Зах зээл - Нүүрс

Fenwei: 12 дугаар сар хүртэл нүүрсний импорт унана

Португалийн Лиссабон хотод 10-р сарын 21-ний өдөр болсон Дэлхийн нүүрсний тэргүүлэгчдийн сүлжээний чуулганд Хятадын зөвлөх үйлчилгээний компани “Fenwei Energy Information Services”-ийн Дэд ерөнхийлөгч Сара Лю Хятадын бодлогын өөрчлөлт далайн зах  зээлийг хэрхэн өөрчилж байгаа болон ирэх хоёр сард Хятадын нүүрсний импорт ямар байх талаар мэдээлэл хуваалцжээ.

Хятад улс нь 2009 оноос нүүрсний экспортлогчоос импортлогч болж хувирсан. Импортын тогтолцоо нь дотоодын зах зээлд төдийгүй, далайн худалдааны зах зээлд нөлөөгөө үзүүлдэг. Эдгээр нөлөөллийн эхний хүчин зүйл нь тариф юм гэдгийг Сара Лю тодотгожээ. 

БНХАУ өнгөрсөнд нүүрсний импортыг үл дэмжих бодлогоо өөрчилж ихээхэн дэмжиж байгаад дахин хатуу бодлогод шилжсэн. 2005 оноос өмнө нүүрсний импорт татварын хувьд тийм ч таатай байгаагүй (эрчим хүчний нүүрсний хувь 6%, коксжих нүүрсэнд 3%) бөгөөд 2005 оноос импортын татварыг арилгасан. Харин 2014 онд сэргээж эрчим хүчний нүүрсэнд 5-6 хувь, косжих нүүрс болон антрацидад гурван хувийн татвар ногдуулж байна. Одоогоор Индонези болон Австралиас импортолсон нүүрсэнд чөлөөт худалдааны гэрээний дагуу импортын татвар тэг хувь байна. 

Импортын тарифаас гадна хаягдал болон агаарын бохирдол үүсгэгч барааны тээвэрлэлтийг бууруулах зорилгоор чанарын үзүүлэлтийг нүүрсний импортыг хянах нэг чухал хэмжүүр болгодгийг Сара онцлов.  Түүний хэлснээр 2015 оноос өмнө Хятад импортын нүүрсний чанарт шаардлага тавьдаггүй байсан аж. 2015 онд Үндэсний хөгжил шинэтгэлийн комисс болон Гаалийн ерөнхий газраас нэгэн баримт бичгийг хамтран баталсан нь арилжааны нүүрсний чанар, радио идэвхид тавигдах шаардлага, хольц, дотоодын болон импортын нүүрсэнд хийгдэх байгаль орчны хяналт шалгалтын тухай байв. 

жилийн импортын хэмжээ 300 сая тонноос давж, магадгүй 320 сая тонн хүрэх боломжтой

“2015 оноос хойш хэрэгжүүлж буй энэхүү журам нь импортод ноцтой нөлөөлөөгүй. Импортын нүүрсний ихэнх нь чанарын шалгалтыг давсан бөгөөд Хойд Солонгос, Индонези, Монголын багахан нүүрсийг буцаасан байдаг” хэмээн тэрбээр өгүүлжээ. 

Импортын квот нь чулуун нүүрсний импортыг хянах чухал хэрэгсэл юм. 2017 оноос Засгийн газар нүүрсний импортын хяналтаа чангалж, гол импортлогчдод болон боомтуудад квот тогтоох болсон байна. Ерөнхийдөө импортын квот нь өмнөх жилийн хэмжээнд үндэслэж, бага зэрэг ихсэж багасдаг боловч олон нийтэд хаалттай мэдээлэл байдаг. 

Энэ оны импортын хэмжээг өмнөх онтой ойролцоо байна гэж үзвэл үлдсэн хугацаанд гаалиар сар бүр дунджаар 10 сая тонн нүүрс нэвтрэх бөгөөд өмнөх гурван улиралд сард импортолсон дундаж хэмжээ 28 сая тоноос даруй 63 хувиар буурна гэсэн үг. Гэхдээ ингэх магадлал бага. 

Гаалийн байгууллагын сүүлийн үеийн мэдээллээс Хятад улс есдүгээр сард 30.3 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны есдүгээр сартай харьцуулбал 20.49 хувиар өндөр, нийт импортын дүн 251 сая тонн байгаа нь өнгөрсөн жилийн эхний есөн сарын гүйцэтгэлтэй харьцуулахад 9.5 хувиар өссөн байгаа юм. 

Сара Люгийн урьдчилсан төсөөллөөр Хятадын нүүрсний импорт нь арванхоёрдугаар сар хүртэл хүчтэй унах боловч өмнөх жилийнхээс өндөр хэвээр байна гэжээ. 
Тэрбээр мөн “Квот тогтоосон боомтуудад нэмэлт квот олгосноос үзэхэд ямартай ч импортыг хумих бодлого нь хүлээж байсан шиг хатуу биш байна. Импортын нүүрсэнд хийж буй гаалийн хяналт шалгалт удаан байх боловч импортыг зогсоохгүй. Тиймээс 2019 оны нүүрсний импортын хатуу төлөвлөгөө биелэх магадлал багатай гэж үзэж байгаа бөгөөд бүтэн жилийн импортын хэмжээ 300 сая тонноос давж, магадгүй 320 сая тонн хүрэх боломжтой байна." гэдгийг тэрбээр дурдсан байна.  

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine