Бодлого - Үндсэн хууль

“Стратегийн орд” Үндсэн хуульд залрах нь

Asia Mining Magazine, 2019  |  September  |  022

Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоол 2019 оны есдүгээр сарын 11-ний өдөр батлагдлаа. Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд байгалийн баялагтай холбоотой 6.2 дахь заалт ихээхэн өөрчлөгдсөн байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан байдаг.

6.2 дахь заалтыг өөрчилснөөр гарах үр дагаврыг тооцсон судалгаа аль ч төсөлд байгаагүй

Харин УИХ-ын нэр бүхий 62 гишүүн гарын үсэг зурж өргөн барьсан төсөлд “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэдэг өгүүлбэр нэмсэн юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төрийн өмч гэдгийг нийтийн өмч болгож өөрчлөөд байгалийн баялагтай холбоотой уртаас урт өгүүлбэрийг нэмсэн. Эцэстээ ард нийтийн санал асуулга явуулахын өмнөхөн доорх байдлаар өөрчлөгджээ. 


Монгол Улсын Үндсэн хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 

1. Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг:
“2.  Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. 
Байгалийн баялаг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. 
Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. 
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан байна. 


Өөрчлөн найруулагдсан тус заалт энэ чигээр батлагдвал ихээхэн сөрөг үр дагавар дагуулж болзошгүйг уул уурхайн салбарынхан төдийгүй эдийн засагчид хөндөж байна. Төр өмчтэй байж болох ч нийтийн өмч рүү халдсан, түүний дээр өөрийгөө “малгай” болгож тавьсан нь шинэ гажуудлыг бий болгож болзошгүй гэдгийг эдийн засагч С.Дэмбэрэл онцолж байна. 

Үүнээс гадна салбарын мэргэжилтнүүд, хуульчдын хэлэлцүүлгээр огт хөндөгдөж байгаагүй өгүүлбэр УИХ-ын хэлэлцүүлгийн хоёрдугаар шатанд гэнэт орж ирсэн нь “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэдэг өгүүлбэр юм. Эхний хэлэлцүүлгүүдэд огт дурдагдаагүй байснаа ард нийтийн санал асуулга явагдахаас өмнө гэнэт гараад ирчихсэн нь энэ. Хэрэв 2019 оны аравдугаар сарын 30,31-нд ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн уг төсөл дэмжигдвэл дээрх өгүүлбэр нь уул уурхайн салбар гэлтгүй Монголын эдийн засагт маш сөргөөр нөлөөлөх эрсдэл өндөр юм. Энэ талаар эдийн засагч Ч.Отгочулуу “Стратегийн орд гэдэг өгүүлбэр анхнаасаа байхгүй байж байгаад гэнэт гараад ирсэн. Үүнийг эдийн засагчид, уул уурхайн салбарынхан анзааралгүй өнгөрч мэдэхээр байна. Энэ нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг боомилох эрсдэлтэй. Харин ард түмэнд таалагдах талаасаа байж болох талтай” гэсэн юм. 

Ашигт малтмалын тухай хуульд 2007 онд суусан стратегийн орд гэдэг нэр томъёо, ойлголт ийнхүү Үндсэн хуульд тусахаар болж байна. Стратегийн орд гэдэг ангиллаас татгалзаж, стратегийн бүтээгдэхүүн гэж томъёолох нь илүү оновчтой, зөв юм хэмээн эрдэс баялгийн салбарынхан ихээхэн шүүмжилдэг. Хэрэв Ашигт малтмалын тухай хуульд томоохон өөрчлөлт оруулах бол энэхүү нэр томъёог юун түрүүнд өөрчлөхгүй бол олон тооны сөрөг үр дагавар дагуулж байгааг салбарын мэргэжилтнүүд зөвлөж, шүүмжилж ирсэн байдаг. 

Үүнээс гадна “... стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар бий болгоно” гэсэн өгүүлбэр ч тодорхойгүй байдал үүсгэж, хөрөнгө оруулагчдыг үргээх хэрэгсэл болж магадгүй байна. 

Уг нь өөрчилж буй зүйлийнхээ үр дагавар, хүрээ хязгаарыг бүхэлд нь урьдчилан харж чадаагүй тохиолдолд оролдохгүй байх нь хамгийн зөв шийдвэр байж болно. Дээрээс нь одоо байгаа 6.2 дахь заалтыг яг ямар шалтгаанаар өөрчилж, ямар үр дүн хүлээж байгааг нотолсон мэргэжлийн тооцоо судалгаа УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн төслийн алинд ч байгаагүй. Гадаад зах зээлийн тодорхойгүй байдал нэмэгдэж, дотоодын улс төрийн тогтворгүй байдал давамгайлж байгаа энэ цаг мөчид байгалийн баялаг, ашигт малтмалын салбарын бодлогыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дэх ганц заалт орвонгоор нь өөрчилж болзошгүй юм.

Гэхдээ Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд 2019 оны есдүгээр сарын 20-нд хориг тавьсан. Тус хоригийг УИХ хүлээж авах, эсэхээс олон зүйл шалтгаалахаар байна. Хэрэв хоригийг хүлээн авбал төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх юм. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine