Үйл явдал - Дисковер Монголиа 2019

“Discover Mongolia”-гийн сонин хачин

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт болоод бодлого чиглэлийг дүгнэдэг “Discover Mongolia” чуулга уулзалт 17 дахь жилдээ болж өнгөрлөө. Тус чуулга уулзалтад арав орчим орны 500 гаруй төлөөлөгч оролцов. Мөн 40 орчим компани үйл ажиллагаагаа таниулах үзэсгэлэн дэлгэсэн юм. Asia Mining Magazine хоёр дахь жилдээ Media Sponsor-оор оролцож байгаа юм.

Энэ жилийн “Discover Mongolia”-д өмнөх жилүүдээ бодвол гадаадын хөрөнгө оруулагч олон ирсэн байлаа. Тэд Монголын уул уурхайн бодлого, боломж, улс төрийн нөхцөл байдлыг ихэд сонирхож байгаа нь илт. Хурлын төгсгөлд Монголын Бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан “Монголд анх удаа ирж байгаа хүн байна уу” гэхэд нэлээд олон хүн гараа өргөж харагдав. Австралийн АМЕР хөтөлбөрийн тэргүүн Кристан Ливермор “Монголын улс төрийн бодлого шийдвэр нь хөрөнгө оруулагчдад мэдээж амаргүй тусч байна. Гэхдээ энэ асуудал Австралид ч байдаг. Уул уурхайн томоохон төслүүд дээр сөрөг хүчнүүд саад хийх тохиолдол их бий. Гэхдээ Австрали уул уурхайд чиглэсэн нэгдсэн бодлого, стандарттай. Монголын уул уурхайн салбарыг ажиглаад байхад энэ тэнд өөр өөрсдийн бодлоготой юм байна. Нэгдсэн нэг стандарт барих хэрэгтэй” гэдгийг онцлов. Ингээд “Discover Mongolia”  чуулга уулзалтад яригдсан шинэ сонин мэдээллээс багцлан хүргэе.

Метан хийн хайгуулд 25 сая ам.долларын санхүүжилт босгожээ

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслөө хөрөнгө оруулагчдад танилцуулав.  

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү өнгөрсөн жилийн "Discover Mongolia" чуулганд яригдаж байсан төсөл, хөтөлбөрүүд өнөөдөр хэрхэн ажил хэрэг болсныг дүгнэлээ. Тэрбээр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн үйл ажиллагаа, цар хүрээ өргөжиж, Засгийн газар, холбогдох байгууллагуудын дэмжлэгтэйгээр стратегийн төсөл хөтөлбөрүүд хөдөлж эхэлсэн. Тухайлбал, метан хийн хайгуулын төсөлд 25 сая ам.доллар босгож чадсан. 

Уг төслийн хувьд хайгуулаа эхлүүлж, өрөмдлөгөө тавьж, үйл ажиллагаа нь жигдэрч байна. Мөн алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл жилийн өмнө яриа төдий байсан бол өнөөдөр ТЭЗҮ-ийг иж бүрнээр нь боловсруулж дууслаа” хэмээв. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бизнесийн салбарт өргөжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар “Монголын Алт” ХХК-тай хамтран “Эрдэнэс Ашид” ХХК, “Бэрэн групп” ХХК-тай хамтран “Эрдэнэс Стийл” ХХК-ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг онцлов.

Мөн эрчим хүчний экспортын “Шивээ Энержи” цогцолбор төсөл нь Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн том оврын цахилгаан станц барьж байгуулж, үйлдвэрлэсэн эрчим хүчийг БНХАУ-д экспортлох цогцолбор төсөл аж. Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд 7.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна. Үүнээс гадна “Эрдэнэс Монгол” ХХК Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслөө хөрөнгө оруулагчдад танилцуулав.  


Хөрөнгө оруулалтын төслүүд:

  • Эрчим хүчний экспортын “Шивээ-Энержи цогцолбор” төсөл

Хэрэгжүүлэгч:         Эрчим хүчний яам, “Эрдэнэс Монгол” ХХК, БНХАУ-ын “Стэйт Грийд” корпораци
Бүтээгдэхүүн:          Эрчим хүч
Төслийн явц:           ТЭЗҮ боловсруулсан
Хөрөнгө оруулалт:  7.1 тэрбум ам.доллар
Хүчин чадал:           5,280 МВт 

  • Кокс, хими, ган төмөрлөгийн цогцолбор төсөл

Хэрэгжүүлэгч:        “Эрдэнэс Стийл” ХХК, “Синостийл” корпораци
Бүтээгдэхүүн:         Кокс, ган
Төслийн явц:          ТЭЗҮ боловсруулсан
Хөрөнгө оруулалт: 320 сая ам.доллар
Хүчин чадал:          500 мян.тн металлургийн кокс
                                300 мян.тн ган

  • Алт цэвэршүүлэх төсөл

Хэрэгжүүлэгч:        “Эрдэнэс Алт ресурс” ХХК
Түүхий эд:               Цэвэршүүлсэн алт
Төслийн явц:          ТЭЗҮ боловсруулсан
Хөрөнгө оруулалт: 74 сая ам.доллар
Хүчин чадал:          55 тонн цэвэршүүлсэн алт
                                25 тонн цэвэршүүлсэн мөнгө

  • Нүүрсний давхаргын метан хийн төсөл

Хэрэгжүүлэгч:           “Эрдэнэс метан” ХХК
Түүхий эд:                  Нүүрсний давхаргын метан хий
Төслийн явц:              Эрэл хайгуул
Төслийн санхүүжилт: Эрэл хайгуулын гэрээг Австрали улсын “Жейд метан” компанитай байгуулав.

  • Асгатын мөнгөний орд

Хэрэгжүүлэгч:        “Эрдэнэс  Монгол” ХХК
Түүхий эд:               Мөнгө, алт, полиметалл
Төслийн явц:          ТЭЗҮ дахин боловсруулах
Хөрөнгө оруулалт: 127 сая ам.доллар
Хүчин чадал:          300-600 мян тонн хүдэр олборлох

  • Салхитын мөнгөний орд

Хэрэгжүүлэгч:        “Эрдэнэс силвер ресурс” ХХК
Түүхий эд:               Алт, мөнгө
Төслийн явц:          ТЭЗҮ боловсруулсан
Хөрөнгө оруулалт: 12.34 сая ам.доллар 
Хүчин чадал:          300 мян.тн хүдэр олборлох


Далайн тээвэр буурсаар байгаа нь Монголд ашиг авчирна

Хятадын коксжих нүүрсний хэрэглээнд гарсан бүтцийн өөрчлөлт нь Монгол Улсад ашигтай хэлбэрээр тусч байгаа. 

БНХАУ-ын “Фэнвэй” компанийн Ерөнхийлөгч Чанг Юү Жин нүүрсний зах зээлийн дүн шинжилгээг танилцуулав. Хятадын нүүрсний хэрэглээ ойрын гурван жилийн хугацаанд тогтвортой байна гэсэн таамаг байгааг онцоллоо. Тэрбээр “БНХАУ-ын байгаль орчныг хамгаалах чиглэлийн бодлоготой холбоотой нэлээд өөрчлөлтүүд гарч байгаа. Хятадын зүүн бүсэд коксжих нүүрсний хэрэглээ 50 орчим сая тонноор багасна. Баруун хойд зүгт коксжих нүүрсний хэрэглээ өсөх хандлагатай байна.

Хятадын коксжих нүүрсний хэрэглээнд гарсан бүтцийн өөрчлөлт нь Монгол Улсад ашигтай хэлбэрээр тусч байгаа. Монголын  нүүрс Хятадын өөр бүс нутгуудад хүрэх боломжтой. Хятадад ирдэг нүүрсний далайн тээвэр буурсаар байгаа нь Монголд ашиг авчирна. Монголын нүүрсний бүтэц харилцан адилгүй өөр өөр байдаг. Тэгэхээр монголчууд нүүрсний давхарга болгон дээр тооцоо хийдэггүй нь алдаа болох магадлалтай” гэсэн юм. Монгол Улс өндөр чанартай коксжих нүүрс олборлон, борлуулдаг тул Хятадын зах зээлд томоохон байр суурь эзлэх боломжтой юм. Хэрэв урд хөрш рүү илчлэг өндөртэй коксжих нүүрс тогтмол нийлүүлж хэвшвэл тэд дэлхийн зах зээлийн ханшаас ч өндөр үнээр худалдан авах боломжтойг Чанг Юү Жин онцлов.

Нүүрсний метан хий олборлох боломж

“Эликсир Энержи” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Нейл Йонг дотоодын зах зээлийг нүүрсний давхаргын метан хийгээр хангах төслөө танилцууллаа. Тус компани нүүрсний давхаргын метан хий олборлохоор Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан бөгөөд энэ оны эцэс, ирэх жилийн эхээр туршилтын олборлолтоо хийхээр төлөвлөжээ. Одоогоор хайгуулын ажлын төлөвлөгөө гаргаж, байршлаа тодорхойлсон байна. Метан хийг шугам хоолойгоор дамжуулан урд хөрш рүү экспортлох зорилттой. Хятад Улс нэлээн хэмжээний газрын тос, байгалийн хий худалдаж авдаг. Хэрэглээ нь 300 орчим хувиар өсөх таамаг ч байдаг бөгөөд нь ОХУ, Мяньмараас 3000 хүртэлх километрийн алсаас хий импортолдог. Метан хийг урт хоолойгоор явуулахад зардал их гардаг болохоор Хятадын зах зээл Монгол Улстай ойр гэдгээрээ давуу талтай. Түүнчлэн метан хийгээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд “Оюутолгой” компанид худалдаж болно гэдгийг Нейл Йонг онцолж байлаа.

2023 онд зэсийн үнэ 7000 ам.долларт хүрнэ

АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан зэсийн үнэд нөлөөлж байгааг Сингапур дахь CRU группийн суурь металлын ерөнхий шинжээч Крэйг Ланг илтгэлийнхээ эхэнд дурьдав. Тэрбээр “Нэг тонн зэсийн ханш 5700 орчим ам.доллар байна. Энэ жил зах зээлд 66 мянган тонн зэсийн хомстол үүснэ. Ирэх 2-3 жилд эрэлт, нийлүүлэлт нь тогтворжиж эхлээд, 2023 онд 200 мянган тонн зэсийн хомстол бий болно гэж таамаглаж байна. Мөн гурван жилийн дараа зэсийн үнэ 7000 ам.доллар болж өсөн, урт хугацаанд хэвээр хадгалагдах болов уу” хэмээн таамаглалаа дэвшүүлсэн.

Зэсийн хэрэглээ нэмэгдэж, үнэ өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг нь цахилгаан автомашины үйлдвэрлэл юм. Хятад улсад автомашин үйлдвэрлэл тэр дундаа цахилгаан автомашины үйлдвэрлэл өсөж байгаа нь зэсийн эрэлтийг дэмжихээр байгаа юм. Мөн Энэтхэг улсын зэсийн хэрэглээ нэмэгдэх магадлалтай байгаа аж.

“Монгол бол эрдэс баялгийн арвин нөөцтэй орон. Хайгуулын төслүүдийн үр дүн сайн байж, “Оюутолгой”-гоос гадна өөр төслүүдээс бүтээгдэхүүн олборлох хэрэгтэй” хэмээн Крэйг Ланг онцолж байв.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine