Эдийн засаг

Орлого нэмэгдсэн ч төлөвлөгөөнд хүрсэнгүй

2019 | August | 021

Монголын уул уурхайн компаниудын орлого өсөж, улсад төлөх татварын хэмжээ ч нэмэгдэж байна. Эхний долоон сарын байдлаар улсын төсөвт 1.7 их наяд төгрөг эл салбараас татвар, хураамж хэлбэрээр төвлөрсөн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 24 хувиар өссөн дүн юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн эхний долоон сард улсын төсөвт төвлөрүүлсэн орлогоос даруй 360 тэрбум орчим төгрөг илүү төвлөрүүлсэн байна.

Энэхүү өсөлтийг бүтээгдэхүүний нэр төрлөөр задалж үзвэл нүүрс 230.4 тэрбум, зэс 97.9 тэрбум төгрөгийн өсөлт авчирсан нь голлон нөлөөлжээ. Нүүрсний салбараас улсын төсөвт эхний долоон сарын байдлаар 788.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Орлого ийн өсөхөд нүүрсний экспорт нэмэгдсэнээс гадна нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ өссөнтэй холбоотой юм.

Зэсийн баяжмалын хувьд тайлант хугацаанд 867.7 мянган тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.6 мянган тонноор их байгаа бөгөөд экспортын орлого нь 23.8 сая ам.доллараар өсжээ. Худалдааны маргаантай холбоотойгоор зэсийн үнэ сүүлийн таван сарын турш 6000 ам.доллараас доогуур арилжаалагдаж байна. Харин улсын төсөвт зэсийн үнийг 6272 ам.доллараар тооцсон байдаг.Өнгөрсөн оны мөн үед нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.4 ам.доллар байсан бол энэ онд 85.9 ам.доллар болж өсжээ. Чулуун нүүрсний экспорт 2019 оны эхний долоон сард 1.8 тэрбум ам.долларын нийт 20.8 сая тонн нүүрс экспортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 177 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 258 мянган тонноор тус тус ахиу байгаа юм. Гэвч энэ жил улсын хэмжээнд 42 сая тонн чулуун нүүрс экспортлох төлөвлөгөөтэй харьцуулахад хангалтгүй байна гэж дүгнэж болохоор байна.

Төсвийн орлогод мөнгөн дүнгээр илэрхийлсэн өсөлт нь бага боловч хувиар илэрхийлбэл жонш, төмрийн хүдэр өндөр өсөлт үзүүлжээ. Төмрийн хүдрийн салбараас төвлөрсөн орлого 53.8 хувиар өсөж 14.5 тэрбум төгрөг, жоншных 96.9 хувиар өсөж 19 тэрбум төгрөгт хүрсэн байна. Төмрийн хүдрийн экспорт 2019 оны эхний долоон сард 4.8 сая тонн болж, экспортын орлого 311.3 сая ам.долларт хүрч өсжээ. Нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 64.4 ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.6 ам.доллараар өссөнийг илтгэж байна.

Харин алтнаас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 13.8 тэрбум төгрөгөөр буюу 38.2 хувиар буурав. Хэдийгээр энэ онд алтнаас авах АМНАТ-ийн хэмжээ өссөн ч төсөвт төвлөрсөн орлого ийн буурсан нь анхаарал татаж байна. Алтны экспорт тайлант хугацаанд 4.7 тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 тонноор их байна. Үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 51.4 сая ам.доллараар өссөн аж. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үеийнхээс 107 ам.доллараар багасаж 41,998 ам.доллар болжээ.

Газрын тосны салбарт харин төлөвлөгөөний биелэлт бага зэрэг удаашралтай явагдаж байна. Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Гэтэл өнгөрсөн долдугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 4.09 сая баррель газрын тос олборлож, 3.87 саяыг экспортод гаргажээ. Үүнээс улсын төсөвт 134.34 тэрбум төгрөгийн орлого хуримтлаад байгаа нь төлөвлөгөөний биелэлт дөнгөж 40 орчим хувьтай байгааг харуулж байна.

Экспортолсон газрын тосны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 125.2 мянган баррелиар буурсан гэж УУХҮЯ-наас мэдээлсэн. Экспортын хэмжээ бага байгаагаас гадна төсвийн төлөвлөсөн орлого тасалдахад учирч буй өөр нэг эрсдэл нь үнэ болоод байна. Нэг баррель газрын тосны хилийн дундаж үнэ тайлант хугацаанд 65.2 ам.доллараас буурч 56.5 ам.доллар хүрчээ.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine