Компани

Оюутолгойн борлуулалт сүүлийн улиралд 30 хувиар буурчээ

"Оюу толгой" ХХК-ийн энэ оны гуравдугаар улиралд боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар өссөн боловч олборлосон зэсийн хэмжээ 28.4 мянган тонн байсан нь 2018 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 27.8 хувиар бага дүн юм. 

Мөн олборлосон алтны хэмжээ 25607 унци байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 66.8 хувиар бага байна. 

Хүдэр дэх зэсийн агууламж 0.37 болж буурчээ

"2019 оны эхний гурван улирлын байдлаар олборлосон нийт баяжмал дахь зэс 113.4 мянган тонн, баяжмал дахь алт 230 мянган унци байгаа бөгөөд энэ нь төлөвлөгөөний дагуу явагдаж байна" хэмээн "Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес хэллээ. 

Гарц муудсан нь ил уурхайн агуулга багатай хэсэгт олборлох болсонтой холбоотой бөгөөд үүнээс гадна энэ сард хийхээр төлөвлөж байсан баяжуулах үйлдвэрийн засварын ажлыг есдүгээр сард хийж гүйцэтгэсэнтэй холбоотойгоор тээрэмдсэн хүдрийн хэмжээ өмнөх улирлаас 3.4 хувиар буурсан байна. 

Хүдэр дэх зэсийн агууламж хоёрдугаар улиралд 0.46 хувь байсан бол гуравдугаар улиралд 0.37 хувь болжээ. Мөн алтны агуулга 0.31-0.14 г/т болж буурсан аж.

Гуравдугаар улиралд тус компанийн борлуулсан баяжмалын хэмжээ 157 мянган тонн байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 21 мянган тонн, энэ оны хоёрдугаар улирлынхаас 68 мянган тонноор бага юм. Энэ оны эхний есөн сарын байдлаар нийт 567.3 мянган тонн баяжмал борлуулсан бол Монгол Улсад төлсөн татварын хэмжээ 653 тэрбум төгрөг хүрсэн гэсэн мэдээллийг тус компанийн санхүүгийн хэлтсээс өглөө. 

Гүний уурхайн бүтээн байгуулалтын тухайд геотехникийн хагарлын улмаас эрсдэл үүсэхээр байгаа тул уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн харах шаардлагатай болсон. Үүнээс үүсэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол хараахан гараагүй байна. 

Тайланг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр тус компанийн аюулгүй ажиллагаа, худалдан авалт, байгаль орчны төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийн талаар танилцууллаа. "Оюу толгой" ХХК-ийн 200000 хүн цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.18 байгаа нь бага буюу сайн үзүүлэлт гэдгийг Армандо Торрес онцлон тэмдэглэсэн юм. Энэ нь сард дунджаар 2.6 гэмтэл бэртэл бүртгэгддэг болохыг илэрхийлж буй аж. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine