Түүхий эд - Коксжих нүүрс

Монголын коксжих нүүрсний экспорт 30.9 сая тонн хүрнэ

Тавантолгойн ордын нүүрсний экспорт энэ оны эхийн найман сарын байдлаар 13.8 сая тоннд хүрсэн бөгөөд наймдугаар сарын экспорт 2.5 сая тонн байсан нь өмнөх сарынхаас 45.3 хувиар өссөн дүн болохыг БНХАУ-ын гаалийн бүртгэсэн тоон мэдээллээс харагдаж байна. 

Эрэлт тэлэх боломж хязгаарлагдмал байгаа учир ирэх жил өсөлт удаашрах магадлалтай

Мөн эхний найман сард БНХАУ-руу хийсэн коксжих нүүрсний нийт экспорт 23 сая тонн хүрсэн аж. Энэ нь биет хэмжээгээр БНАХУ-ын Австралиас импортолсон 23.08 сая тоннтой харьцуулахад ялимгүй бага дүн болж байна. 2018 онд Австралийн 27.5 сая тоннтой харьцуулахад Монгол Улс 27.69 саян тонн коксжих нүүрс БНХАУ-руу экспортолсноор тус улсын хамгийн том нийлүүлэгч болсон юм. 

"Монголоос худалдан авах коксжих нүүрсний хэмжээ 30.9 сая тонн хүрэх боломжтой бөгөөд эрэлт тэлэх боломж хязгаарлагдмал байгаа учир ирэх жил өсөлт удаашрах магадлалтай" гэж "Fenwei Energy Information Services"-ийн ерөнхийлөгч Чанг Ейжүн хэлжээ. 

Түүхий гангийн 970 сая тонн болон ширэмний 800 сая тонн төлөвлөгдсөн гарц байгаа нь өмнөх жилийнхээс 4.5 болон гурван хувиар өссөн байгаад үндэслэн Хятадын коксжих нүүрсний хэрэглээ жилийн 3.5 хувиар өсөж 2019 онд 544 сая тоннд хүрнэ гэсэн тооцоог тус компани хийсэн байна.

Гэвч Монгол болон Австралийн нүүрсний хооронд үнийн ялгаа их байгаа тул Монголын нүүрсийг угааж, үйлчлүүлэгчдийн шаардлагад нийцсэн байдлаар гүн боловсруулах юм бол Хятадын зах зээлд өрсөлдөх чадвар дээшилнэ гэдгийг Чанг Ейжүн Улаанбаатарт болсон "Дисковер Монголиа" уул уурхай, эрдсийн салбарын уулзалтын үеэр тэмдэглэж байсан юм.

"Fenwei Energy" нь 1998 онд байгуулагдсан бөгөөд Хятадын нүүрсний өртгийн сүлжээг хамарсан хамгийн өргөн цар хүрээтэй мэдээллийн санг боловсруулжээ. Тус компанийн "Fenwei CCI" индексийг Хятадын болон олон улсын компаниуд гэрээ хэлцэл байгуулахдаа өргөн ашигладаг байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/08

Монголоос битгий гараач ...

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine