Бодлого - Хууль, эрх зүй

Засгийн газар АМНАТ авах хуулийн төсөл боловсруулж байна

Засгийн газар АМНАТ-ийг авах хуулийн зохицуулалтыг яаралтай бий болгохоор хуулийн төсөл боловсруулж байгаа аж. Сангийн яамны мэдээлснээр уг төслийг УУХҮЯ, ХЗДХЯ-наас санал авч, нэн яаралтай горимоор Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар болжээ.

Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн 10 дугаар сарын 30-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг тус тус хүчингүй болгосон юм. Үүнтэй холбоотойгоор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг хэн төлөх, ямар зохион байгуулалтаар хаана тушаах гэдэг нь тодорхойгүй болов. Ингэснээр уул уурхайн ашигт малтмалыг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төвлөрүүлэх байсан төлбөрийн асуудал тодорхойгүй болж байгаа юм.

"Хууль ёсоор олгогдсон эрхийнхээ дагуу эрх ашгаа хамгаалахаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан тухайн иргэнийг буруутгах боломжгүй. Түүнийг нь хүлээн авч шийдсэн цэцийг ч буруутгах аргагүй” 

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн талаар  уул уурхайн судлаач, мэргэжилтнүүд өөр өөр байр суурийг баримталж байна. Монгол Нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.ЗолжаргалКомпани ашигтай ч бай, ашиггүй ч бай газрын хэвлийг хөндөөд түүхий эд олборлоод борлуулсан л бол роялти буюу АМНАТ төлөх ёстой. Энэ бол олон улсад байдаг жишиг. Монголын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд нөөц ашигласны төлбөрийг байхгүй болгоё гэдэг асуудлыг хэзээ ч ярьж байгаагүй. Гэтэл Үндсэн хуулийн цэц үүнийг байхгүй болгосон шийдвэр гаргачихлаа. Яагаад ийм зүйл болчихов гэдэг нь сонин. 2019 оны гуравдугаар сард УИХ-аас Ашигт малтмалын хуулийн АМНАТ-тэй холбоотой заалтуудад өөрчлөлт оруулсан. Энэ заалтыг Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар “Баяжуулах, боловсруулах үйлдвэр барьвал татвар давхар ногдож илүү зардал гарна. Тэгэхээр энэ бол хөгжлийг боомилсон заалт болсон байна” гэж дүгнэжээ. Ийм дүгнэлт гарчихаад байхад Засгийн газар нь анхаарч үзээд УИХ руу саналаа дэвшүүлээгүй. УИХ нь дахиж ярилцаагүй хэдэн сар болчихож. Ингээд Үндсэн хуулийн их суудлын хуралдаанаар дээрх шийдвэр гаргачихлаа л даа. Монгол Улсад ашигт малтмал олборлож байгаа бүх байгууллагууд нөөцийн төлбөр төлөхгүй болж байна гэсэн үг. Энэ нь эдийн засагт маш хортой” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Харин эрдэс баялгийн эрх зүйн судлаач Г.СурахбаярТөрийн эрх барих, хууль тогтоох байгууллага нь Үндсэн хуулийнхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх чадамжгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тэдний хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж уул уурхайн салбарын эрх зүйн орчинд байж болзошгүй том эндэгдэл гарлаа. Хууль ёсоор олгогдсон эрхийнхээ дагуу эрх ашгаа хамгаалахаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан тухайн иргэнийг буруутгах боломжгүй. Түүнийг нь хүлээн авч шийдсэн цэцийг ч буруутгах аргагүй” гэсэн юм.

Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн гишүүн байгууллагууд “Цэцийн шийдвэрийг үл харгалзан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсдаа төлнө” хэмээн мэдэгдэл гаргасан байна.  



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/09

10 жилийн ой, 20 жилийн балаг...

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine