Үйл явдал - Төсөв

Зэсийн баяжмалын экспорт буурна гэж тооцжээ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийг УИХ-д өргөн барихтай холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ирэх онд Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх гэнэ.

Энэхүү бодлогын хүрээнд төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгана гэдгийг Сангийн сайд онцоллоо. Ийнхүү ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 11.8 их наяд төгрөг байхаар тооцжээ. Харин нийт зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 13.9 их наяд төгрөг болгосон байна.

Нийт орлогыг задлабал, 82.6 хувийг нь татварын орлогоос, 7.7 хувийг татварын бус орлого, 1.2 хувийг тусламжийн орлого, нэг хувийг Тогтворжуулалтын сан, 7.6 хувийг Ирээдүйн өв сангийн орлогоос бүрдүүлэхээр тооцсон байна.

Эрдэнэтийн металлын 

агууламж болон Оюутолгойн 

баяжмалын гарц буурч байгааг Сангийн сайд онцоллоо

Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай. Улсын төсвийн татварын орлогын дийлэнхийг нь уул уурхайн салбарын орлого эзэлж байдаг. Тэгвэл 2020 онд энэ жилийнхтэй адилхан 42 сая тонн нүүрс экспортолно гэж төсөөлсөн бол 1,400 мянган тонн зэсийн баяжмал, 7,560 мянган тонн төмрийн хүдэр, 21 тонн алт экспортлохоор төсөөлсөн байна.

Харин үнийн тухайд, боловсруулаагүй коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 75 ам.доллар, баяжуулсан коксжих нүүрс 125 ам.доллар, зэс 6340 ам.доллар, төмрийн хүдэр 40 ам.доллар, алт унц нь 1328 ам.доллар байна гэж тооцжээ.

Үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайн гүн доошлох тусам баяжмалын хүдэр дэх металлын агууламж буурч байгаа. Оюутолгойн ил уурхайн баяжмалын гарц буурч байгаатай холбогдуулан зэсийн баяжмалын экспортын хэмжээ буурахаар төсөөлсөн гэдгийг Сангийн сайд онцоллоо.

Тэгвэл бас өөр эрсдлийг өчигдөр Азийн хөгжлийн банкнаас анхааруулсан. Тодруулбал, “Их гүрнүүдийн  хоорондын худалдааны дайны сөрөг нөлөөллөөс болж дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ хэлбэлзэх эрсдэл байна. Энэ нь Монголын гол түүхий эдийн үнэд нөлөөлөх, цаашлаад эдийн засгийн өсөлтийг сааруулах магадлалтай” гэдгийг онцолж байна.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine