Эдийн засаг

Дэлхийн банк: Монголын эдийн засгийн өсөлт эерэг хэвээр байна

Дэлхийн банк Монгол болон бүс нутгийн эдийн засгийн тайланг хагас жилд нэг удаа танилцуулдаг уламжлалтай. Тус тайланд Зүүн Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөв болон бусад гол үзүүлэлтийн талаарх дүн шинжилгээ, бодлогын зөвлөмжүүд багтдаг. Энэ оны эхний хагас жилийн тайлангийн талаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев болон эдийн засагч Эндрю Мэйсон, Б.Даваадалай нар мэдээлэл өгөв.  

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2018 онд 6.3 хувь байсан бол энэ онд 5.8, 2020 онд 5.7 болж саарах төлөвтэй байгаа бөгөөд үүнийг ихэнх орнуудын экспорт болон аж үйлдвэрийн салбарын идэвхжил саарч байгаатай холбон тайлбарлаж байна. Дэлхийн банк энэ удаагийн тайлангаа “Өсөн нэмэгдэж буй эрсдэлийг даван туулах нь” гэж гарчиглажээ. АНУ, Хятадын хоорондын худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалан дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал үүсэж, экспорт, хөрөнгө оруулалтын идэвхжил саарч байгааг онцолсон байна. Тэр дундаа Хятадын эрэлт саарч, бүс нутгийн эдийн засгийн дархлааг шалгасан үйл явдал болж байна гэдгийг Дэлхийн банк тодотгов.

Харин Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт 2018 онд 6.8 хувь байсан бол энэ оны эхний хагас жилд 7.3 хувьд хүрээд байна. Оны сүүл гэхэд эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай байх болов уу гэдгийг эдийн засагч Б.Даваадалай онцлов. Ийнхүү эдийн засаг тогтвортой өсөхөд уул уурхайн салбарын гүйцэтгэл сайн байснаас гадна нүүрсний экспортын хэмжээ өссөн, хувийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн хөгжлийн түнш байгууллагуудын 5.5 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэгийн хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүгийн дэмжлэг үргэлжилсэн нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлд эергээр нөлөөлснийг тодотголоо. Үүний зэрэгцээ макро эдийн засаг, тэр дундаа төсвийн менежмент оновчтой байсан, бүтцийн шинжтэй бодлогууд үргэлжлэн хэрэгжиж байгаа нь багагүй хувь нэмэр оруулсан. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөв богино болон дунд хугацаанд эерэг хэвээр байна гэж Дэлхийн банк үзжээ.

Гэсэн хэдий ч улс төрийн тодорхой бус байдал нэмэгдэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, хил дээр гарч болзошгүй эрсдэлүүд, мега төслүүдийн хэрэгжилт болон банкны салбарын шинэчлэлүүд удаашрах зэрэг эрсдэлүүд байгааг анхааруулж байна.   

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев “Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа учраас түүхий эдийн зах зээлийн үнэ буурах төлөвтэй байна. Гэхдээ зэсийн үнэ 2023 онд эргээд сэргэх байх гэсэн хүлээлттэй байгаа. Тиймээс Монголын Засгийн газар орон зайгаа мэдэрч бодлогоо боловсруулах хэрэгтэй. Түүнчлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж буй нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сааруулах сөрөг нөлөөтэй. Уг нь уул уурхайн салбарт төрийн дарамтыг зөв төвшинд хангах, хэтийдсэн шийдвэр гаргахгүй байх нь чухал. Энэ салбарт тэгш боломж чухал болов уу” гэсэн юм. Түүнчлэн Дэлхийн банк Монгол Улсын өрх гэрийн хувийн хэрэгцээ өссөн ч ядуурлын төвшин төдийлөн буурахгүй байна. Цаашлаад иргэдийн 25 хувь нь ядууралд өртөх эрсдэлтэй гэдгийг сануулав.

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine