Компани - Хөрөнгө оруулалт

Хөндий төсөлд ЕСБХБ-наас 5 сая ам.долларын зээл олгоно

"Эрдэнэ Ресурс Девелопмент" компани таван сая ам.долларын хөрвөх зээлийг Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас авахаар болжээ. 

Европын сэргээн босголт хөгжлийн банк Монголд нийт 104 төсөлд 1.7 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийжээ

Тус компани найман сая канад долларын зээл олгох хүсэлт тавьсны хариуд Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 6.6 сая канад доллартай тэнцэх санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн байна. Энэхүү зээлээр компани “Хөндий” алтны төслийн ТЭЗҮ, Инженерийн зураг төслийг хийхэд зарцуулах юм байна. 

“Бид Монгол улс дахь хамгийн том гадаадын хѳрѳнгѳ оруулагчдын нэг ЕСБХБ-тай хамтран ажиллах болсондоо таатай байна. Энэхүү хѳрѳнгѳ оруулалт нь Хѳндий алтны тѳслийн эдийн засгийн боломж, мѳн манай байгаль орчны болон нийгмийн хариуцлагын хѳтѳлбѳрүүдийн стандартыг баталгаажуулсан явдал боллоо. Санхүүжилтийг Хѳндий алтны тѳслийг олборлолтын үе шатанд бэлтгэх, хайгуул болон хѳрѳнгѳ оруулалтаар дамжуулан нѳѳцийн хэмжээг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.” хэмээн “Эрдэнэ Ресурс Девелопмент”-ийн Гүйцэтгэх захирал Петер Акерли ярьжээ. 

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Байгалийн нөөцийн захирал Эрик Расмуссен энэ үйл явдлын талаар “Эрдэнэ Ресурс нь тухайн бүс нутагтаа олон жилийн турш хариуцлагатай үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд энэхүү үнэ цэнтэй байгалийн нөөцийг бүх оролцогч талын тэргүүний ашиг сонирхолд нийцтэйгээр хөгжүүлнэ хэмээн амлаж буйд нь бидний зүгээс талархалтай хандаж байна.” хэмээжээ.

Хөрвөх зээлийн нөхцөлийн тухайд Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас компанид таван сая ам.долларын санхүүжилт олгох боломжтойгоо илэрхийлсэн бөгөөд эхний ээлжинд 2.5 сая ам.долларыг олгох аж. Үлдэж буй 2.5 сая ам.долларыг нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 45 хоногийн дараа тодорхой шаардлага хангагдсан тохиолдолд "Эрдэнэ Ресурс"-ын хүсэлтээр олгох аж. 

Тус компани нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монголын баруун өмнөд хэсэгт алтны өндөр агууламж бүхий хэд хэдэн нөөц илрүүлсэн бөгөөд Баян Хөндий, Алтан нар төслүүдийг 100 хувь эзэмшиж буй. Хөндий алтны төсөл нь эдгээр нөөцийн нэгдэл юм. 

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хувьд Монголын хувийн хэвшлийн салбар болон дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажилладаг. Тус банк 2006 оноос хойш 104 төсөлд 1.7 тэрбум гаруй еврогийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний 54 хувь нь уул уурхайн төслүүдэд олгогдсон байна. 

 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine