Ярилцлага

Уул уурхайг зогсоох нь амиа хорлохтой адил

2019  |  October   |  023

Эдийн засагч, Монгол Улсын их сургуулийн профессор Ч.Хашчулуунтай уул уурхайн салбарын эдийн засагт оруулж буй хувь нэмрийн  тухай ярилцлаа.

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Манай улсын эдийн засгийн байдал энэ онд харьцангуй таатай нөхцөлд байна. Дотоодын хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдсэн, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаас гадна сонгуулийн жил ойртож байгаатай холбоотойгоор төсвийн хөрөнгө оруулалт мөн өсөж байна. Ялангуяа дэд бүтцийн салбарт. Сүүлийн жилүүдэд хувь иргэдийн хэрэглээ өссөн дүнтэй гарсан. Ингээд ерөнхийд нь харж үзвэл хөрөнгө оруулалт, хэрэглээ гээд эдийн засгийн гол үзүүлэлтүүд өсөлттэй харагдаж байна. ДНБ-ий жилийн өсөлт хагас жилийн байдлаар 7.3 хувьтай гарсан. Гуравдугаар улирлын дүн хэд хоногоос тодорхой болно. Урьдчилсан байдлаар харахад бүх салбарууд ерөнхийдөө өсөлттэй гарахаар байгаагаас уул уурхайг багтаагаад аж үйлдвэрийн салбарын өсөлт 15 хувьтай байгаа нь сайн үзүүлэлт гэж хэлж болно. 

Уул уурхайн салбар манай улсын гадаад валютын орлогын гол эх сурвалж болдгоороо эдийн засагт тогтворжуулах нөлөө үзүүлдэг 

Мөн төсвийн хувьд ашигтай гарч байгаа, төгрөгийн ханш тогтвортой байна. Хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлт эхний есөн сарын байдлаар есөн хувьтай байгаа нь зорилтот түвшнээс нэг хувиар өндөр дүн. Гэхдээ намар хоол, хүнсний бүтээгдэхүүний үнэ буурдаг зүй тогтол байдаг учраас оны эцэст үнийн өсөлт эргээд зорилтот түвшин болох найман хувьд хүрч буурах боломж бий. 

-Эдийн засаг өсөлттэй, таатай байгаад уул уурхайн салбар хэр нөлөөлсөн юм бол?

-Эдийн засгийн нөхцөл байдал таатай байгаад гол нөлөө үзүүлж байгаа салбар бол яах аргагүй уул уурхай. Монголын уул уурхайн салбар нийт ажиллах хүчний таван хувийг хангадаг хэдий ч төсвийн орлогын гуравны нэгийг, экспортын орлогын 90 хувийг бүрдүүлдэг асар том ач холбогдолтой салбар юм. Ер нь Монгол Улсын эдийн засгийн үндсэн ачааг үүрч явдаг гол хоёр салбар нь уул уурхай, хөдөө аж ахуй гэж хэлж болно. Хамгийн гол нь уул уурхайн салбар манай улсын гадаад валютын орлогын гол эх сурвалж болдгоороо бусад салбаруудад маш эерэг, тогтворжуулах нөлөө үзүүлдэг онцлогтой.

Уул уурхайн салбар тогтвортой хөгжсөнөөр тээвэр, санхүү, хоол хүнсний үйлдвэрлэл гэх мэт олон салбар ханган нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэж, өөр өөрсдийн боломжийн хэрээр хөгжиж байдаг. Энэ нь үйлчилгээний салбарын өсөлтөд нөлөө үзүүлдэг гэсэн үг.

-Ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. Ирэх жилүүдийн өнгийг та хэрхэн харж байна вэ?

-Бид уул уурхайн салбар гэж ярьж буй боловч дотроо зэс, нүүрс, алт гээд салбар бүр харилцан адилгүй нөлөө үзүүлнэ. Уул уурхайн бүтээгдэхүүн нь Монгол Улсын гол экспорт учраас гадаад зах зээлийн төлөв, өөрчлөлтөөс ихээхэн хамаарна. Гадаад хүчин зүйл талаас манай экспортын бүтээгдэхүүнүүдийн эрэлт харьцангуй тогтвортой байгааг хэлэх нь зүйтэй. Хэдийгээр дэлхийн эдийн засгийн түгшүүртэй байдлууд сөрөг нөлөө үзүүлдэг нь үнэн боловч одоогоор манайд сөрөг нөлөө нь мэдрэгдэхгүй байна. Энэ жилийн хувьд нүүрс, зэсийн борлуулалт төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа болов уу. Үнэ хэдийгээр сүүлийн хэдэн сард буурсан боловч тийм ч ноцтой гэж үзэхээр зүйл ажиглагдахгүй байгаа. 

Ерөнхийдөө өвлийн бэлтгэл хангах ажилтай холбоотойгоор намрын улиралд нүүрсний үнэ өсөх хандлагатай байдаг. Мөн манай хөрш Хятад улс дотооддоо дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлж байгаа учраас тэр хэмжээгээр гангийн эрэлт тогтвортой байгаа. Энэ нь гангийн үйлдвэрлэлийн гол орц болдог коксжих нүүрс, төмрийн хүдрийн эрэлтийг дэмжиж, манай улсын экспорт тогтвортой байх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Сүүлийн хэдэн сард алтны үнэ нэлээд өсчихлөө. Энэ нь манай улсын хувьд их сонирхолтой байдлаар худалдааны дайны эерэг нөлөө болж тусаж байна. БНХАУ-ын Төв банк алтны нөөцөө нэмэгдүүлэх бодлого баримтлах болсонтой холбоотойгоор үнэ ийн өссөн. Нэг талаас дэлхийн худалдаанд үүссэн тодорхойгүй байдал манайд сөрөг нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Гэхдээ нөгөө талаас түүнд автах, паник үүсэх нөхцөл байдал одоохондоо үүсээгүй байна. Эрсдэл үргэлж байдаг. Эрсдэлд бэлэн байхын тулд улсаас Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан зэрэг тусгай зорилгын сангуудыг байгуулаад ажиллаж байгаа шүү дээ. Эдгээр сангийн гол орлогыг уул уурхайн салбарын үнийн өсөлтөөс хамаарсан татварын ашгаар бүрдүүлдэг. 

-Сангуудын зорилго нь уул уурхайн орлогыг урт хугацаанд иргэдэд хүртээмжтэй тэгш хуваарилах бодлого шүү дээ. Гэхдээ богино хугацаанд энэ зорилгоос гажсан шийдвэр, мэдэгдлийг төрийн өндөр дээд албан тушаалтнууд гаргаж байна. Ер нь уул уурхайгүй явъя гэдэг байр суурийг ч илэрхийлэх боллоо. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Манай эдийн засаг уул уурхайгүйгээр хөгжих ямар ч боломжгүй. Тэгвэл төгрөгийн ханш богино хугацаанд хэд дахин унана, 100 гаруй мянган хүн ажилгүй болно, гадаад валютын орлого байхгүй болно, улсын төсвийн орлогын гуравны нэг нь үгүй болно. Гурван их наяд төгрөгийн орлого шууд утгаараа байхгүй болно гэсэн үг. Ийм орлого байхгүй болбол зардлаа бас ийм хэмжээгээр бууруулах болно. 

Тэгэхээр уул уурхайг харин ч сайн хөгжүүлэх талаас нь хичээх хэрэгтэй. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд маш их хөрөнгө шаарддаг учраас улсаас их хэмжээний хөрөнгө оруулна гэхээсээ хувийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Сүүлийн 20 жилд энэ бодлогыг хэрэглэж ирсэн, цаашдаа ч бодлогоосоо ухрахгүй байх нь зөв. Салбарын үйл ажиллагаатай холбоотой, тухайлбал, байгаль орчин бохирдуулдаг, нөхөн сэргээлт хийдэггүй гэх мэт маргаан байгаа нь үнэн. Гэхдээ эдгээр асуудлыг бүгдийг нь шийдэх боломжтой. 

Уул уурхай нь Монголд сүүлийн 10 жилд гарч ирж байгаа салбар биш. Бүр ХХ зууны эх, Богд хааны үеэс ач холбогдлыг нь ойлгож, анхны уурхайнуудыг байгуулаад ажиллаж байсан. Цаашдаа уул уурхайг хөгжүүлэхдээ орлого нь үр өгөөжтэй зарцуулагдах талаас нь анхаарах ёстой. Хоёрдугаарт, аж ахуйн нэгжүүдийг нийгмийн хариуцлагын тал дээр сайн ажиллахыг нь дэмжиж, шаардлага тавих нь зүйтэй байх. Гуравдугаарт, уул уурхайн орлогогүйгээр хөгжинө гэсэн хоосон мөрөөдөл маягийн зүйл ярихын оронд нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэж, түүний үндсэн дээр энэ салбарыг цаашид яаж хөгжүүлж улс орны хөгжлийг хурдасгах вэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. 

-Уул уурхайн орлогыг үр өгөөжтэй болгох ямар боломж байна вэ?

-Гол арга зам бол төсөвт орлогоо бүрдүүлээд түүгээрээ нийгмийн гол хөгжлийн чиглэлүүдийг санхүүжүүлэх. Түүнээс биш орж ирсэн орлогыг зүгээр хуваагаад, идэж уух нь чухал биш. Хамгийн чухал нь улсын хөгжилд хувь нэмэр үзүүлж, материаллаг бааз бий болох ёстой. 

-Сүүлийн саруудад гарч байгаа улс төрийн мэдэгдэл, шийдвэр нь одоо болон ирэх жилүүдэд эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-Эдийн засгийн тулгуур хоёр салбарынхаа нэгийг байхгүй болгоно гэдэг нь амиа хорлож байгаатай адил. Дэлхий дээр уул уурхайг хөгжүүлсний үр дүнд эдийн засаг нь тогтмол өндөр өсөлттэй явж ирсэн улсын жишээ маш олон байгаа. Хамгийн тод жишээ гэвэл манай хойд хөрш ОХУ-ыг дурдаж болно. Тус улсын экспортын 66 хувийг ашигт малтмалын бүтээгдэхүүн, тэр дундаа газрын тос, байгалийн хий голчлон бүрдүүлж байна. Манай урд хөршийн хувьд уул уурхайн салбар нь маш том. Дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч үндэстэн. Монголтой нүүрсний чиглэлээр өрсөлддөг Австрали, Индонези, зэсийн нийлүүлэлтээр өрсөлддөг Чили, Перу зэрэг улсыг дурдаж болно. Буурай хөгжилтэй улсын хувьд дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцжуулах гэх мэт уул уурхайн орлогыг ашиглах хэрэгцээ, шаардлага байсаар байна. Тэгэхээр зөв зүйтэй ашигласнаар эдийн засгийг өөд нь татах боломж яг одоо бидний өмнө бий. Боломжийг яаж ашиглах вэ гэдэг биднээс л хамаарна. 

-Хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур салбар гэж буй боловч уул уурхайтай харьцуулж харвал их ялгаатай байх?

-Уул уурхай хөгжөөгүй үед Монгол Улсад байсан ганц бодит салбар нь хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуй нь бас л байгалийн нөөцийг ашиглаж улсад орлого оруулж байгаа салбар. Нэг нь газрын гүнд байдаг нөөцийг ашигладаг бол нөгөө нь газрын ил байгаа нөөцийг ашигладаг гэдгээрээ уул уурхай, хөдөө аж ахуй хоёр адилхан. 

Харин хөдөө аж ахуйн салбарын хувьд бодсон хэмжээнд экспорт хийж чаддаггүй, улсын төсөвт орлого оруулахаа бараг больсон. Малчид гэхэд л татвар төлдөггүй, гэсэн хэрнээ үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь маш үнэтэй байдаг. Үүнд нийтийн зүгээс шүүмжлэлтэй ханддаг нь зөв байх. Мөн бэлчээрийн даацыг хэтрүүлж ашигладаг, ноолуур их авахын тулд гэх мэт богино хугацааны ашиг хайж байгаль орчиндоо хохиролтой байдлаар аж ахуй эрхлэх нь ихэссэн. Байгаль орчны сөрөг нөлөөллийн 90 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбараас үүдэлтэй байгааг сүүлийн үеийн судалгаа харуулж байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine