Компани - Хөрөнгө оруулалт

Дубайн гэрээг цуцалбал Лондонгийн Арбитрын шүүхэд дуудагдана

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн 2015 онд гаргасан гурван захирамжийг хууль бус хэмээн шийдвэрлэсэн билээ. Дээрх захирамжууд нь “Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г байгуулахтай холбоотой Ажлын хэсэг байгуулах, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюу толгой” компанийн удирдлагад Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах эрх олгосон захирамжууд байсан юм. Шүүхийн шийдвэртэй холбогдуулан “Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” буюу Дубайн гэрээ хууль бус болсон уу, хүчингүй болсон уу гэсэн асуудал сөхөгдөж, Засгийн газраас тодорхой тайлбар өгөөгүй байна. 

Харин хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компаниас шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, Дубайн гэрээ нь хууль ёсны дагуу байгуулагдсан хэмээн мэдэгдээд байгаа билээ. Тус компани мэдэгдэл гаргасантай холбогдуулан Нью Йоркийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш нь 4.3 хувиар буурч, 0.43 ам.доллар болоод байна. 

Мөн өчигдөр ҮАБЗ-ийн хуралдаанаар Оюу толгойн асуудлыг хэлэлцэж, Гэрээг цуцалж, төслийг зогсоохгүй. Харин Гэрээнүүдийг сайжруулах шаардлагатай гэдэгт санал нэгдсэн хэмээн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдэгдлээ. Тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнд энэ талаар мэдээлэл өгсөн юм. 

“Оюу толгойн хөрөнгө оруулагчид хэрвээ үүссэн асуудлаар хоёр тал тохиролцож чадахгүй бол Лондонгийн шүүхэд асуудлаа тавина гэдгээ мэдэгдсэн. Ер нь Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг чинь Монгол Улсын Засгийн газар УИХ, Ерөнхийлөгчтэйгөө нийлж байгуулсан гэрээ. Энэ чинь Монгол Улсын л асуудал. Тиймээс Лондонгийн шүүхэд Монголчууд гэрээний үүргээ биелүүлсэн үү гэдэг асуудал яригдана. Миний хувьд Оюутолгой төслийг зайлшгүй явуулах, үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хэрвээ энэ төслийг зогсоовол Монгол Улс дааж давшгүй маргаан дунд орно. Энэ маргаанд Монгол ялагдах магадлал маш өндөр. Маргааны зардал асар их. Өнөөдрийг хүртэл хийсэн бүх хөрөнгө оруулалтыг нөхнө, төслийг зогсооно. Хөрөнгө оруулагчид Лондонгийн шүүхээр дамжуулж ашгаа биднээс нэхнэ. Тиймээс ийм хүнд байдалд улсаа оруулж болохгүй гэж үзэж байгаа” хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine