Эдийн засаг - Редакцын зурвас

10 жилийн ой, 20 жилийн балаг...

2019  |  September  |  022

8, 9, 10 дугаар сар... Монголын уул уурхайн салбарын магадгүй хамгийн халуун өдрүүд өнгөрч байгаа болов уу. Онцлох үйл явдлууд ар араасаа хөвөрч байгаагаас хамгийн таатай нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний 10 жилийн ой юм. Энэ бол Монголын уул уурхай, эдийн засгийн салбарт зайлшгүй онцлох ёстой үйл явдал. Эдийн засгийн хямралд автсан Монголын Засгийн газар олон жил дуншсан Оюутолгойн гэрээг байгуулсан нь олон талаараа Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлснийг тоо баримтууд хангалттай гэрчилнэ. Харамсалтай нь, энэ цаг мөчид Оюутолгой төсөлтэй холбоотой төрийн шийдвэр гаргаж байсан өндөр албан тушаалтнууд “зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл байгуулсан...” хэргээр шүүхийн хаалга татаж байна. Арван жилийн турш популист улс төрчдийн амны зугаа, амьдралынх нь утга учир болж ирсэн Оюутолгой төсөл ээлжит сорилттойгоо нүүр тулж байгаа бөгөөд дахиад багадаа 50 жил ийм л замаар явах нь бас тодорхой биз. Төслийн хувь нийлүүлэгчид хэн хэнийхээ эрх ашгийг дээдэлж, тулгарсан бэрхшээлээ хамтдаа даван туулах нь юу юунаас илүү чухал юм. 

Энэ цаг үетэй давхцаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл уул уурхайн салбарт балаг тарьж болзошгүй болов. УИХ-ын Ажлын хэсгээс анхлан танилцуулсан төсөл дэх байгалийн баялагтай холбоотой заалт явцын дунд танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөн өргөжлөө. Нөгөө л популист улс төрчид байгалийн баялгийн үр өгөөжийг ард олонд шударга, хүртээмжтэй хуваарилах төрийн үндсэн үүргээ биелүүлээгүйн буруугаа Үндсэн хуульд нааж байх юм. Стратегийн ордыг ашиглахдаа түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно... гэсэн утга бүхий заалт нь энэ хэвээр батлагдвал ирэх 20 жилд уул уурхайн салбарт том балаг тарьж магадгүйг салбарынхан шүүмжилж байна. Үндсэн хуульд ингэж баталбал дахиад 20 жил өөрчлөх аргагүй болох юм... Тиймээс ч УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах дээрээ тулбал энэхүү заалтыг эргэн харах зайлшгүй шаардлагатай болж байна.

Засгийн газрын ирэх сонгуульд зориулсан популист шийдвэрүүд уул уурхайн салбарыг онилж байна. Хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах аян нь хэсэгтээ үргэлжлэх бололтой. Аяны ээлжит золиос нь Гацууртын орд. Сүүлийн 10 жилд УИХ, Засгийн газрын Гацууртын ордыг ашиглахтай холбоотой гаргаж байсан тогтоол шийдвэрүүдийг энэ Засгийн газар урчихаад Гацууртын ордын лицензийг цуцална хэмээн омогдоно. Хууль эрхзүйт төрийн эрүүл ухаанаар гаргасан шийдвэр биш гэдэг нь нэгэнт ойлгомжтой тул үүнийг олон нийтэд таалагдах гэсэн популизм гэж үзэхээс өөр аргагүй юм...

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/01

Зохиомол хямрал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine