Компани - MINING CEO

З.Ган-Очир: Овоотын төсөлд 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

спайр Майнинг” компанийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очиртой ярилцлаа. Тус компани Монголд 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд коксжих нүүрсний дараагийн томоохон экспортлогч компани болохыг зорьж байгаа билээ.

-“Аспайр Майнинг” компанийн Овоот төслийн хөгжүүлэлтийн явц ямар шатандаа явна вэ?

-Овоот бол уурхайн бүтээн байгуулалт эхлээгүй, хөгжүүлэлтийн шатандаа яваа төсөл. Бүтээн байгуулалт эхлэхэд шаардагдах эдийн засгийн судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын судалгаа, олон нийтэд үзүүлэх нөлөөллийн судалгаанууд хийгдэж байна. Дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэх талаар яригдаж байна. Урьд нь бид төмөр зам барих хувилбарыг тавьж байсан бол одоо авто зам барих хувилбарыг судалж байна. Авто зам нь богино болон дунд хугацаандаа үр өгөөжтэйболомжийн хувилбар байж болох юм. Судалгаа нь эцэслэгдэхээр шийдвэрээ гаргана.

Мэдээж энэ бүх технологийн шийдлүүдийг сонгохдоо орон нутгийн иргэд, хөгжлийн асуудлыг авч үзэж байгаа. Энэ бол хариуцлагатай уул уурхайн компанийн хувьд, мөн монгол хүнийхээ хувьд ч байх ёстой асуудал.

Орон нутгийн иргэдэд авто замыг хөгжүүлэх, хэрэглэх сонирхол байгаа. Тийм бол төв суурин газраар дайрч явах уу, өөр чиглэлээр явах уу гэх мэтээр маршрут ямар байх тал дээр хэд хэдэн хувилбараар судалж байна.

Уул уурхайн томоохон төслүүдийн эдийн засгийн өгөөж нь урт хугацааных учир тухайн бүс нутгийн нийгмийн дэд бүтцийг санхүүгийн хувьд дэмжээд тогтвортой хөгжүүлэх чадамжтай байдаг

-Танай компани хайгуулын шатнаасаа эхлээд 10 гаруй жил болж байна. Бүтээн байгуулалт нь хэзээ эхлэх төлөвлөгөөтэй байна вэ? Дэд бүтцээ шийдвэрлэсний дараа эхлэх үү?

-Тэгж ойлгож болно. Өнөөдөр дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ харьцангүй тогтвортой байна. Ийм үед компанийн зүгээс дэд бүтцээ байгуулаад төслөө эхлүүлэх боломжтой. Нүүрс олборлох, баяжуулж боловсруулж, өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг аль болох зардалбагатайгаар олборлож экспортлохыг зорьж байна. Баяжуулах үйлдвэр, тээврийн дэд бүтэц, эрчим хүчний нүүрс ашиглах чиглэлээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх гээд цогц шийдлийг бид эрэлхийлж байна. Овоотын орд батлагдсан ТЭЗҮ-ээр бол 30 жил ажиллана. Жилийн олборлолт 2-4 сая тонноор эхэлнэ. Дэд бүтэц оновчтой шийдэгдэж, аюулгүй ажиллагаа тогтвортой төвшинд хангагдвал хүчин чадлыг нэмэх боломжтой.

-Овоотын нүүрсний гол зах зээл нь Хятад байх. Гэтэл Хятадын коксжих нүүрсний импорт нь 60-70 сая тонн л байдаг. Энэ зах зээлд Овоотын нүүрс Тавантолгойн нүүрс, Нарийнсухайтын нүүрстэй өрсөлдөх боломжтой юу? Тэдний хажууд хол зам туулж зах зээлд хүрнэ шүү дээ?

-БНХАУ өөрсдийн хэрэглээний 10 орчим хувийг л өөр улсуудаас авдаг. Монгол Улсаас Хятадын зах зээлд нийлүүлж байгаа нүүрсийг төрөл чанараар нь авч үзэх хэрэгтэй. Алагтогоогийн сав газраас эрчим хүчний нүүрс, Нарийнсухайтын сав газраас 1/3 коксжих нүүрс, бас эрчим хүчний нүүрс, Тавантолгойн сав газраас угаасны дараа Primary Coking Coal буюу үндсэн коксжих нүүрс тус тус экспортолж байна. Овоотын ордын нүүрсний чанарын хувьд арай өөр ангилалд багтдаг. Premium Blending Coal буюу Монголоор гангийн үйлдвэрт хэрэглэдэг хольцын нүүрс гэсэн үг. Хольцын нүүрс гэхээр манайхан хамгийн сайн чанартай нүүрс гэж андуураад байдаг. Хараахан хамгийн сайн чанартай нь биш ч өвөрмөц чанартай тул арай хямд нүүрсийг ган хийж буй нүүрсний багцад оруулах боломжийг бий болгодог. Хольцын нүүрсний хувьд PCC-ээс ойролцоогоор 5-10 хувиар үнэ хямд байдаг. Бидний хувьд угаагаад үнслэг багатай хольцын нүүрсийг эцсийн бүтээгдэхүүн байдлаар экспортлох учраас зайн хувьд зам тээврийн зардлыг даах бүрэн боломжтой. Овоотын нүүрс экспортод гарвал Монголын экспортын нүүрсний төрлийг нэмэгдүүлж байгаа юм.

-Тавантолгойгоос 260 км авто замаар тээвэрлэхэд тээврийн зардал маш өндөр гардаг. Гэтэл Овоотоос 500 гаруй км авто замаар тээвэрлэж Эрдэнэт хүрээд, тэндээсээ дахиад 1000 гаруй км төмөр замаар явж хэрэглэгчдэдээ хүрэх байх. Үнэхээр ийм хол тээврийн зардлыг даана гэж үү?

-Хэрвээ Бугатын төмрийн үйлдвэр юм уу, Тавантолгойн нүүрсийг угааж хэрэглэж байгаа Баяннуур аймагт очно гэвэл манай тээврийн зардал өндөр гарна. Гэтэл сайн чанарын коксжих нүүрсний гол зах зээл нь Хятадын зүүн, зүүн урд талдаа байдаг. Тавантолгойн нүүрс маань Монгол дотроо шороон замаар урагш тээвэрлэгдээд, Хятад дотроо хөндлөн явж, зүүн эрэгт хүрдэг. Харин Овоотын нүүрс маань Монгол дотроо хөндлөн тээвэрлэгдээд урагшаа төмөр замаар явна гэсэн үг. Тэгэхээр Тавантолгойн нүүрстэй харьцуулахад тээврийн өртөг тийм ч хол зөрүүтэй гарахгүй. Хоёрдугаарт, сүүлийн үед Ерөнхийлөгч, Зам тээврийн хөгжлийн яамнаас ярьж буй бодлого бол ОХУ-аар дамжин гуравдагч зах зээлд нүүрсээ гаргах. Энэ чиглэлийг бид бас судалж байна. Овоотын орд хойд талдаа байрлалтай учир ОХУ-аар дамжин тээвэрлэвэл давуу талтай. Хольцын нүүрсний нэг давуу тал юу гэхээр гангийн үйлдвэрлэлд коксжих нүүрсийг 40-60 хувьд нь хэрэглэдэг байхад хольцын нүүрсийг 15-25 хувьд нь хэрэглэдэг. Тэгэхээр эцсийн олон хэрэглэгчдэд БНХАУ болон ОХУ-д ч хүргэх ёстой. Манай бүтээгдэхүүний гол өрсөлдөгчид нь уурхайн насжилт нэлээд өндөр болсон ОХУ, болон БНХАУ-ын ижил чанартай нүүрснүүд юм.

-Нэг хэсэг танай компани төмөр зам барина гэж нэлээд яригдсан. Гурван улсын эдийн засгийн коридорын нэг хэсэг ч болсон. Яагаад энэ төмөр замын төслөө орхиод авто зам тавих талаар ярих болов?

-Хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, саяхан Засгийн газар хэд
Уул уурхайн томоохон төслүүдийн эдийн засгийн өгөөж нь урт хугацааных учир тухайн бүс нутгийн нийгмийн дэд бүтцийг санхүүгийн хувьд дэмжээд тогтвортой хөгжүүлэх чадамжтай байдаг
46 | Asia Mining Magazine
хэдэн газрыг байгалийн цогцолбор газар хэмээн тусгай хамгаалалтад авсан. Манай төлөвлөсөн төмөр зам барих маршрут Булнайн нурууны байгалийн цогцолбор газартай зарим хэсгээрээ давхацсан. Тэгэхээр тойрох техникийн шийдэл гаргах, боловсруулахад цаг хугацаа санхүүжилт нэлээд шаардана. Хоёрдугаарт, төмөр замын бүтээн байгуулалт маань эдийн засгийн коридорын нэг хэсэг гэдэг утгаараа гурван улсын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээрээс хамаарахаар болсон. Засгийн газрын яриа хэлэлцээр хэзээ явагдах, эцэслэгдэх нь биднээс үл хамааран шийдэгдэх асуудал юм. Гуравдугаарт, орон нутгийн иргэд, ялангуяа тухайн бүс нутгийн иргэд, орон нутгийн удирдлагын зүгээс манай компанид тавьж байгаа хүсэлтүүдийн нэг нь тээврээ авто замаар шийдээч ээ гэдэг хүсэлт юм. Авто зам нь ганц нүүрс тээврийн гэхээсээ илүү орон нутгийн хөгжилд хэрэгтэй байгаа дэд бүтэц гэдэг нь илүү чухал. Орон нутгийн бизнес эрхлэгчид, иргэдийн амьжиргаанд зайлшгүй хэрэгтэй дэд бүтэц юм.

-Гэхдээ төмөр замын төслөө бүр орхиогүй биз дээ?

-Төмөр зам бол Монгол Улсын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан. Тэгэхээр Засгийн газар хэзээ хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарах байх гэж бодож байна.

Төмөр замын бүтээн байгуулалт нэлээд ярвигтай шүү дээ. Анх манай компани 2012 онд төмөр замын судалгаагаа эхлэхдээ хойгуур буюу Мөрөн хотоор дайруулж тавихаар тооцсон байсан. Тухайн үед фосфоритын ордын асуудлаас хамаараад төмөр замаа урдуур нь тавьбал яасан юм бэ гэдэг асуудлыг орон нутгийн удирдлага тавьж байсан юм. Ингээд бүх судалгаа урд чиглэлээр буюу Мөрөн хотоос урагш 60 км зайтай тавихаар тооцож, ТЭЗҮ-ээ хийгээд дууссан. Гэтэл одоо болохоор орон нутагийн ирггэд маань хойд талаар хот суурин дайрах нь зүйтэй зөвхөн уул уурхайн зам байж болохгүй гээд байгаа. Бидний барьж байгаа бодлого бол дэд бүтцийн шийдэл ямар хэлбэртэй хаагуур уур тавигдахыг Засгийн газар, орон нутгийн удирдлага хамтран шийдвэл үр дүнтэй гэж боддог.

Төсөл хэрэгжсэнээр төсвийн орлогын хувьд бие даасан байдалтай болно гэсэн үг. АМНАТ-ийн 10 хувь нь суманд очих зохицуулалтаар тооцоход л сумын төсвөөс 50 дахин их орлого гэсэн үг

-“Аспайр Майнинг” дэд бүтцээ шийдэх гэж чамгүй “шатаж” байгаа юм байна даа, тийм үү?

-Шууд “шатсан” гэж хэлж болохгүй. Би тэгж харахгүй байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг дээ. Тухайн бүс нутагт урт хугацаандаа илүү үр ашигтай дэд бүтцийн шийдлийг бид нар эрэлхийлж байна гэсэн үг. Хамгийн амархан шийдэл бол одоо зарим компани хийж байгаа шороон замаар нүүрсээ тээвэрлэх ч Хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэгч компанийн хувьд бид үүнийг зөв зүйтэй гэж үзэхгүй байгаа. Энэ төслийг зөв шийдэж урт хугацаанд тогтвортой ажиллагааг хангах нь илүү чухал.

-Хөвсгөл аймгийн удирдлага уул уурхайгүй аймаг болно гэж мэдэгдсэн. Орон нутгийн удирдлагын энэ бодлого “Аспайр Майнинг”-ийн хувьд том эрсдэл Mining CEO мөн үү? Танай компани энэ бодлогыг нь хэрхэн хүлээж авч байна вэ? Орон нутгийн удирдлагатай ойлголцох, хамтран ажиллахад хэр бэрхшээлтэй байна вэ?

-Аймгийн ИТХ-аас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон бодлого барьж байгаа. Бидний ойлгож байгаагаар шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн үг. Урьд нь олгосон тусгай зөвшөөрлүүд бүхий компаниуд хэвийн ажиллаж байгаа. Жилчиг гол, Могойн голын нүүрсний уурхайнууд үйл ажиллагаа хэвийн ажиллаж байна лээ. Өнгөрсөн жил нүүрс экспортолсон, орон нутгийнхаа ДЦС-ыг нүүрсээр хангадаг. Зам, барилгын материалыг түгээмэл ашигт малтмалын хуулийн дагуу орон нутгийн компаниудолборлож байгаа. Бидний амьдралд шаардлагатай ашигт малтмалыг ашиглаж олборлож байх нь зүйтэй. Заримыг нь экспортод гаргаад орон нутгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж байх ёстой. Би аймгийн удирдлагын байр суурийг ингэж ойлгож байгаа. Яахав, улс төрийн тодорхой үзэл бодлоос хамаараад тухайн зарим бүлэг хүмүүс үзэл бодлоо өөрөөр илэрхийлээд байна. Энэ бол нээлттэй асуудал.

Бид Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ажилладаг. Иргэд, ялангуяа Цэцэрлэг сумын иргэд биднийг сайн дэмждэг. Өнгөрсөн хугацаанд сум, аймагт тодорхой төсөл хэрэгжүүлж байна. Цаашдаа сум, аймгийн хөгжилд ямар байдлаар оролцох вэ гэдгээ хамтраад ярилцаад явж байна. Иргэдийн дэмжлэг өндөр. Бүс нутагтаа хөгжил бий болгоё, орон нутагтаа тодорхой ажлын байр бий болгож, ажиллаж амьдралаа дээшлүүлмээр байна гэдэг залуус олон. Цэцэрлэг суманд явж байхад иргэд надаас ганц л зүйлийг байнга асуудаг нь танайх хэзээ эхлэх вэ гэсэн асуулт. Нэг ёсондоо манай суманд Овоотын төсөл хэзээ эхлэх вэ гэдэг хүлээлт өндөр байна. Олон нийтийн сүлжээнд явдаг мэдээлэл нь тэр бүр ард иргэдийн бодол санааг бүрэн төлөөлдөггүй шүү дээ. Зарим нь бүр огт хамааралгүй, орон нутгийн бус хүмүүс ч учрыг нь олохгүйгээр эсэргүүцэж байгаа харагддаг. Энэ бүхнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм.

-Сүүлийн жилүүдэд манай улсад нэг сонин хандлага тогтож байгаа нь уул уурхайн компаниуд тухайн сум, аймгийн хөгжлийг хариуцах ёстой гэж ярих болж. Тэр утгаараа манай нутагт уурхай нээгдвэл сум орон нутгийн хөгжилд ямар нөлөө үзүүлэх бол гэж их сонирхдог болж. Овоотын төсөл хэрэгжсэнээр Цэцэрлэг сум, Хөвсгөл аймгийн хөгжилд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Овоотын төсөл хэрэгжиж эхэлснээр эхний 10 жилд нийт 2.3 их наяд төгрөгийн татвар, хураамж төлөхөөр байгаа. Үүний 194 орчим тэрбум төгрөг нь Хөвсгөл аймгийн төсөвт, 87 тэрбум төгрөг нь Цэцэрлэг сумын төсөвт төвлөрөхөөр байна. Энэ бол аймаг болоод сумын төсөвт маш том дэмжлэг болно гэсэн үг. Хөвсгөл аймаг бол улсын төсвөөс хамгийн их татаас авдаг аймаг. Төсөл хэрэгжсэнээр төсвийн орлогын хувьд бие даасан байдалтай болно гэсэн үг. АМНАТ-ийн 10 хувь нь суманд очих зохицуулалтаар тооцоход л сумын төсвөөс 50 дахин их орлого гэсэн үг.

Таны хэлж байгаатай санал 100 хувь нийлнэ. Тухайн сум, орон нутгийн хөгжил нь удирдлага, иргэдээс л шууд хамаарна. Уул уурхайн төсөл бол хөгжлийн хурдасгагч нь гэсэн үг. Бид орон нутгийн төсвийг бүрдүүлэх, эдийн засаг дахь худалдан авалтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж өгнө гэсэн үг. Үүнийг зөв ашиглавал сумын иргэд, удирдлагад боломж их гарна. Энд нэг зүйлийг онцлох ёстой. Манай Хөвсгөл аймаг, Цэцэрлэг сумын удирдлага, иргэд энэ асуудалд маш нухацтай хандаж байгаа. Уул уурхайн олборлолт эхлэхээс өмнө хамтраад асуудлаа шийдэх, хөгжлийн асуудлаа хэрхэн шийдэх талаар, Орон нутгийн хөгжлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар судалж, ярилцаж байна. Асуудалд нухацтай хандаж, хамтарч шийдвэрлэхээр ярилцдаг болсон нь Монгол Улсын хөгжлийн нэг илэрхийлэл байх. Хамтдаа ярилцаад зөв гольдролыг олох нь чухал. Үүний төлөө манай компани ч, орон нутгийн удирдлага ч ажиллаж байна.

-Овоотын төслийн хөгжүүлэлтэд нийт хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ? Цаашид энэ том дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх гэх мэтэд хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ? Хөрөнгө оруулалт босгох чадамж танай компанид, Монгол Улсад байна уу?

-Төсөл хөгжүүлэлтийн шат үндсэндээ гурван хэсгээс бүрддэг. Нэгдүгээрт судалгааны хэсэг, хоёрдугаарт, санхүүжилтийн хэсэг, гуравдугаарт, хэрэгжүүлэлтийн чадавхыг бий болгох, барилга бүтээн байгуулалтын хэсэг гэж хэлж болно. Өнөөдөр Монгол Улсын хувьд Оюутолгой шиг том төсөл хэрэгжүүлэхэд санхүүжилтийн хувьд хүндрэлтэй байж болно. Дотоодын санхүүгийн нөөц боломжийн хувьд ч тэр, гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт татах чадавх, эрсдэлийн үнэлгээний хувьд ч тэр. “Аспайр Майнинг”-ийн хувьд төслийн шаардагдах хөрөнгө оруулалтыг ОТ толгойтой харьцуулбал харьцангуй бага. Зам, уурхайд шаардлагатай хөрөнгө оруулалт эхний ээлжинд 250 сая ам.доллар болно. Хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагуудаас энэ санхүүжилтийг босгох боломжтой.

Овоот-Эрдэнэт чиглэлийн 560 км авто зам барих мэдээж хүндрэлтэй юу гэвэл тийм. Гэхдээ төслийн судалгааны үе шатыг сайн хийвэл харьцангуй эрсдэл багатай байх боломжтой. Яагаад бид зам барина гээд 1-2 жил яриад суугаад байна гэхээр замыг барих процессыг хэрхэн хэрэгжүүлэхээ судалж, оновчлох ажлыг хийж байна гэсэн үг. 560 км авто зам гэдэг бага бүтээн байгуулалт биш. Монгол Улсын авто замын барилга, инженерингийн чиглэлээр ажилладаг олон компани оролцож таарна. Тэр бүхний уялдаа холбоог хангах, төлөвлөлтөө зөв хийх нь чухал.

Өнгөрсөн 10 жил уул уурхайн бүтээн байгуулалтын жилүүд байлаа. Олон бүтээн байгуулалтад оролцож байсан монгол инженер, мэргэжилтнүүд манай компанид ажиллаж байна. Бид үндэсний мэргэжилтнүүд дээр суурилсан бүтээн байгуулалтыг хийх болно.

Нийтдээ 130 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг

-“Аспайр Майнинг” компанийн хөрөнгө оруулагчид өөрчлөгдөж, Монголын хөрөнгө оруулалт давамгай болсон гэж ойлгосон? Үүний давуу талыг юу гэж харж байна вэ?

-Тийм. Овоотын төсөлд Монголын үндэсний томоохон компаниудын нэг “Жем Интернэшнл”, Ц.Цэрэнпунцаг гарьд хөрөнгө оруулалт хийгээд явж байна. Нийт хувьцааны 27 хувийг эзэмшдэг. Дараагийн том хөрөнгө оруулагч нь “Нобле групп” 20 хувийг эзэмшдэг.

Монголын бизнесүүд хөгжиж байна. Олон улсын төвшний хэмжээний хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалт байгуулахаар Монголын хөрөнгө оруулагчид зориглон ажиллаж байна. Би хувьдаа хөрөнгө оруулагчдыг гадна, дотны гэж ялгах сонирхол байдаггүй. Үндэсний хөрөнгө оруулалттай компани байхын нэг давуу тал бий. Гадны хөрөнгө оруулалттай компани гэхээр төслөө зараад явчихдаг, өөриймсөг ханддаггүй гэсэн буруу ойлголтбайдаг. Үндэсний хөрөнгө оруулагчдын хувьд энэ хандлагад тодорхой хариулт өгч байгаа. Манай хөрөнгө оруулагчид бол Монголд, бүс нутагтаа бүтээн байгуулалт хийе, гадна дотныхонтой хамтарч ажиллая гэсэн хүсэл эрмэлзлээр орж ирж байгаа. Биднийг урт хугацаанд дэмжиж ажиллах үндэсний хөрөнгө оруулагчтай болсон гэсэн үг. 

Аливаа төслийн гол хөрөнгө оруулагчид нь хэн бэ гэдэг чухал. Нэгэнт олон улсын бирж дээр нээлттэй арилжаалагдаж байгаа компанийн хувьд жижиг хөрөнгө оруулагчид хэзээд байдаг. Тэд хэзээ орох, гарах нь нээлттэйь яг л Монголын хөрөнгийн бирж дээрхи хөрөнгө оруулагчид шиг. Харин томоохон буюу стратегийн хөрөнгө оруулагчдын хувьд үргэлж урт хугацааны, стратегийн талаас нь харж байдаг. Тэр талаасаа манай хамгийн том хөрөнгө оруулагч төсөлд бодитойгоор оролцож байгаа болохоор төсөлд тулгардаг богино хугацааны савлагааг даваад гарах боломж нэмэгдэнэ.

-“Аспайр Майнинг” 10 гаруй жил болж байгаа компани. Өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байдаг юм бэ?

-Зөвхөн хайгуулын зардалд 41.5 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Үүний үр дүнд энэ онд Овоотын ордын нөөцийг 227 сая тонн болгож нэмэгдүүлсэн. Үүнээс гадна төмөр замын судалгаа, авто замын судалгаа, ТЭЗҮ гэх мэт судалгааны зардлууд бий. Нийтдээ 130 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг.

Цаашдаа Овоотын баяжуулах үйлдвэр дэд бүтцийн шийдлийн хүрээнд 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тооцоолж байна. Үүний 148 тэрбум нь жилд дөрвөн сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий уурхай байгуулахад, 96 тэрбум нь мөн дөрвөн сая тонны хүчин чадалтай баяжуулах үйлдвэрт, үлдсэн 450 тэрбум төгрөг нь авто замын төсөлд зарцуулагдахаар урьдчилсан тооцоо гарсан.

-Томоохон хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлэгчийн хувьд Монголын хөрөнгө оруулалтын орчин, уул уурхайн орчныг хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?

-Аливаа улс хууль эрхзүйн орчин, төрийн захиргааны бодлогоо цагийн шаардлагаар өөрчлөх эсэх нь тухайн улсын эрх. Өнгөрсөн 10 жилийг бүхлээр нь харвал манай төр засгийн шийдвэрүүд дажгүй нуруутай явсан юм шиг санагддаг. Нэг, хоёр хуулийг эс тооцвол хууль эрхзүйн орчноо нэг их муутгаж, дордуулаагүй байх. Харин гадна талаас хөрөнгө оруулагчдын ойлголт ямар байна гэхээр манай улсыг байнга хууль эрхзүйн орчноо өөрчлөөд байдаг гэж ойлгодог. Энэ нь манай төр засаг улс төр, хөрөнгө оруулалт, эдийн засгийн орчинд нөлөөлж буй шийдвэрүүдээ эсвэл хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй ерөөс тайлбарладаггүйтэй холбоотой. Шийдвэрээ гаргачихаад зөнд нь орхичихдог. Гадна талдаа ч тэр, дотроо ч тэр огт тайлбарладаггүй. Уг нь тухайн шийдвэр нөхцөл байдалд яаж нөлөөлж байгаа, ямар шалтгаанаар гаргасан гэдгээ байнга тайлбарлаж, таниулж байх хэрэгтэй байна. Аливаа салбарт нөлөөлж буй хуулийг өөрчилж байгаа бол, шийдвэр гаргаж байгаа бол түүнийг тайлбарлах байх ёстой гэж боддог. Ийм ажил хийдэггүй болохоор хөрөнгө оруулагчид мэдээллийн хомстолтой болдог. Мэдээлэл авахын тулд дотоодын мэдээллийг ашигладаг. Гэтэл дотроо гардаг тэр мэдээлэл нь илүү улс төржсөн, шуугиан хөөсөн байдаг. Шуугианыг нь харах юм бол хэдэн сар болоод л нэг нөхөр бүх шийдвэрийг өөрчлөөд байгаа юм шиг ойлгогддог байхгүй юу. Жишээ нь Оюутолгой төсөлд гаргаж байгаа шийдвэрүүд. Үнэн худал нь мэдэгдэхгүй маш их мэдээлэл гардаг. Олон улс төрч нэг компани руу л дайраад байдаг. Аль нь албан ёсны байр суурь, мэдээлэл нь юм бүү мэд. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд нь албан ёсоор мэдэгдэх ёстой юм уу, эсвэл өөр сайд мэдэгдэх ёстой юм уу? Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулагчид нэгдсэн байдлаар дуугарч байна. Ийм ойлгомжгүй байдал гадна талдаа маш буруу ойлголт өгөөд байх шиг санагддаг.

-Сүүлийн үед байгаль орчны асуудал, хууль бус олборлолтын асуудал гэх мэтээс хамаараад зарим улс төрчид, нийгмийн тодорхой хэсэг нь уул уурхайг эсэргүүцэх байдал нэмэгдэх боллоо. Сүүлийн 10 жилд ганц ч том төсөл шинээр эхэлсэнгүй. Манай улсад уул уурхайн салбар үнэхээр хэрэгтэй юу? Та юу гэж бодож байна?

-Уул уурхайн бүх төслүүдээс аль нь эдийн засгаас гадна нийгмийн нөлөөлөл өндөр байдаг вэ гэж харвал томоохон төслүүд юм. Уул уурхайн томоохон төслүүдийн эдийн засгийн өгөөж нь урт хугацааных учир тухайн бүс нутгийн нийгмийн дэд бүтцийг санхүүгийн хувьд дэмжээд тогтвортой хөгжүүлэх чадамжтай байдаг. Өнгөрсөн хугацаанд төр засгийн гаргасан бодлогыг харахаар зарим талаараа уул уурхайн салбарыг жижиглэх бодлого явчихсан мэт санагддаг. Том төслүүд нь явахгүй зогсохоор жижиг төслүүд нь хурдан хэрэгжээд байдаг ч гэдэг юм уу. Гэтэл томоохон төслүүд нийгмийн хариуцлага өндөр байдаг тул нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцоод явдаг. Тэр хэрээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө их ордог тул удаашралтай байдаг бол жижиг төслүүд маш хурдан шийдвэр нь гараад хэрэгжээд дуусдаг юм. Том төслүүд дэд бүтцээ бий болгодог болохоор маш эерэг нөлөө үзүүлдэг гэсэн үг.

Магадгүй бид уул уурхайг хумих гэж байгаа бол байгаль орчинд сөрөг нөлөөтэй, нийгмийн хариуцлагагүй жижиг төслүүдийг хаахад болохгүй юм байхгүй гэж боддог. Одоо бүр нөхөрлөл, түгээмэл тархацтай ашигт малтмал гээд улам бүр жижиглээд, замбараагүй болж байна.

Яахав Монголын эдийн засгийг дэмжих, хөгжүүлэх уул уурхайгаас өөр салбар гарч ирэх байх. Гэтэл тэр салбарыг хөгжих хэмжээний дэд бүтцийг бий болгоход маш их цаг хугацаа, санхүүгийн нөөц бололцоо шаардлагатай. Тэр дэд бүтэц, санхүүгийн боломжийг богино хугацаанд бий болгож чадах салбар бол уул уурхай. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын орлогоор, том төслүүдийн бий болгосон дэд бүтцээр хөдөө аж ахуй гэх мэт дараагийн салбараа хөгжүүлэх нь илүү оновчтой. Монгол Улсын эдийн засгийг монгол гэртэй зүйрлэвэл тулгуур хоёр багана нь уул уурхай, хөдөө аж ахуй юм. Энэ хоёр салбарын хоорондын үр ашгийг уялдуулж хөгжүүлэх хэрэгтэй. Бидэнд ажилгүйдэл, хотын төвлөрөл, утаа гээд өчнөөн асуудал байна. Энэ асуудлуудыг богино хугацаанд тодорхой хэмжээгээр шийдвэрлэх гарц нь уул уурхайн салбар. Эрдэнэт, Багануур, Дархан гээд 1970-аад оноос бий болж эхэлсэн бүх хот маань уул уурхай түшиглэж байгуулагдсан шүү дээ. Өнөөдөр Даланзадгад, Ханбогд, Цогтцэций гээд дараагийн томоохон суурин газрууд бий болж байна. Бүс нутагт үйлдвэр, дэд бүтцийг бий болгож, 20-30 мянган хүнтэй дунд хэмжээний хотуудыг харьцангуй богино хугацаанд бий болгож чадах ганц хүчин зүйл нь уул уурхайн салбар. Ингээд үзэхээр уул уурхайн салбарын том, дунд төслүүдийг хэрэгжүүлэх нь бүс нутгийн хөгжилд зайлшгүй хэрэгтэй байгаа юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine