image

Редакцийн зурвас

Зохиомол хямрал

Монголын улс төрчид уул уурхайн салбар руу үргэлж нулимж байдаг. Улс оронд татвар, валютын орлого авчирч байгаа өөдтэйхэн яваа ганц салбараа тэд үгийн муухайгаар хэлж, өнгөний муухайгаар будсаар ирсэн нь үнэн. 

Өнгөрсөн гурван жил дэлхийн эдийн засаг нэн тааламжтай байсны хишгийг Монгол Улс хангалттай хүртлээ. Нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд тогтвортой өндөр байж, Монголын экспорт өссөнөөр эдийн засаг, бизнес амжилттай тэлж байна. Гэлээ ч гадаад зах зээлийн тааламжтай нөхцөл, Монголын уул уурхайн компаниудын чармайн байж бий болгосон орлогыг Монголын улс төрчид шүлсээ үсчүүлэн популизм хийхдээ “сурмаг” ашигладаг болоод удаж байна. Ялангуяа УИХ-ын сонгуулийн жил бэлэн мөнгө тараадаг уламжлал тогтчихсон байсныг энэ удаагийн эрх баригчид ч давтах нь тэр.

Тэтгэврийн зээл тэглэх 800 гаруй тэрбум төгрөг, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгийн 200 тэрбумыг тооцвол энэ жил байгалийн баялгийн нэг их наядын орлогоор монголчууд “сонгуульдах” нь. Хишиг хүртэх нь сайхан ч хэдхэн сарын дараа халааснаасаа буцааж төлдөг нь бас үнэн. 2012, 2016 оны сонгуулийн өмнө тараасан бэлэн мөнгө эдийн засагт, тэр дундаа иргэн бүрийн орлогын баталгаа болж байдаг төгрөгийн ханшийг навс унагаж байв. Тодорхой тоо баримтыг бид хөндөж байна. 2012 онд өнөөх л “Эрдэнэс Тавантолгой”-н олж ирсэн мөнгийг Эрдэнэтийн татварын урьдчилгаатай нийлүүлээд сонгуулийн өмнө хэдэн зуун тэрбум төгрөг тараасан. Үр дүнд нь сонгуулийн дараах гурван сард төгрөгийн ханш 6.1 хувиар унаж, нэг ам.доллар 1400 төгрөгт хүрч өсөж байв. 2016 онд ч мөн ялгаагүй сонгуулийн өмнө тараасан 500 гаруй тэрбум төгрөгийн “ачаар” сонгуулиас хойших зургаан сард төгрөгийн ханш 28.4 хувиар суларч, нэг ам.доллар 2489 төгрөг болж өсөж байжээ. Тэгвэл энэ жил, тэр дундаа сонгуулиас хойших зургаан сард төгрөгийн ханш хэрхэн унаж, та бидний орлого хэдэн хувиар татрахыг тааж ядах юмгүй.

Коронавирусийн нөлөө дэлхийн эдийн засгийг ганхуулахад хүргэж болзошгүй байна. Хоёрдугаар сарын сүүл гэхэд аажуу тайван байсан Америк, Европ коронавирусийн тархалтад сандарч эхэлсэн бол аахилж, сандарч явсан Хятад амьсгаа авахтайгаа болж байна. Томоохон эдийн засгийн жолоодогчид коронавирусийн хор хохирлыг бууруулах, хямралд унахгүйн тулд хэдэн арван тэрбум ам.долларыг бизнесээ дэмжихэд зарцуулах талаар эхнээсээ яригдаж байна. Нэгэнт халдвар хумигдахгүй байх аваас эдийн засгийн хямрал руу дэлхий нийтээрээ орох нь тодорхой энэ үед Монгол Улс дэлхийн хямралаас сэргийлэхийн оронд популизмын ээлжит хямралаа өөрсдөө зохиогоод сууж байна. 

Агуулга

  • Популизм

    Уул уурхайн орлогыг уралдаж сарвайдаг популистууд

    2010 оноос хойш нийтдээ уул уурхайн салбараас олсон 4 орчим их наяд төгрөгийг ямар нэг байдлаар иргэдэд тараагаад байна.

    Хуудас 28

  • Татвар

    Топ 20 компани 2.46 их наядын татвар төлжээ

    Топ 20 компанийг зэсийн баяжмал үйлдвэрлэлийн хоёр компани тэргүүлж байгаа бол 10 нь нүүрсний компани байна.

    Хуудас 32

  • Бодлого

    Монголчууд анх удаа байгалийн баялгаас хувь хүртэхээр боллоо

    “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жил нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байгаа билээ.

    Хуудас 34

  • Стратегийн орд

    Оюу толгой мөчлөгийн зааг дээр

    “Оюу толгой” компани өөрийн хөрөнгөөр цахилгаан станц барих хувилбар дахиад зогсоход гайхах зүйлгүй

    Хуудас 36

  • Зах зээл

    Корона вирус дэлхийн эдийн засгийн бодит аюул

    Хятадын эдийн засгийн өсөлт нь 5.5 хувь хүртэл буурах эрсдэлтэй байна

    Хуудас 38

  • Эксперт

    Корона вирусийн эрсдэл эрдсийн ханшийг “чангааж” байна

    Вирусийн тархалт хэдий чинээ үргэлжилнэ түүхий эдийн зах зээлд мэдрэгдэх нөлөөлөл төдий чинээ их байх болно.

    Хуудас 42

  • Хайгуул

    Ашигт малтмалын хайгуулын зардал гурван хувиар буурав

    “S&P Global Market Intelligence” дэлхийн хайгуулын чиг хандлагын судалгаагаа танилцууллаа.

    Хуудас 44

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Б.Батманлай

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

С.Болд-Эрдэнэ

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine