Үйл явдал

"Discover Mongolia-2019" чуулга уулзалт эхэллээ

Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулах зорилготой "Discover Mongolia-2019" эрдэс баялгийн салбарын чуулга уулзалт Шангри Ла зочид буудалд эхэллээ. Форумыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн үндэсний ассоциаци болон Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.

Форумыг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал "Discover Mongolia форумыг геологи уул уурхайн талаарх бодит мэдээллийг түгээдэг, төр хувийн хэвшлийн хамгийн том түншлэл гэж үзэж байна. Бид нүүрс химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрмэлзэлтэй. Ирэх 20-30 жилд уул уурхай манай эдийн засгийн гол зүтгүүр хэвээр байна. Иймд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ёстой. Эрдэс баялгийн нөөц бололцоог бүрэн ашиглаж, хамтдаа хөгжихийг уриалж байна гэв.

Үүний дараа “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү "Уул уурхайн салбар дахь төр хувийн хэвшлийн түншлэл" сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “Манай компани Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах төсөл, Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл, Зэс хайлуулах үйлдвэрийн төслийг боловсруулан хөрөнгө оруулагчдад танилцуулж байна. Дэд бүтэц, технологидоо хөрөнгө оруулснаар олборлосон эрдсээ шууд худалдах биш нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьж байгаа" гэсэн юм.

Мөн "Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес "Бид гүний уурхайгаа ашиглалтанд оруулах шаардлага байгаа. Гадаад оронд чадалтай мэргэжилтнүүдийг экспортолоод эхэлчихсэн. Бидэнд бодит байдал дээр үр дүнд хүрэх боломж байна" гэв.

Харин "Эрдэнэс Тавантолгой" компанийн дэд захирал Т.Цогтбаяр "Бид нүүрсийг гүн боловсруулах чиглэлээр хөтөлбөр боловсуулсан. Бидэнд 3400 мэргэжилтэн хэрэгтэй. Хими технологийн боловсон хүчин хэрэгтэй. Метан хий олборлох ажлаа эхлүүлсэн байгаа" гэв.

Чуулга уулзалт "Өнгөрсөн жилийн хугацаанд хөрөнгө оруулагчдын хандлага хэрхэн өөрчлөгдөв" сэдвээр үргэлжилнэ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine