Бодлого

Татвараа төлж, байгаль орчны шалгалтад бэлдээрэй

2019 | August | 021

Засгийн газар уул уурхайн компаниудыг шалгаж, “но”-той тусгай зөвшөөрлүүдийг цуцлах аянд мордчихлоо. Байгалийн баялгийг олигархиудаас хурааж, ард түмэнд өгнө гэсэн Ерөнхий сайдын мэдэгдэл бодитоор биелж, үр дүнд нь цуцлагдсан лиценз бүхий талбайнууд руу нутгийн иргэд, нинжа нар хувин хүрзээ барин дайрч эхлэв. Иргэд ухах нь байгалийн баялгийг ард түмэн тэгш хүртэж байгаа хэлбэр хэмээн нинжа нарын холбооны тэргүүн гэгч нь бахархалтайгаар ярьж байна. Харин компанийн захирал та таван мянган төгрөгийн татвар дутуу төлсөн, эсвэл байгаль орчин бага ч гэсэн бохирдуулсан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй, дагаж мөрдөөгүй бол байгаль орчин болон татварын байцаагч, мэргэжлийн хяналтын газрын шалгалтад бэлдэж эхлэх нь өлзийтэй болов уу!

Шалгах болсон сэдэл нь Салхитын мөнгөний орд, “Сауд Гоби Коэл Транс”-ын нүүрсний ордын тусгай зөвшөөрлүүдийг цуцалснаас эхлэлтэй гэж болно. Хууль бусаар лиценз авсан, шилжүүлсэн, татвараа төлөөгүй хэмээн дээрх компаниудыг эсэргүүцэж, улмаар Ерөнхий сайд оролцсоноор тусгай зөвшөөрлүүдийг цуцлаад байгаа.

Салхитын мөнгөний ордыг эзэмшигч компани татвараа төлөөгүй үндэслэлээр тусгай зөвшөөрлөө цуцлуулсан бол “Сауд Гоби Коэл Транс” байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс зөвшөөрлөө цуцлуулж байна. Цаашид ч тусгай зөвшөөрлүүд цуцлагдах магадлал өндөр. Аймгийн байгаль орчны улсын байцаагч, Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалт, ааш араншин улам чангарч магадгүй байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар ашигт малтмалын нийт 2945 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас 1684 буюу 57 хувь нь ашиглалтын тусгай зөвшөөрөл, үлдсэн нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Эдгээр тусгай зөвшөөрлийг бүгдийг нь шалгана гэдгээ ч Ерөнхий сайд мэдэгдсэн. Засгийн газар ч ажлын хэсэг байгуулж Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт тавих, хуурамчаар бичиг баримт үйлдсэн, лиценз олгохдоо хууль зөрчсөн байх магадлалыг шалгахаар болсон. Монголын төрийн байгууллагын “даргаас айдаг” соёл үүнд ташуур болох нь ч дамжиггүй.

Ажлын хэсэгт Хууль зүй дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Байгаль орчин аялал жуулчлалын сайд багтаж Шадар сайд ахалж буй. “Шадар сайдын ахалсан Ажлын хэсэг удахгүй уул уурхайн лиценз олголт болон нөхцөл байдалтай танилцаж дүгнэлт гаргана. Хэрвээ лиценз олгох үйл явцад аливаа нэг хууль бус үйлдэл гарсан бол тухайн лиценз цуцлагдана.” хэмээн БОАЖ-ын сайд Ц.Цэрэнбат ярьсан.

Үүнийг уул уурхайн салбарынхан хоёр талтай хүлээж авч байна. Уул уурхайн салбар руу, бизнес эрхлэгчид рүү дайрч байна, сонгууль угтсан популист үйлдэл нь хэрээс хэтэрч байна хэмээн нэг хэсэг нь шүүмжилж байгаа бол зарим нь дэмжиж байгаа. Уул уурхайн салбарт олон жилийн турш бугшсан лицензийн наймаа, хууль бус олборлолт, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг хариуцлагагүй компаниудыг цэгцэлж авах нь зөв хэмээн үзэж байгаа аж. Гэхдээ энэхүү хяналт шалгалтаар хууль ёсны дагуу, хариуцлагатайгаар ажиллаж байгаа компаниудыг хоморголон бизнесийг нь сүйрүүлэх вий гэсэн айдас бий.

Угаас Монгол Улсад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлах хоёрхон үндэслэл бий. Эхнийх нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй, хайгуулын зардлын тогтоосон доод хэмжээнд хөрөнгө зарцуулаагүй тохиолдолд. Удаах нь байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйл буюу байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй тохиолдолд цуцалдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг заавал хийлгэж, дагаж мөрдөх ёстой. Хэрэв дагаж мөрдөөгүй бол энэ нь тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл болох юм.Нийт 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5 дахь заалт юм. Уг заалтад “Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” тохиолдолд АМГТГ тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй юм.

Тусгай зөвшөөрлийг, тэр дундаа нөөц тогтоогдож, олборлолт эхэлсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах нь эрх мэдэлтнүүдийн хувьд уул уурхайн салбарт бугшсан асуудлыг шийдэж буй хамгийн хялбар шийдэл, басхүү олон нийтээс дэмжлэг хүлээх шалгарсан арга. Гэсэн хэдий ч араас нь ямар сөрөг үр дагавар гарахыг тооцоолоогүй, түүнийг хэрхэн зохицуулах шийдлээ олоогүй байгаа нь илт. Архангай аймгийн Цэнхэр суманд “Алтайголд” компанийн алтны ашиглалтын лицензийг цуцалсны дараа нутгийн иргэд тус компани руу дайрч, ажилчдыг нь зодон танхайрч, алтыг нь авах, нүх ухаж байгаа бичлэг цахим орчинд хүчтэй тарж байна. Мөн Гурвантэс сумын иргэн хэмээн өөрийгөө танилцуулж, Тост, Тосон бумбын нурууны хэлэлцүүлэг дээр нутгийг минь битгий ух хэмээн уйлж байсан эр лицензээ цуцлуулсан “Сауд Гоби Коэл Транс”-ын зэргэлдээ шахуу Хүрэн шандын уурхайд ажиллаж байсан нь тодорхой болж, нинжа байсан бичлэг нь цацагдав.

Энэ мэтчилэн Ерөнхий сайдын олон нийтээс оноо авах гэсэн оролдлого араасаа төсөөлөөгүй үр дагаврууд дагуулж байна. Цаашид хэрхэн өрнөхийг хэн ч хэлж мэдэхгүй юм. Төрийн зөвшөөрлөөр хувийн компанийн хамгаалалтад байсан орд газар, тусгай зөвшөөрөл бүхий талбай эзэнгүй болсны дараа юу болдгийг бид одоо сайн мэддэг болсон. Налайхын уурхайгаас эхлээд Гацууртын орд хүртэл нөөц нь тогтоогдсон ордыг хараа хяналтгүй орхивол юу болдог жишээ хангалттай бий. Хамгийн сүүлд Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг цуцлах гэнэ гэсэн хуурамч мэдээллээр Ноён уул орчмыг хэдэн зуун нинжа хэрхэн сүйтгэж орхисныг бүгд л харсан. Хараа хяналтгүй, албан ёсны тусгай зөвшөөрөл эзэмшигчгүй бол ямар ч газар нинжа нарын гараар сүйддэг нь зүй ёсны үзэгдэл юм. “Баялгийг ард түмэнд нь” гэсэн бодлого барьж байгаа бол үүнд бас ард түмнээс нь хамгаалах ч багтана гэдгийг Монголын төр мэдэж л байгаа гэж найдна.

Уг нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6.1-д “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг төрийн өмч мөн бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр ашиглахаас бусад тохиолдолд халдашгүй байна”хэмээн заасан байдаг. Хэрэв Цэнхэр суманд гарч байгаа шиг хэрэг явдалд Засгийн газар ямар нэг хариу арга хэмжээ авахгүй бол цуцалсан тусгай зөвшөөрөл бүхий талбай болгон руу нинжа нар дайрч, байгаль орчныг улам сүйтгэх нь тодорхой байна.

Хэрвээ Засгийн газар сонгуулийн санал “цуглуулахыг” эрмэлзэж байгаа бол гар аргаар хууль зөрчин олборлогчдын асуудлыг хөндөж сөхөхийг хүсэхгүй байх. Харин төрийн бодлого хэрэгжүүлж байгаа бол тун ч хамаатай болох ёстой.

 


Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Газрын баялгаас авахуулаад төрийн баялгийг уландаа гишгэж ард түмнийг доромжилдог, эрх мэдлээ ашиглаж байгалийн баялгийг хууль бусаар олборлож байгаа нөхдүүдтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Би шударгаар бизнес хийж байгаа, баялаг бүтээж байгаа бизнес эрхлэгчдээ хэлээгүй байна. Харин хууль бусаар Монголын ард түмний баялгийг хулгайлж авсан олигархуудын тухай ярьж байгааг ялгаж салгаж ойлгоорой.

Төрд төмөр нударга байдаг гэдгийг харуулах хэрэгтэй. Энэ асуудал дээр төрийн хуулийг зөрчсөн ямар ч олигархиуд бөхийдөг гэдгийг харуулах хэрэгтэй байна. Улс орон гэж байдаг бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой. Эх орноо хамгаалах ёстой. Шаардлагатай гэвэл цэрэг, цагдаагаа хөдөлгөе. Цэрэг, арми газар нутгаа очиж хамгаалаг. Хамгаалалтад авъя. Яах гэж бид цэрэг тэжээдэг юм. Эх орноо хамгаалах гэж. Тэгвэл хэдэн тонуулч нар ухаад дууслаа. Ө.Энхтүвшин даргаар ахлуулсан дөрвөн сайдтай Ажлын хэсэг гарсан. Монгол Улсад олгогдсон бүх ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг эргэн шалгана.


УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

Тост, тосон бумбын нуруунд авсан арга хэмжээ зөвхөн нэг хүнд, нэг аж ахуй нэгжид зориулсан арга хэмжээ биш. Бүхэлд нь оруулж байгаа юм. Аймгийн Засаг дарга байж байгаад өөрөө лиценз авсан гэх мэтчилэн тэнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниудын асуудлыг судалж, хариуцлага тооцно. Авах гэж байгаа бол авсан шиг авах хэрэгтэй. У.Хүрэлсүх даргын Засгийн газар байгуулагдаад хууль бусаар олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэх, түүнтэй тэмцэж ирсний үр дүнд олон зүйл цэгцэрч байна. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа хууль дүрмийн хүрээнд, Монгол Улсын язгуур эрх ашгийг эрхэмлэж, орон нутаг болон Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа бүрэн дэмжээд явна.


БОАЖ-ын сайд Ц.Цэрэнбат:

2018 оны хоёрдугаар сард хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай албан бичгийг 202 аж ахуйн нэгжид хүргүүлсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасанчлан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлэх, үүрэг хариуцлагаа биелүүлэх бөгөөд хууль бус аливаа аливаа үйлдэлд хатуу хариуцлага тооцохыг мэдэгдсэн албан бичиг.

Тухайн аж ахуйн нэгж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулсан бол хуулийн дагуу гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа. Гэсэн ч байгаль орчинд учирсан хохирлоо барагдуулахаар зарим аж ахуйн нэгжийн байгаль орчны эсрэг хийсэн гэмт хэргийг нь шалгаж, хохирлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргаж, хуулийн дагуу хандана.

“Саусгоби Сэндс”-ийн лицензүүд цуцлагдав

Ашигт малтмал, газрын тосны газраас наймдугаар сарын 21-нд Архангай аймаг болон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Тэр дундаа Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах нүүрсний ордууд үүнд хамаарна.

“Сауд Гоби Коэл Транс” компанийн ашиглалтын хоёр тусгай зөвшөөрлийг цуцалсан шалтгаан нь Тост, Тосон бумбын байгалийн цогцолбор газрын хилийн маргаантай холбоотой юм. Өмнөговь аймгийн ИТХ-ын 2012 онд баталсан “Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай” 66 дугаар тогтоолд заагдсан хилийн бүсэд тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай багтсан байжээ. Харин Засгийн газар 2017 оны гуравдугаар сард баталсан 91 дүгээр тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоохдоо лицез бүхий талбайг гаргаж тогтоосон хэмээн орон нутгийн удирдлага, иргэд, ТББ-ууд эсэргүүцсэн байдаг.

“Сауд Гоби Коэл Транс”-ын тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа Засгийн газар Тост, Тосон бумбын нурууны хилийн заагийг өргөтгөж, нэмж 153.4 мянган га талбайг улсын тусгай хамгаалалтад авсан. Энэ нь анх БАОАЯ, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнтэй 2016 онд хийсэн судалгааны тайланд үндэслэн Тост, Тосон бумбын хилийн заагийг тогтоохоор Засгийн газарт оруулсан саналаар хилийн заагийг шинэчилж тогтоосон гэсэн үг. Шинэчлэгдсэн хилийн заагт ганцхан “Сауд Гоби Коэл Транс” компанийн цуцлагдсан тусгай зөвшөөрөл бүхий хоёр талбай багтаж байгааг зургаас тодорхой харж болно.

Тост, Тосон бумбын байгалийн цогцолбор газрын хилийн зааг нь Монголын нүүрсний экспортын томоохон сав газрын нэг Нарийнсухайтын бүлэг ордтой залгаж байна. Энэхүү ордод МАК, “Чинхуа МАК Нарийн сухайт”, “Өсөх Зоос”, “Саусгоби Сэндс” зэрэг томоохон компани үйл ажиллагаа явуулдаг. Монголын нүүрсний экспортын 30-40 хувийг уг сав газраас нийлүүлдэг юм.

Харин хилийн заагт ороогүй “Саусгоби Сэндс”, “ЕАИ”, “Хайрхан толгой коал”, “Өмнийн говийн баялаг”, “Нитросибир Азиа”, “Монгол чадал интернэшнл энержи” зэрэг компанийн нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Зарим нь сүүлийн 3-10 сарын дотор ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан компани ч байгаа юм. “Саусгоби Сэндс” компанийн хувьд Өмнөговь аймагт эзэмшдэг нүүрсний зургаан тусгай зөвшөөрлийн гурав нь ийн цуцлагдлаа. Гэвч эдгээр лицензийг цуцалсан үндэслэлээ Байгаль орчин, аялал жуулчлалын яам олон нийтэд тодорхой тайлбарлаагүй байсаар.

Энэ асуудалд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар байр сууриа илэрхийлэхдээ “зөвхөн нэг хүнд, нэг аж ахуй нэгжид зориулсан арга хэмжээ биш” гэдгийг онцлоод “Одоо үйл ажиллагаа явуулж байгаа хууль дүрмийн хүрээнд, Монгол Улсын язгуур эрх ашгийг эрхэмлэж, орон нутаг болон Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа бүрэн дэмжээд явна.” хэмээн тодотгосон. Хэрэв энэ нь төрийн хариуцлагатай мэдэгдэл мөн бол лицензүүдийг цуцалсан тухайгаа сүржин мэдэгдэхийн зэрэгцээ үндэслэл, тайлбарыг бүрэн гүйцэт хийж, сайн муугийн заагийг тодорхой болгохгүй бол уул уурхайн бизнес эрхэлсэн бүхэн олигархи гэсэн ойлголтыг Ерөнхий сайд өөрийн мэдэгдлээрээ нийгэмд түгээчихээд байна.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine