Түүхий эд - уран

Квийнсланд ураны салбар дахь 10 тэрбумын боломжоо алдав

Австралийн Квийнсланд муж ураны олборлолтыг хориглосноороо байгалийн баялаг, эрчим хүчний салбараас олох байсан олон тэрбум долларын боломжоо алдлаа гэж Квийнсландын Эрдэс баялгийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Иан Макфарлане хэлжээ. Квийнсландын Эрдэс баялгийн зөвлөлийн мэдээлснээр тус мужийн ураны тогтоогдсон нөөц сүүлийн тооцоогоор 10 тэрбум ам.доллараар үнэлэгдэх аж. Макфарланийн хэлснээр орон нутгийн нийгэм эдийн засгийн хувьд үнэ цэнтэй “жинхэнэ утгаараа тэрбум тэрбум долларын баялаг дээр Квийнсланд сууж байна”.

Бодит байдалд, ураныг эдийн засгийн өгөөжтэй, тогтвортойгоор олборлох боломжтой тухай Макфарлане Австралийн цөмийн энергийн урьдач нөхцөлийн талаар Төлөөлөгчдийн танхимд танилцуулах үеэр тайлбарласан юм. Ураны хайгуул өссөнөөр шинэ ордуудыг нээн илрүүлдэг бол “Уран олборлохыг хориглосноор бид бүс нутгийн ажил эрхлэлт, хөрөнгө оруулалт болон роялти татвараас татгалзаж байна” гэж Макфарлане өгүүлжээ. 

“Ураны нөөц нь ердөө нэг төрлийн экспортын чухал бүтээгдэхүүн төдий бус, хаягдал багатай эрчим хүчний талбарт өөрийн байр суурийг эзэлдэг” гэдгийг тэрбээр сануулав. Олон улсын эрчим хүчний агентлагийн тайлан болон “BP Energy Outlook 2019” тайлангуудыг Макфарлане иш татаж, дэлхийн цөмийн эрчим хүч 2040 он хүртэл жил бүр 2.3-7 хувиар өсөхөөр байгаа гэв. 

Тэрбээр мөн Квийнсландын ураны төслүүд нь бусад эрдэс баялгийн төслүүдийн адил байгаль орчны стандарыг өндөр түвшинд сахин мөрдөхийг баталж байна гэжээ. “Квийнсланд ураны үйлдвэрлэлийг тогтвортой хөгжлийн замаар хөгжүүлж чадна. Шүүмжлэхээс урьд урт хугацаанд ураны экспортын болон эрчим хүч үйлдвэрлэлийн урт хугацааны боломжуудыг тооцон үзэх хэрэгтэй.” хэмээн тэрбээр ярьжээ. 

Квийнсландад ураны олборлолтыг 2015 онд Пласчукийн тэргүүлсэн Засгийн газрын шийдвэрээр хориглосон юм. Үүнээс өмнө нь 1989, 2012 онд тус тус хориглож байжээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/08

Монголоос битгий гараач ...

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine