Зах зээл - Нүүрс

Чулуун нүүрсний экспорт 309.2 сая ам.доллараар өслөө

Экспорт энэ оны эхний арван сард өмнөх оны мөн үеэс 583.9 сая ам.доллараар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ийнхүү өсөхөд чулуун нүүрсний экспорт 309.2 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 199.8 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ. Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 83 хувийг төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн эзлэж байна гэх тоон мэдээллийг Гаалийн ерөнхий газраас өгөв.  

Чулуун нүүрс: Энэ оны эхний арван сард 2747.7 сая ам.долларын 32.3 сая тонн чулуун нүүрс  экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 309.2 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.4 сая тонноор их байгаа юм. 2018 оны мөн үед нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.8 ам.доллар байсан бол энэ онд 85 ам.доллар болж өсжээ. Төсөвт тусгагдсан үнээс 10 орчим ам.доллараар өндөр байна гэсэн үг. 

Зэсийн баяжмал: Монгол Улс энэ оны эхний арван сарын байдлаар 1174.2 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 30.5 мянган тонноор бага байна. Өнгөрсөн оны мөн үед зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1668.9 сая ам.доллар байсан бол тайлант хугацаанд 1541 сая ам.доллар болжээ.

Төмрийн хүдэр: Төмрийн хүдрийн экспорт 6699.5 мянган тонн буюу 459.5 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 651.1 мянган тонноор, үнийн дүн нь 185 сая ам.доллараар тус тус өсчээ. Нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.6 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.2 ам.доллараар өссөн байна.

Боловсруулаагүй нефт: Боловсруулаагүй нефтийн экспорт 5428.2 мянган баррель буюу 302.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 460.2 мянган баррелаар их болов ч үнийн дүнгээр 23.7 сая ам.доллараар бага байна. Үүнд дундаж үнийн бууралт нөлөөлсөн байна. Нэг баррель нефтийн хилийн дундаж үнэ 65.7 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 55.8 ам.доллар болж буурчээ.

Жонш: Энэ оны эхний арван сард 170.4 сая ам.долларын 557.7 мянган тонн жонш экспортлосон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс135.9 мянган тонноор, үнийн дүнгээр 29.9 сая ам.доллараар өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 305.6 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.6 ам.доллараар буурсан байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортложээ. 

Цайрын баяжмал:  Энэ оны эхний арван сард 109.2 мянган тонн цайрын баяжмалын нэг тонныг дунджаар 1425.5 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 202.3 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 155.6 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 11.9 сая ам.доллараар буурчээ.

Алт: Энэ оны эхний арван сард 7464.5 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4032.6 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42104.9 ам.доллар байсан бол энэ онд 46121.4 ам.доллар болж 4016.5 ам.доллараар өсөв. Алтны экспорт үнийн дүнгээр 344.3 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 199.8 сая ам.доллараар өсчээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2019 оны эхний арван сард өмнөх оны мөн үеэс нүүрс, газрын тос, буталмал чулуу, хайлуур жонш, төмрийн хүдэр зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 8.7-39.6 хувь өсчээ. Харин зэсийн баяжмал, цайрын баяжмал, молибдений баяжмал, алт зэрэг бүтээгдэхүүний олборлолт 1.3-24.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine