Ярилцлага

“Уурхайн хаалт 2020” олон улсын хурал Монголд болно

2019  |  September  |  022

 

Qualified Mining Consulting компани нь “Уурхайн хаалт” олон улсын 14 дүгээр хурлыг Монголд зохион байгуулах эрхийг аваад байгаа юм. Энэ талаар уг хурлын гүйцэтгэх менежерээр ажиллаж буй Б.Артагбаттай ярилцлаа. 

 

-Уурхайн хаалтын олон улсын хурлын талаар уншигчдад танилцуулаач.

-Юуны өмнө уул уурхайн салбарт мэргэжлийн үйлчилгээ үзүүлж буй “Кью Эм Си” компани нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах санаачилгынхаа хүрээнд “Уурхайн хаалт” олон улсын 14 дүгээр хурлыг 2020 онд Монгол Улсад зохион байгуулах эрхийг хүлээн авч, бэлтгэл ажлуудыг эхлүүлж буйгаа албан ёсоор мэдэгдэхэд тун таатай байна.

QMC компанийн хувьд уг олон улсын хуралд 2009 оноос хойш тасралтгүй оролцон туршлага судалж, 2015, 2016, 2018 оны хурлуудад илтгэл хэлэлцүүлж байсан. Олон улсын сайн туршлагыг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэх үүднээс 2010 оноос эхлэн уул уурхайн салбарын хэмжээнд байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт, хаалтын үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулагдсан хурал, зөвлөгөөн, үзүүлэх сургуульд оролцож, хамтран зохион байгуулалцаж ирлээ. Мөн уурхайн хаалтын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт бий болгох удаа дараагийн оролдлогуудад өөрсдийн хувь нэмрийг оруулж ирсний зэрэгцээ Монгол Улсад анх удаа уул уурхайн компанийн Уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулсан байдаг.

Өнгөрсөн есдүгээр сарын 3-5-нд, Австрали улсын Перт хотноо “Уурхайн хаалт 2019” олон улсын хурал 13 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, уг хуралд Монголын төлөөлөгчдийн баг оролцож нетворкинг болон сурталчилгаа хийх, “Уурхайн хаалт 2020” хурлын гол зохион байгуулалтуудыг хурлын төлөөлөгчдөд танилцуулах зэрэг ажлыг хийлээ. 

Уг хурлын хувьд Английн Рийдинг их сургууль (профессор Марк Тибет) болон Баруун Австралийн их сургуулийн Геомеханикийн төв (профессор Энди Фоури) хамтран санаачилж 2006 онд Австрали улсын Перт хотод анх зохион байгуулсан байдаг. Уурхайн хаалтын төлөвлөлт, санхүүжилт, нөхөн сэргээлт, хаалтын дараах мониторинг, уурхайн хаалттай холбоотой оролцогч талуудын асуудал, орхигдсон уурхайн асуудал, уурхайн хаалтын хууль эрх зүй, уурхайн хаалттай холбоотой экосистемийн асуудал болон цаг уурын өөрчлөлтийг хөнддөг. Мөн хүний эрх ба жендерийн асуудал зэрэг байгаль орчны болон нийгэм-эдийн засаг, менежментийн ач холбогдолтой олон чухал асуудлыг хэлэлцдэг. Уул уурхайн гол төвүүд болох Австрали, Канад, ӨАБНУ, Чили, Герман зэрэг улсыг дамжин жил тутам 300-600 оролцогчтойгоор зохион байгуулагдаж ирсэн арга хэмжээ. 

-Монголд энэ хурлыг зохион байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?

-“Уурхайн хаалт 2020” олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулах нь Монголын уул уурхайн салбарын хөгжилд олон талын хувь нэмэр оруулна гэж бид үзэж байгаа юм. Уул уурхайн салбар нь тэргүүлэх ач холбогдолтой улс орнуудын дотроос Монгол Улс нь уурхайн хаалтын эрх зүйн зохицуулалтаа иж бүрэн шинэчилж амжаагүй байна. Ийм үед олон улсын хурал Монгол Улсад зохион байгуулагдах нь энэ чиглэлийн ажлуудад том түлхэц өгөх болов уу.

“Уурхайн хаалтын олон улсын стандарт” боловсруулж байгаа нь энэ оны сүүлээр эцэслэгдээд батлагдах төлөвтэй байна.

Нөгөө талаар уурхайн хаалтын чиглэлийн дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүд Монгол Улсад хүрэлцэн ирнэ. Тэдний илтгэлээр дамжуулан Монголын олон нийт, шийдвэр гаргагчдад мэргэжлийн, хариуцлагатай уул уурхайн талаарх ойлголтыг өндөр түвшинд хүргэх боломж бүрдэнэ. Мөн Монголын уул уурхайн мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдийн мэдлэг, чадавх, хэлхээ холбоог дээшлүүлэх чухал арга хэмжээ болно.

Монголын уул уурхайн компа¬ниуд уурхайн хаалтын чиглэлээр хийж буй ажлуудаа уг хуралд хэлэлцүүлж, олон улсын түвшинд таниулах, сурталчлах боломж нь үүгээр бүрдэнэ. Монголын уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын орчны талаар эерэг мэдээлэл олон улсад цацагдаж, манай улсын нэр хүндэд сайн нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа.

-Зохион байгуулалт талаасаа ямар онцлогтой болох вэ?

-Энэхүү хурал манай бүс нутагт анх удаа болж байгаа нь дэлхийн уул уурхайн салбарын анхаарлыг татаж байна. Хариуцлагатай уул уурхайн нэн чухал бүрэлдэхүүн болох уурхайн хаалтын асуудал энэхүү бүс нутагт өндөр хэмжээнд хэлэлцэгдэх нь олон талын ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар бидэн рүү хандаж буй хандлага, сонирхлоос мэдрэгдэж байна.  Ялангуяа Монголд болон Евразийн бүс нутагт ажиллаж буй болон ажиллахаар сонирхож буй уул уурхайн компаниуд, зөвлөхүүд, судлаачид, хөрөнгө оруулагчдын хувьд энэ их чухал юм.

Уурхайн хаалттай холбоотой мэдлэг, туршлагыг экспортлох шинэ зах зээл нээгдэж байна гэж харж байгаа зөвлөх компаниуд, экспертүүд хурлын хүрээнд тун чухал сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулах сонирхлоо илэрхийлж байна.

Хятад, Солонгос, Орос, Казахстан зэрэг бидний ойр хөрш улсуудын уурхайн хаалтын жишээ, туршлага, сургамж, сорилт ч тэдний сонирхлыг татаж байна. Уурхай дагасан том суурин газар үүсгэсэн Эрдэнэт үйлдвэр, нийслэлийн хаяанд орхигдсон уурхай Налайх, нүүдлийн соёл иргэншил дунд олон улсын тэргүүлэх компаниудын нэг менежментийг нь хариуцан шинээр байгуулж буй Оюутолгой гээд бидэнд ч хуваалцах туршлага, солилцох мэдээлэл арвин байна.

Олон улсын стандартын байгууллага (ISO) “Уурхайн хаалтын олон улсын стандарт” боловсруулж байгаа нь энэ оны сүүлээр эцэслэгдээд батлагдах төлөвтэй байна. Тиймээс бид уг стандартыг боловсруулагчдаас төлөөлөл урьж илтгэл тавиулахаар төлөвлөж байна. Энэхүү илтгэл нь хуралд өнгө нэмж, оролцогчдын анхаарлыг ихээхэн татах болов уу.


Бороогийн алтны уурхайн нөхөн сэргээлт

-Уурхайнууд хаалтын төлөвлөгөөг хэзээнээс хийх хэрэгтэй вэ. Уул уурхай хөгжсөн улсуудад үүнийг хэрхэн авч үздэг бол? 

-Аливаа ажлыг эхлэхдээ төгсгөлийг нь бас бодолцох хэрэгтэй гэдэг шүү дээ. Хаалтын төлөвлөгөөг энгийнээс нарийн руу боловсруулахыг олон улсын туршлагад зөвлөдөг. Тэгэхээр эхний үе шатанд ядаж уурхайн хаалтын концепци төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Мэдээж энэхүү бичиг баримтаа цаашид хийгдсэн судал¬гааны үр дүн, уурхайн үйл ажиллагааны явцад бий болсон үр дүнгээс шалтгаалж, нөхцөл байдлыг тусган нарийвчлан сайжруулж, амь оруулан баяжуулж явах хэрэгтэй. Энэ жил Австралийн Перт хотод зохион байгуулагдсан хурлын үеэр уул уурхайн олон компани яг энэ зарчмын дагуу ажлуудаа зохион байгуулаад явж байгаагаа танилцуулж байсан.

-Монголд уурхай хаагдсаны дараа хариуцах эзэнгүй орхигддог тал бий. Үүнийг олон улсад хэрхэн зохицуулж байна вэ? 

-Олон жилийн өмнө хаягдаж орхигдсон уурхайнуудын асуудлыг тусгайлан сан байгуулах замаар ший¬дэж байгаа улсууд байна. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа болон цаашид шинээр нээгдэх уурхай¬нуудын хувьд ийм асуудал гаргахгүй байх хуулийн, санхүүгийн зохицуулалтуудаа хийсэн, улам боловсронгуй болгоод явж байна. 

Монгол Улсын хувьд уурхайн хаалтын эрх зүйн орчноо тодорхой болгоод, энэ мэт олон улсын туршлагуудыг нэвтрүүлэх хэрэгтэй гэдэг дээр бүх түвшиндээ ойлголцолд хүрч байх шиг байна. 

-Олон жил ажилласан, Эрдэнэт, Багануур, Шарын гол зэрэг уурхайд хаалтын асуудал нэлээд тулгамдаж ирж байх шиг байна. Эдний хувьд олон жил хуримтлагдсан овоолго, хаягдлын далангуудтай. Эрдэнэтийн цагаан тоос гээд яригддаг шиг зогссоныхоо дараа яах нь тодорхойгүй далангуудыг хэрхвэл зохилтой вэ?

-Шарын гол, Багануур зэрэг нүүрсний уурхайнуудын овоолго, тоосжилт зэрэг нь техникийн талаас нөхөн сэргээлт, хаалтын хүрээнд шийдэгдэх боломжтой асуудлууд. Гагцхүү ийшээ чиглэсэн ажлуудыг төлөвлөх, зардлыг нь гаргаж хийх тал дээр хаалтын менежментийн тогтолцоо цогцоороо ажиллаж байна уу, үгүй юү гэдэгт бидний анхаарал хандах ёстой. 

Төмөр, алт, зэс зэрэг металлын хүдэр олборлож, баяжуулдаг уурхайнуудын хувьд баяжуулах үйлдвэрээс гарсан хаягдлыг агуулж буй байгууламжийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллөөс сэргийлэх асуудал нь мэргэжлийн өндөр ур чадвар, удирдлага менежмент шаарддаг зүйл юм байна. Уурхай хаагдсаны дараа ч хүчин чармайлт, анхаарал шаарддаг энэ асуудлыг мөнгө олж болох механизмтай нь уяж, эдийн засгийн хувьд өгөөжтэй төсөл болгон хувиргаж төлөвлөхийг зорьж буй сонирхолтой жишээг энэ жилийн хурал дээр ярьж байсан. 

Уурхайн хаалтыг зүй зохистой хийхийн тулд жижиг компаниуд хоорондоо хэлэлцэж, нэгдэх ёстой

Өмнөд Африкийн Замби улсын нэгэн уурхайд биологийн нөхөн сэргээлтийг хийхдээ тухайн уурхайн бүсэд жилд 3 орчим тонн тос болон био масс өгдөг тэсвэр сайтай модыг тарьж, ургуулан амжилттай нутагшуулсан байна. Модноос гарах тосоор нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн буюу био дизель үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлж байна. Био массыг нь бусад үйлдвэрлэлд түүхий эд болгон ашиглаж байх жишээтэй. Үүний цаана орон нутагт үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр бий болгож, тухайн уурхайн бүсээс олсон орлогоос орон нутагт зохих татвар, төлбөрийг төлж тэр нь эргээд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлын зардлыг дэмжиж, эерэг үр дүн үзүүлж байх жишээтэй.

-Хаагдсан уурхайнуудын хаягдлын далангийн арчилгааг олон улсад хэн хариуцаж, хэрхэн зохицуулдаг вэ?

-Уурхайг хаахтай холбоотой асуудлаа хуулиар нарийн зохицуулсан улсуудад ихэнхдээ тухайн олборлогч компани хаягдлын даланг хаасан хэдий ч түүнийгээ улсад буцааж хүлээлгэж өгөлгүйгээр, олон жилийн турш арчилгааг нь хариуцан, хяналтандаа байлгаж байдаг юм уу гэж ойлгосон. Арчилгаа, хяналт хийгдээгүйгээс тухайн хаагдсан байгууламжид асуудал үүсэж, далан задрах зэрэг асуудал гарвал тэр нь тухайн компанийн бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж үздэгтэй холбоотой юм билээ.

-Алтны үндсэн ордуудын хувьд манайд амжилттай хаасан ганц туршлага нь Бороогийн алтны уурхай. Тэнд мөн адил хортой элементүүд агуулсан хаягдлын далан бий. Энэ нь алсдаа асуудал дагуулах магадлалтай юу?

-“Бороо гоулд” олон улсын стандартын дагуу олборлолт болон хаалтаа хийж ирсэн компани. Ирэх жилийн хурал дээр бид Бороогийн уурхайн жишээ, хаягдлын далантай холбоотой эрсдэлээ хэрхэн удирдаж буй туршлагыг нь олон улсын зөвлөхүүдээс нь болон компанийн мэргэжилтнүүд, удирдлагаас сонсох байх гэж найдаж байна. 

-Жижиг уурхайнуудын хаалтыг илүү үр өгөөжтэй, чанаржуулах ямар боломж байна вэ?

-Манайд нэг том орд дээр олон лиценз олгож жижиглэдэг тохиолдол цөөнгүй бий. Энэ нь эхэндээ эдийн засгийн хувьд үр ашигтай байв ч цаашид гүнзгийрэх тусмаа зардал нь өсөж, уурхайн хаалтыг хийхэд төвөгтэй болдог. Тиймээс уурхайн хаалтыг зүй зохистой хийх, орон нутгийн нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд тэдгээр компаниуд хоорондоо хэлэлцэж, нэгдэх ёстой. Тэгж байж уурхайн хаалтаа цогцоор нь шийднэ. 

Жижиг компаниудын хувьд уурхайн хаалтыг урьдчилж, том зургаар нь харах чадамж муутай байдаг. Гэхдээ тэднийг нэгтгэх, хооронд нь тохиролцоонд хүргэх, ирээдүйд орон нутгийн нийгэм, эдийн засагт юу үлдээх вэ гэдэг талаас нь зөвлөх үйлчилгээний компаниуд зөв чиглүүлэн, хөтөлж явах боломжууд бий. Үүний тулд зөвлөх үйлчилгээний компаниуд чадамжтай болох хэрэгтэй.   



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/09

10 жилийн ой, 20 жилийн балаг...

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine