тээвэрлэлт харьцангуй багассан. Гэхдээ өнгөрсөн жилээсээ дордоогүй. Гашуунсухайтын боомтын хувьд хамгийн их нүүрс тээвэрлэсэн жил болж байна. Төлөвлөсөн хэмжээнд одоохондоо хүрээгүй. Цаашдаа Цагаан дэл уулын зам, боомтын асуудал яригдаж байна. Ханги-Мандал чиглэлийн авто зам, үүнийг дагасан боомтын бүтээн байгуулалтын ажил явж байгаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн параллель зам, төмөр замын асуудал яригдаж байна. Эдгээр боомтууд ашиглалтад орох үед дээрх нөхцөл байдал хамаагүй сайжирна. 2017 онд уртын урт гэдэг тээвэрлэлт явж байсан. Үүнээс хойш урт, богино буюу уурхайгаас Цагаан хад, Цагаан хаднаас боомт гэсэн хоёр чиглэлээр тээвэрлэлт хийдэг болсон. Одоогоор дараалал 5-6 хувь багассан. Энэ нь маш олон шалтгаантай байдаг. Хятад “Алтан хаалга” гэдэг технологийн шинэчлэл хийсэн. Үүнээс болж түгжрэл үүссэн. Дээрээс нь манай жолооч нарын ачаанаас хориотой бараа илэрдэг. Энэ үед боомт дээр асуудал үүсдэг. Татан авалт хэвийн үед дараалал багасдаг. 2500 машины зогсоол энэ ондоо багтаад ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байна. Ирэх жил бид эрчим хүчний шугам татна. Одоогийн байдлаар Гашуунсухайтын боомтоор 18.5 сая тонн нүүрс гаргаад байна. Өнгөрсөн жилийн эцэст 18.2 сая тонныг гаргаж байсан шүү дээ. 

С.Майхүү: Жолоочид Цагаан хад суурьшлийн бүсэд бослого тэмцэл зарлаад цугларчихсан байгаа 

Албаны хүмүүс “явж байгаа” гэж худлаа хэлээд байна

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд нүүрс тээвэрлэгч эмэгтэй жолооч С.Майхүү: Бодит байдал гэвэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн тээвэрт явдаг жолоочид Цагаан хад суурьшлийн бүсэд бослого тэмцэл зарлаад  цугларчихсан байгаа. Яагаад гэхээр таталт удааширчихсан. Нүүрс ачсан машинууд нь 20 гаруй хоног зам дээрээ гарч чадахгүй зогсож байна. “Ачсан нүүрсээ буулгачих л юм бол гэртээ харина” гэсэн жолоочид олон мянгаараа байна. Гэтэл албаны хүмүүс “явж байгаа” гээд худлаа хэлээд байна. Хэвлэл, мэдээллийн байгууллага ч юм уу, төрийн бус байгууллагаар дамжуулаад бидэнд мэдээлэл өгдөггүй. Хятад нүүрсний татан авалтаа багасгасан гэдгийг мэдээлэх ёстой шүү дээ. Жолоочид сая төгрөгийн төлөө ямар ч амь насны даатгалгүй эрсдэл рүү зоригоороо, сохроор яваад орчихдог. Намайг анх 2016 онд жолооч болж байхад очер дараалал, эрдсэл бага байдаг байсан. Жил ирэх тусам тээврийн хэрэгсэлийн тоо нэмэгдсэн. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд гурван жилийн өмнө таван мянган тээврийн хэрэгсэл явдаг байсан бол одоо 14 мянга орчим болчихоод байна. 

Тээвэрлэгчдийн бүтээмж 3-5 дахин нэмэгдэх боломжтой төслийг танилцуулав

Тээвэрчдээс авсан замын хураамж өнгөрсөн жилийн тооцоогоор 300 тэрбум төгрөг болсон 

Хуралд оролцогсод “Хэдэн жолоочийг тамлаад байгаа асуудал бол төрийн бодлогоос болж байгаа. Хэдэн жилийн өмнө замаа барьж байгуулах ёстой байсан. Хэдэн машин оруулж ирчихээд мөнгө олох гэсэн хүмүүсийн ажил. Тэгээд л бид нарыг хэрэлдүүлээд, хэдэн жолоочоо тамлаж дуусч байна. Засгийн газарт зөв бодлоготой, зөв сэтгэлтэй хүмүүсийг тавихгүй бол бидний энэ байдал хэвээр л байна.  Сүүлийн арван жилд яамдуудад дүүрчихсэн тархитай хүмүүс олширлоо” гэцгээж байв. Тэгвэл нөхцөл байдал дээрдэхгүй байсаар дуусах уу, ямар нэгэн гарц шийдэл илэрхийлэх үү гэдэг дээр хэд хэдэн хүн санал бодлоо илэрхийллээ. Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар “2009 оноос хойш тээвэрчдээс замын хураамж авсан. Өнгөрсөн жилийн тооцоогоор гэхэд 300 тэрбум төгрөг болчихсон байсан. Засгийн газар мөнгө авсан бол буцаагаад төлөх ёстой. Жолоочдын амиа өргөн байж  өгсөн мөнгө  замдаа л орох ёстой. Хэн нэгэн даргыг цалинжуулах хэрэггүй” гэв. 

“Сайхан ордос туурь” компанийн хувьцаа эзэмшигч н.Баттулга Монголын тээвэрлэгчдийн бүтээмж 3-5 дахин нэмэгдэх боломжтой төсөл танилцууллаа. Энэхүү төсөл хэрэгжвэл тээврийн хэрэгсэл хил нэвтрэхгүйгээр буцах буюу Монгол, Хятадын хилийн бүс, зурваст ирж хил, гаалийн шалган нэвтрүүлэх орчин үеийн технологи бүхий боомтоор дамжин тээвэрлэгдэх гэнэ. Энэхүү байгууламж нь туузан дамжуурга буюу конверын шийдэлтэй бөгөөд экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр онцолсон юм. Түүнчлэн тээвэрчид болон хил, гаалийн ажилчдын ачааллыг бууруулах хөнгөвчилж, нүүрсийг тээвэрлэхдээ метал, эд зүйлийг ангилан ялгах, хяналт хийх бүрэн боломжоор хангагдах аж. Ингэснээр бүтээгдэхүүний хорогдол байхгүй болж, олон дахин буулгаж ачих ихээхэн зардал, цаг хугацааг хэмнэх давуу талтай гэнэ. Тус төслийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 70-80 сая ам.доллар хэрэгтэй юм байна. Гэтэл Хилийн дэглэмийн гэрээнд өөрчлөлт оруулж байж хийх бололцоотой гэдэг хариуг Засгийн газраас өгөөд даруй арав орчим жил болжээ. Уг төслийг Хятадын тал дэмждэг. Хэрвээ байгуулахаар болбол хагас жилийн дотор барих боломжтой гэдгийг тэрбээр онцоллоо. 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine