Үйл явдал - Хөрөнгө оруулалт

Эдийн засгийн өсөлт дэх хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байна

Монгол Улс өнөөдөр олон улсад авлигын ил тод байдлаар 93, өрсөлдөх чадвараар 102, инновацийн индексээр 53 дугаар байрт жагсаж байна. Нэг ёсондоо олон улсын судалгааны байгууллагууд манай улсыг “Найдваргүй, хөрөнгө оруулалтын орчин сул” гэдэг үнэлгээг аль хэдийнэ өгчихсөн. Тэгвэл “Хөрөнгө оруулалтын орчин-Тогтвортой байдал” олон улсын бага хурал өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж байна.

Эдийн засгийн бүтцийг аваад үзэхээр хөрөнгө оруулалт ерөнхийдөө буураад эхэлсэн. Энэ үед лиценз цуцлах зэрэг шийдвэрүүд гаргаж байгаа нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна.

Худалдааны маргаан, эдийн засгийн удаашралаас хамаарч манай экспортын голлох эрдэс бүтээгдэхүүний үнэ ирэх жилүүдэд буурах төсөөллийг ихэнх судалгааны байгууллага гаргаад байгаа юм. Экспортын голлох түүхий эдийн үнийн уналт нь улсын хэмжээнд 2020-2024 онд төлөгдөх 14.4 тэрбум ам.долларын гадаад өрийн төлбөртэй давхацсан тохиолдолд эдийн засгийг бүхэлд нь эрсдэлд оруулж болзошгүй талаар судлаачид анхааруулж байна. Иймд эдийн засгийн үүсэж болзошгүй дээрх сорилтод эртнээс бэлэн байж, одоо байгаа өсөлтөө хадгалахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Дээрх асуудлыг хэлэлцэж, гарц шийдэл хайх зорилгоор Олон улсын санхүүгийн корпораци болон Үндэсний хөгжлийн газар, Монголбанк хамтран уг бага хурлыг зохион байгуулж байна. 

Хурлын үеэр Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн Дэд сайд Х.Булгантуяа, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх асан Н.Энхбаяр нар оролцож санал бодлоо илэрхийлэв. Эдийн засагч Н.Энхбаяр “Оны эцсээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн нэрлэсэн үнээрээ 14 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Гэвч олон улсад манай улсын нэр хүнд тийм ч сайн биш байгаа нь санаа зовоож байна. Хөрөнгө оруулалтын хуулиар гадаад, дотоод хөрөнгө оруулагчид адилхан эрхтэй байдаг. Гэтэл хэрэгжүүлэх явцдаа ялгаа гардаг. Гадаадын хөрөнгө оруулагчид хамтарсан компани байгуулахдаа заавал 100.000 ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийх ёстой гэдэг заалт бий. Манай төрийн захиргааны байгууллагууд дүрэм журмаа хэрэгжүүлэхдээ хуульдаа нийцсэн байдлаар анхаарч ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол олон улсын байгууллагуудаас гаргаж байгаа судалгаа бидний бодит байдлыг илэрхийлээд хөрөнгө оруулалтын орчинг таагүй болгоод байна” гэсэн юм. 


Д.Ган-Очир: Популист амлалт, улстөржсөн мэдэгдэл хөгжлийн том хөрөнгө оруулалтыг үргээх эрсдэлтэй 

“Хөрөнгө оруулалтын орчин: Сорилт ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Бодит болон санхүүгийн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын үр өгөөж” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт татахын тулд бизнесийн таатай орчин бий болгох тухай ярьж байна. Гэтэл уул уурхайн салбарын лицензүүд цуцлагдаад эхэлсэн шүү дээ. Энэ нь хөрөнгө оруулалтын орчинд хэрхэн нөлөөлөх вэ? 

-Үйлчилгээ, боловсруулах үйлдвэр, санхүүгийн салбарууд дээр хөрөнгө оруулалт хийхэд илүү үр дүнтэй байхаар байна. Төв банк лиценз цуцалж байгаа асуудал дээр гурван зүйлийг харж байгаа. Эдийн засгийн ирээдүйн төлөвийг харахаар гадаад валютын нөөцийг өсгөх, эх үүсвэрийг бий болгох шаардлагатай. Гэтэл алт тушаалт өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар доогуур явж байна. Мөнгөн дүнгээрээ өнгөрсөн жилээс 250-300 сая ам.доллараар бага байх эрсдэлтэй. Манай уул уурхайн салбарыг гол хөрөнгө оруулагчид сонирхдог. Гэтэл дотоодын хөрөнгө оруулагчдын лицензийг цуцлаад байх нь сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна. Эдийн засгийн бүтцийг аваад үзэхээр хөрөнгө оруулалт ерөнхийдөө буураад эхэлсэн. Энэ үед лиценз цуцлах зэрэг шийдвэрүүд гаргаж байгаа нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна. Гэхдээ хөрөнгө оруулалт, лицензийн асуудал Засгийн газрын өөрийнх нь шийвэр. 

-Ийм үед Мөнгөний бодлогоо яаж хэрэгжүүлэх вэ?

-Эдийн засгийн өсөлт дэх хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байна. Эдийн засгийн өсөлт, инфляцын төсөөллүүдэд оруулаад тооцохоор лиценз цуцлах байдал үргэлжилбэл эдийн засаг ямар байх вэ гэдгээ тооцсон. Мөнгөний бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгээ тооцоод явж байна.  

-Таны илтгэлийн гол санаа юу байсан бэ? 

-Үндсэн дөрвөн санааг өгч байгаа. Эхнийх нь гадаадын шууд хөрөнгө оруулалт гарцаагүй хөрөнгийн эх үүсвэр. Тиймээс популист амлалт, улстөржсөн мэдэгдэл хөгжлийн том хөрөнгө оруулалтыг үргээх эрсдэлтэй шүү гэдгийг сануулсан. 2012 онд улс төрийн хувьд мега төслүүдтэйгээ маргаан үүсгэсэн. Энэ нь эдийн засгийн хүндрэлийг шууд бий болгосон. Миний хийсэн судалгаагаар эдийн засгийн мөчлөгийн 20 нэгж хувь нь дангаараа гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой. Тэгэхээр эдийн засгийн тогтвортой өсөлт ярьж байгаа бол яалт ч үгүй гадаад хөрөнгө оруулалтын орох урсгалын тогтвортой байдал, түүнийг даллан дуудсан бодлого гарцаагүй юм байна гэдэг дүгнэлт гарч байгаа юм. Гуравдугаарт, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхээрээ дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөөд үйлдвэрлэлээ дэмжээд байгаа боловч яг монгол өрхөд өгч байгаа үр өгөөж харьцангуй бага байна. Тиймээс мэдлэгийг шингээсэн, технологийг нь авч үлддэг, компаниудын засаглалыг сайжруулдаг гэсэн олон зүйлийг авч үлдэхэд бодлого зайлшгүй чухал. 


Хурлын төгсгөлд Монгол Улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн орчин, тулгарч буй сорилтууд, Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодит алхамууд, Эдийн засгийн өрсөлдөх чадвар болон төрөлжилтөд хөрөнгө оруулалтын үзүүлэх нөлөө гэсэн гурван чиглэлээр хэлэлцэж, зөвлөмж гаргах юм байна. Хэлэлцүүлгийн явцад гарсан саналд үндэслэн хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах бодлогын нэгдсэн зөвлөмжийг хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын төлөөллөөс гаргах ажээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine