Компани - Оюутолгой

Оюутолгой төслийн гэрээг сайжруулах УИХ-ын тогтоолыг баталлаа

УИХ-ын өнөөдрийн чуулганаар  “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.

Санал хураалтад УИХ-ын 46 гишүүн оролцож, 100 хувийн саналаар дэмжив

Уг тогтоолд 2009 онд байгуулсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөхийн үйлчилгээ авах, 2015 онд байгуулсан Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулахыг Засгийн газарт даалгахаар болж байгаа юм.

Оюутолгой төсөлд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 11.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж. УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр “2010 оны ТЭЗҮ-ээр 14.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн тооцоотой байсан. 2015 оны шинэчилсэн ТЭЗҮ-эр 27 тэрбум ам.доллараар өсөж 42.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болж нэмэгдсэн” гэдгийг онцлов.

Үүнээс гадна “Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-т оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах”-ыг Засгийн газарт даалгаж байна. Ингэснээр Монгол Улс Оюутолгой төслийн эзэшлийн 34 хувиа зарах эрх нээгдэж байгаа юм.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine