Зах зээл - Ган

БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл Монгол руу ойртож байна

Asia Mining Magazine, 2019 | August | 021

 

БНХАУ-ын үйлдвэрлэл хийгээд эдийн засгийн өсөлтийн цөм болсон хотуудад утааны эсрэг хязгаарлалт урьд өмнө байгаагүй урт хугацаанд үргэлжилж байна. Урин цаг ирсэн ч урд хөршийн засаг захиргаа утаа үйлдвэрлэгчдийг тайван орхисонгүй. Аж үйлдвэрийн гол хотуудынхаа байгаль орчны хяналтыг наймдугаар сар хүртэл үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн өсөлтөд “жийрэг” тавьсан. Ялангуяа, сүүлийн 20 жилд БНХАУ-ын үсрэнгүй өсөлтийн зүрх болсон ч утааны голомт болж хувирсан Хэбэй, Хандан, Таншань мужийг байгаль орчны хяналт, үйлдвэрлэлийн хязгаарлалтыг үргэлжлүүлсээр байгаа юм. Ирэх улиралд ч эргэн үргэлжлэхийг орон нутгийн засаг захиргаа мэдэгдээд байна.

Олон жилийн турш хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хойно үлддэг байсан хойд бүс нутаг ийнхүү өсөлтийн төв цэг болж магадгүй байна

Зарим салбарын үйлдвэрлэгчдийг хавчсан энэ бодлого бол урд хөршийн ирэх онд эцэслэх 13 дахь таван жилийн төлөвлөгөөний нэг хэсэг юм. Сүүлийн 30 жил эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн хойноос хөөцөлдсөн БНХАУ байгаль орчны үлэмж доройтол, бохирдолтой нүүр тулж эхэлсэн тул бодлогын жанжин шугамаа эрс өөрчилж, одоогоос дөрвөн жилийн өмнө тогтвортой хөгжлийг онилсон нийгэм, эдийн засгийн төлөвлөгөө боловсруулсан. Уг төлөвлөгөөний цөм нь агаарын бохирдлыг бууруулах байсан тул утаа үйлдвэрлэгч хэн бүхнийг өршөөлгүй татан буулгахаа Хятадын удирдагчид мэдэгдсэн юм. Энэ дагуу үйлдвэрлэгчдийн экологийн стандартыг чангатгаж, ган, цемент зэрэг 21 үйлдвэрлэлийг хамарсан хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж буй. Сүүлийн гурван жилд гэхэд гангийн 90 сая тоннтой тэнцэх хэмжээний хүчин чадалтай үйлдвэрүүдийг хаажээ.
БНХАУ ийнхүү байгаль орчны төлөөх манлайллаараа дэлхий нийтийг гайхашруулж, үүдээ хаасан үйлдвэрийн тоо нэмэгдсээр байгаа ч тус улсын гангийн үйлдвэрлэл буурсангүй. Харин ч өсөлтийн эрчээ хадгалсаар байна. Зөвхөн 2018 онд тус улсын түүхий гангийн гарц 928 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өссөн гэж Дэлхийн гангийн холбоо мэдээлэв. Энэ оны эцэс гэхэд уг дүн 2-3 хувиар өсөж, 947-956 сая тоннд хүрэх төлөвтэй. Зөвхөн эхний хагас жилийн байдлаар Хятадын түүхий гангийн үйлдвэрлэл 10 хувиар дээшилж, 87.5 сая тоннд хүрээд байна.

Гангийн гол орц болох төмрийн хүдрийн импорт энэ оны эхний хагаст 5.9 хувиар өсөж, 499 сая тоннд хүрснийг Хятад улсын гаалийн байгууллагын мэдээлэлд дурджээ. Хэдийгээр импорт зургадугаар сард буурсан ч үүнд БНХАУ-ын эрэлтээс илүү гол импортлогчид болох Бразил, Австралийн нийлүүлэлт нөлөөлсөн байна. Тэгвэл Хятадын коксжих нүүрсний импорт дөрөвдүгээр сард гурван сая тонноор өсөж, 25 сая тоннд хүрсэн байна. Жилийн өсөлт нь 7.4 сая тонноор хэмжигдэж байна. Харин нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэлх нийт дүн нэгтгэвэл 99.9 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.2 сая тонноор өсчээ.Австралийн Засгийн газрын холбогдох яамны тооцоогоор урд хөршийн нүүрсний импорт 2019 онд ялимгүй буурч, 2020 онд тогтворжих төлөвтэй. Урд хөрш гангийн үйлдвэрүүдээ хавчиж, хүчин чадлыг хумьсаар байхад яагаад гангийн гарц өсөж, түүний түүхий эд болох төмрийн хүдэр болон коксжих нүүрсний импорт өссөөр байна вэ.

Утаа үйлдвэрлэгчдийг чиглэсэн урд хөршийн хатуурхал үнэндээ аж үйлдвэрлэлийн гол бүсүүдийг дайрч байна. Өнгөрсөн зууны сүүлчээс энэ зууны эхэн хүртэл, газар зүйн байрлалын давуу тал болох далайн тээврээр дамжуулан аж үйлдвэрлэлийг эрчтэй хөгжүүлсэн бүс нутгууд өдгөө Хятадын эрх баригчдын хязгаарлалтад хамгийн их өртөж буй юм. Тухайлбал, урд хөршийн гангийн үйлдвэрлэлийн дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг Хэбэй мужийн гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг өнгөрсөн онд гэхэд 12.3 сая тонноор бууруулсан байна. 2025 он гэхэд мужийн үйлдвэрлэл 40 сая тонноор буурах төлөвтэй. Учир нь Хятадын хамгийн их утаатай 10 хотын зургаа нь Хэбэй мужийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа. Урд хөршийн бодлого Бээжин болон бусад хотын агаарын бохирдлын үүсвэр болж буй үйлдвэрлэлийн түшиц мужуудыг хамарч байгаа нь энэ.
Гэхдээ БНХАУ-ын удирдлагууд улсын хөгжлийн гагнаас болдог гангийн үйлдвэрлэлээ утаанаас болоод унагах болов уу. Дэлхийн нийлүүлэлтийн тэн хагасыг залгидаг энэ улсад ган бол эдийн засгийн амин чухал салбарын нэг. Тиймээс утааг бууруулахын зэрэгцээ гангийн үйлдвэрлэлээ тогтвортой хадгалах буюу аль алиныг аварч үлдэх бодлого хэрэгжүүлэхээр Хятадын Засгийн газар толгойгоо гашилгаж байна.

Ялангуяа, урд хөршийн макро эдийн засаг өнгөрсөн улиралд 6.2 хувиар өссөн нь таамаглалаас тааруу дүн болж, урд хөршийн удирдагчдыг улам санаа зовоход хүргээд байна. Энэ хэмнэлээр удааширсаар байвал тус улс эдийн засгаа дэмжих арга хэмжээгээ илүү эрчимжүүлэхээс өөр аргагүй. Үүний нэг гарц нь дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хөдөлгөж, эдийн засгийн идэвхжилтийг хангах юм. Утаагаа бууруулах гээд эдийн засгаа унагачихгүйн тулд үйлдвэрлэлийн уян хатан бодлого явуулахаас өөр аргагүйд хүрсэн нь энэ.

Тиймээс урд хөршийн үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн байршлаа өөрчилж, өмнөөс төв болон хойд зүгийг чиглэж байна. Аж үйлдвэр хөгжөөгүй баруун хойд бүс нутгуудыг чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулах болсон. Хэдийгээр өнөө маргаашдаа том өөрчлөлт харагдахгүй байгаа ч төрийн бодлого хэрэгжиж эхэлсний илрэлүүд бий.
Тухайлбал, БНХАУ-ын зүүн өмнөд бүсэд үйл ажиллагаагаа төвлөрүүлж байсан Fujian Sangang групп тус улсын баруун бүсийг зорьж эхлээд байна. Тус групп БНХАУ-ын баруун хойд мужийн Шинжаан мужийн Laiwu Steel компанийн эзэмшдэг үйлдвэрийн 1.22 сая тонн төмөр, 1.35 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадлыг 1.81 тэрбум юаниар (260.71 сая доллар) худалдан авахаар болсон байна. Тэгвэл Хэбэйд үйл ажиллагаа явуулж байсан Tangshan Jinma Steel Өвөр Монголын Улаанхад хотод байрлах гангийн үйлдвэрлэлийн сууринд 12.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Барилгын ажил нь ирэх онд эхлэх төслийн хүчин чадал гурван сая тонн.

Энэ бүс нь ирээдүйн хөрөнгө оруулалтын зурваст тооцогдож буй төдийгүй урд хөршийн гангийн үйлдвэрлэлийн өөрчлөлтийн нэг хэсэг болж байгаа юм. Үүнээс үүдэн хойд бүс нутгийн гангийн үйлдвэрлэл хөдөлж эхлээд байна. Мөн Өвөр Монголын North Heavy Industries групп нь Энэтхэгийн зэвэрдэггүй ган үйлдвэрлэгч компанитай 24.8 сая юань буюу 3.57 сая долларын өртөг бүхий экспортын гэрээ байгуулжээ. Олон жилийн турш хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хойно үлддэг байсан хойд бүс нутаг ийнхүү өсөлтийн төв цэг болж магадгүй байна. Энэ хэрээр нүүрс, төмрийн хүдрийн зах зээл Монголын экспортлогчдод бага ч гэсэн эерэгээр тусах магадлалтай байна



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine